Зурхайч Д.Батцэнгэл: “Асуултгүй” үздэг хүн надаас өөр байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Олноо “Асуултгүй Цэнгэл” хэмээн нэрлэгдсэн зурхайч Д.Батцэнгэлтэй цөөн хором уулзаж ярилцав. Сонирхлын үүднээс өөрийгөө болон хамт очсон зурагчин, сэтгүүлчээ ч “асуултгүй” үзүүлээд авлаа. Ямартай ч, бид 3-ыг “асуултгүй” үзэж хэлсэн зүйлс нь бараг л таарч байх шиг санагдсаныг нуух юун.


-       Хүмүүс өөрийг тань “Асуултгүй Цэнгэл” гэж нэрлээд байгаа. Ямар учраас ийм нэр хүртэх болов?

-       Би 1990 оноос өмнө зурхайн чиглэлээр ажиллаж эхэлсэн. “Асуултгүй” гэдгийн хувьд бол, ер нь “үздэг, хардаг” хүмүүс байгалиасаа ямар нэгэн өвөрмөц мэдрэмжтэй байж, хүмүүсийг мэдэрч ойлгосны үндсэн дээр тэдний тухай хэлж өгдөг. Дуучин хүмүүст байгалиас төрмөл уянгалаг хоолой заяадагтай адил гэсэн үг. Тэд төрөлхийн сайхан дуу хоолойгоороо дууг амилуулж, хүмүүсийн зүрх сэтгэлийг хөглөн уяраадаг. Зарим үзмэрч зоос, чулуу татах замаар, туулж өнгөрүүлсэн амьдралыг нь өөрөөр нь яриулсны дараа үзэж харах тохиолдол байдаг. Харин би бол тэгдэггүй. Тухайн хүний овог, нэр байхад хангалттай. Хүний нэр бас их учир утга агуулж байдаг.

-       Ер нь амьдрал дээр ажиглаж байхад, хэн нэгэн зовлон зүдгүүрт учирсан хүн үзмэрч зурхайч дээр очоод, эхлээд тэр тухайгаа түрүүлж ярьдаг. Тэгээд дараа нь учир шалтгаан, засал номоо асуудаг. Энэ талаар өөрөө ямар бодолтой явдаг вэ?

-       Монголчууд бол “Нар заяатай ард түмэн” гэдгийг би бүр 1990 оноос өмнө хэлж байсан. Нар заяатай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр, бид Тэнгэр заяатай гэж их ярьдаг. Харин одоо бол Тэнгэрийн дээр байдаг Нарыг шүтэх цаг ирчихээд байгаа. Нар бол хүний зүрх сэтгэлийг хөглөдөг. Тэнгэр бол бидний тархи толгойг хөглөж чадахгүй. Эхийн хэвлийгээс хүн хорвоод анх мэндлэхэд Тэнгэр биш, Гэрэл гэгээ түүнийг хүлээж авдаг. Харин хүн таалал төгсчихөөр гэрэл гэгээг мэдрэхээ больж, зүрх сэтгэлгүй болон дуусч байна гэсэн үг. Иймд амьд байх хугацаандаа нарны гэрэл гэгээг зүрх сэтгэлээрээ дамжуулан мэдэрч, эх орон, эцэг эхээ чин сэтгэлээсээ хайрлаж явах хэрэгтэй юм. Нар таны зүрх рүү гийж, зүрх тань мөн нар руу тэмүүлэн буй харилцан таталцлыг холбож буй гол хүч нь бидний өвөг дээдэс маань гэж боддог.  Бид өөрсдийн мах, цус, яс, ген бүхий л зүйлсээ өвөг дээдсээсээ уламжлан авч ирсэн. Монголчууд өвөг дээдсээсээ нарыг зүрх сэтгэлдээ хүлээн авч буйгаа энерги авах гэж нэрлээд байгаа. Ер нь хайр, эрхчөлөө, амь амьдрал, аз жаргал гээд бүхий л сайхан зүйлсийг бид нараар дамжуулан зүрхэндээ хүлээн авдаг.

-       Хамгийн их Нар буюу Гэрэл гэгээ хаана байдаг вэ?

-       Байгаль дээр. Өндөр уулсын орой дээр гараад, нүдээ аниад, гараа алдалж дэлгээд байгалийн бүхий л цэвэр тунгалаг агаар, нарны гэрэл гэгээг зүрх  сэтгэлээрээ нэвт мэдрэх үед тухайн хүний дотор агуулагдаж байсан хэрүүл, дэв бузар, атаа жөтөө, хар муу энерги цэвэрлэгдэнэ. Ингээд уулан дээрээс буугаад ирэх үед дуу хоолой цээлсэн, алхаа гишгээ цэгцтэй болж, илт өөр мэдрэмж төрдөг. Бид нүдээ анин нарыг бүүвэйлж бясалгаж буй мэт боловч зүрх сэтгэлдээ өвөг дээдсээ дээдлэн бүүвэйлж байна гэсэн үг юм.

-       “Асуултгүй Цэнгэл” маань аль нутгийн хүн юм бол оо хэмээн уншигчид сонирхож магадгүй. Ер нь танай удамд зурхайч, үзмэрч байсан уу?

-       Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас гаралтай. Наран ургах зүүн зүгийн хүн дээ. Манай эцгийн талын удмынхан наран шүтлэгтэй хүмүүс байсан. Нарнаас эрчим хүчийг авснаар зүрх сэтгэлээ олж, эрүүл мэндээ зүрх сэтгэлдээ хадгалаад, хайр халамж, сэтгэл зүрхээ эх орон, эцэг эхдээ зориулдаг удмынхан гэх үү дээ. Чингис хаан ч наран ургах зүгт мэндлэн, нарнаас эрч хүч энергиэ авч байснаар дэлхийн талыг байлдан дагуулах хэмжээний хүчирхэг баатар болсон нь гарцаагүй. Хүмүүс харин зүрх сэтгэлээ хаяснаар өнөөдөр эх орон, газар шороо, ард түмнээ үл тоох байдалтай болчихож.

-       Монголын ирээдүйг урьдчилан зөгнөх боломжтой юу?  Одоогийн улстөрийн нөхцөл байдлын талаар өөрт тань ямар нэгэн төсөөлөл байна уу?

-       Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал нь бүгдийн дээр НАМ заларсантай холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, манай оронд чухлын эрэмбэ дараалал алдагдсан байна. Уг нь хамгийн эхэнд ЭХ ОРОН байх ёстой. Өнөөдөр Намаас илүү чухал зүйл бол Эх орны асуудлууд. Дараа нь эрэмбийн дагуу Ард түмэн, Төрийн асуудлууд орж ирнэ. Ард түмэн бол Төрийн дээр эрэмблэгдэх ёстой гэж би боддог. Бидний өнөөдөр ингэж ядуу зүдүү амьдраад байгаагийн гол шалтгаан нь зүрх сэтгэлээ гээсэн, гэм нүгэлтэй хүмүүсээр удирдуулж байгаа явдал. Хэрэв зүрх сэтгэл үгүй бол хичнээн өндөр боловсрол эзэмшээд ч нэмэргүй, тэр бол зүгээр л “араатан” юм.

-       Өндөр боловсролтой, маш чадварлаг “араатан” гэсэн үг үү? Тийм хүмүүсээр удирдуулж байгаа нь ард түмэн бидний буруу сонголтын уршиг биш үү?

-       Бид буруу хүмүүсээр толгойгоо мэдүүлж байгаа учраас өнөөдөр дээшээ ч гарч чадахгүй, дорой байдалтай амьдарч байна. Нийгмийн тогтолцоо, боловсролын систем ч үүнд сөргөөр нөлөөлж байгаа. Хүүхдүүдэд эх орон, эцэг эх, өөрийгөө хайрлах тухай системтэй боловсрол олгохгүй байна. Тархины боловсролд л хэт анхаараад байхаас бус, зүрх сэтгэлийн боловсролыг нь орхигдуулаад байна. Өөрөөр хэлбэл, баахан зүрх сэтгэлгүй, боловсролтой “араатнууд” бэлтгэж байна гэсэн үг.

-       Бөө нарын талаар ямархуу бодолтой явдаг вэ? Өнөөдөр бараг л айл бүхэнд нэг бөө байх жишээний.

-       Энэ талаар нэг их дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Бөө ч бай, зурхайч ч байсан бүгд л хүмүүсийн төлөө гэсэн нэгэн эрхэм зорилготой байж таарна. Тиймээс бөө бол ийм, тийм гэж ярих нь илүүц болов уу. Үндэсний уламжлалт зан үйл гэдэг утгаар нь хүндэтгэлтэй ханддаг.


-       Өөрийн тань үзмэрч болох чадвар хэдийд анх илэрсэн бэ?

-       Би 1987 оноос эхлэн энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. 1990-ээд оны үед Дархан, Эрдэнэт, Сэлэнгээр “тайлбаргүй үзмэрч” хэмээн явж байлаа. Тэгээд дараа нь “Асуултгүй Цэнгэл” гэх нэртэй болсон доо. Одоогоор Монголд ингэж асуултгүй “үзэж харж” байгаа хүн надаас өөр бараг байхгүй болов уу.

-       Энэ чиглэлээрээ ямар нэгэн сургалт, дамжаанд хамрагдаж байсан уу?

-       Ер нь, би Бурхан халдун, Өндөрхаан, Шилийн богд, Алтан-Овоо, Алтайн нуруу зэрэг хайрхан  уулсынхаа оргил дээр гарч, нарнаас энергээ авдаг. Мөн өвөг дээдэс, ард түмнээсээ суралцсан. Өвөг дээдэс маань Нараа дээдэл хэмээн сургамжилсан байдаг. Өндөр уулын оргил дээр гараад, гараа алдлах нь нум сумыг эвшээлгэн татаж буйтай мөн чанар адил юм. Энэ үед толгой тархинд байсан муу муухай зүйлс амьсгалаар цэвэршин хөөгдөж, зүрх сэтгэл онгойдог. Зүрх сэтгэл бол агааржуулагч мэт хүний толгой тархин доторх хамаг л муу муухай зүйлсийг цэвэрлэж чаддаг. Зүрх сэтгэлээ дагаж яваа хүн сайн сайхан амьдрах боломжтой.

-       Хүний дотор муу юм шүглэх гэж ярьдаг. Энэ талаар сонирхуулбал?

-       Монголчуудын эртнээс уламжилж ирсэн зан үйл бол байгаль дэлхий, нартай холбоотой байдаг. Мөн эх орон, эцэг эх, ахмад настнаа хүндлэх талаар эртний сайхан уламжлалтай ард түмэн. Харин өнөөдөр бид энэхүү уламжлал ёсоо умартаж байгаагаас зүрх сэтгэлд хайр үгүй болж, хамаг муу муухай бүхний уг үндэс болж байна. Хүн байгаль дэлхийгээс холдон, суурин амьдралд тэмүүлэх тусмаа гэрэл гэгээнээс алсарч, зүрх сэтгэлийн хайр дундарч байгаа гэхэд хилсдэхгүй. Нартай, байгаль дэлхийтэйгээ ойрхон сүжрэн амьдарч буй хүний зүрхэн дотор хайр ундарч байдаг нь гарцаагүй.

-       Хүн өөрт тань үзүүлэхээр ирэх үед юу мэдрэгддэг вэ?

-       Тухайн хүний зүрх сэтгэлд хайр, амар амгалан байна уу, үгүй юу гэдгийг мэдэрснээр би “асуултгүй” хэлж чаддаг. Ер нь, хүнээс гэрэл гэгээг мэдэрч чаддаг гэх үү дээ. Хүний зовлон бол тухайн хүний тархи толгойн дотор л үүсэн бий болдог. Иймээс л хүн байгальд очин тархиа амраах зайлшгүй шаардлагатай юм. Хүний толгой доторх муу муухай зүйлс байгалийн нараар бясалгагдан туугдаж, зүрх сэтгэлээр ариусгагддаг. Хүн байгалиас холдоод ирэхээр л алхаа гишгээ алдагдан, гадны хүчинд автаж, саар муу зүйлсийг үйлдэхэд хүргээд байна. Иймд Нар, Байгальтайгаа ойр байж, Эх орон, Эцэг эх, өөрсдийгөө хайрлацгаая гэж уриалья.  Монголчууд аа, та нар минь Нар заяатай ард түмэн шүү!

 

-       Ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Хүмүүний төлөөх үйлс нь ариун дагшин байх болтугай.

 

 

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Top