Нийслэлийн МАН-ын Бага хурлын чимээ хаалга тогшиж, энэ сургаар хотын намын дарга болох хүсэлтэй бүлэг фракцуудын дайн ил далд өрнөж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг дарга С.Батболд чамгүй хүчтэй баг бүрдүүлэн зүтгэж байгаа гэх мэдээллийг өгч байна. Түүний ар талд УИХ-ын дарга М.Энхболд ба түүний нөхөд хүч зузаатгаж байгааг дуулгасан. Тодотгож хэлбэл эртнээс МАН дотор хүчирхэг байсан “хотын фракц” С.Батболдыг дэмжиж ажиллах юм. Тамгаа өгсөн дарга Ц.Сандуй ч энд мөн хамаатай. Харин нөгөө талаас Нийслэлийн Иргэдийн хурлын дарга С.Амарсайхан зүтгэж байгаа бөгөөд түүний ар талд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байгаа гэх.
Ямартай ч урьдчилсан сунгаанд С.Батболд, С.Амарсайхан нар зуузай холбож байгаа бөгөөд хоёр өрсөлдөгчийн ар талд хүчтэй багууд тодроод байгааг бид харж байна. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд хотын МАН-ыг өөрийнхөө хяналтаас гаргах сонирхолгүй байгаа учраас үүрүүдээс сонгогдох төлөөлөгчдийн тал дээр ихээхэн анхаарч байгаа мэдээжийн хэрэг.
Нөгөө талаас зүтгэж байгаа залуусын баг ч ах нарын савраас хотын намыг салгаж авах чин хүсэл байгааг бид улстөрийн өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно. Мэдээллийн эх сурвалжаас харахад нийслэлийн МАН-ын хорооны хуралд 369 төлөөлөгч оролцож, тэдний саналын үр дүнгээр дарга тодорно. Үүнээс 300 төлөөлөгч нь дүүргийн буюу хороодын үүрээс сонгогдож ирэх аж. Харин 69 төлөөлөгч нь квотоор сонгогдох учраас маргаан дэгдээд буй. Энэ тоог Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан ч зарим хүмүүс санал нийлэхгүй байна. Учир нь 69 төлөөлөгчийг квотоор оруулж ирэх нь МАН-ын дүрмийг зөрчиж байгаа бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн багаа бүрдүүлэн хуралд оролцох гэсэн башир арга хэмээн үзсэн байна. Тиймээс намын гишүүд үүр дээрээ өрсөлдөөд хоёр хоёр гишүүдээ сонгох нь зөв гэж үзжээ.
Учир нь нийслэл 152 үүртэй, үүр тус бүрээс хоёр хүн сонгоход зарчмын хувьд зөв, дүрэм зөрчихгүй гэж үзжээ. Мөн нэг асуудал тулгарч байгаа нь УИХ-ын 24, нийслэлийн 34 төлөөлөгч хороод дээр очиж өрсөлдөх учраас жирийн гишүүд төлөөлөгчөөр сонгогдох магадлал багасна гэсэн байр суурийг тал талаас илэрхийлсэн.
Мөнхүү нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, мөнхүү төлөөлөгч Ц.Сандаг-Очир нарын нэрс ч нийслэлийн МАН-ын даргын төлөөх урьдчилсан сунгаанд дуулдаж буй. Нийслэлийн томоохон дүүргийн нэг болох Сонгинохайрхан дүүрэг бол эртнээсээ улстөрийн тэмцэл өрнүүлдэг, намын үүр дотроо хүртэл үймээн дэгдээдэг газар. Тэгэхээр эрхэм хоёр нөхөр өрсөлдөхөөр орж ирвэл С.Батболд, С.Амарсайхан нарын хүчийг тарамдуулах нь дамжигггүй.
С.Амарсайханы хувьд НИТХ-ын даргаар ямар нэг татаасгүй гараад ирсэн гэхэд болно. Учир нь Ц.Сандуй өөрийнхөө хүсэлтээр гэнэтхэн огцрох болж, улмаар дуулиан дундуур өөрийнхөө нэрийг дэвшүүлэн санамсаргүй гэмээр ялалт байгуулчихсан нөхөр.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Ene Amarsaihan l bish shuu. Hurlaa ch hiij chadahgui baij
BATbold hotiin dargiin ajlaa mash muu hiij baigaa!!! namiindarga bishee!!!NAm ireh songuuliig harj baigaa bol uur hyniig songoh heregtei!!!Namd olond tanigdaagyi chadajtai udurdah ajiltnuud olon baigaa!!!BATboldtonguud odoo bolnooo!!!!