Д.Оюунгэрэл: Бид хамгийн өргөн хамрах хүрээтэй сүлжээг байгуулсан

2018 оны 05 сарын 22

Харилцаа холбооны салбарт амьдралынхаа 35 дахь жилээ зориулж яваа арвин түүхтэй нэгэн эмэгтэйг ярилцлагынхаа хойморт урин заллаа.  Тэрээр MNBC олон сувгийн телевизийн Мэдээлэл, техник, технологийн газрын даргаар ажиллаж буй хатагтай Д.Оюунгэрэл юм.

– Эмэгтэй хүн  IT  салбарын техникийн газрын захирал гэхээр надад их онцлог санагдлаа. Таны ажиллаж буй   MNBC-ийн онцлог,  бусдаас ялгарах  давуу тал нь юу вэ гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Манай MNBC нь ямар нэгэн кабель утсаар биш, агаараар телевизийн олон сувгийг цацдаг онцлогтой бөгөөд төв станц нь МҮОНРТ-ийн төв цамхагаас радио долгионоор сувгуудаа цацдаг. Сүүлийн жилүүдэд бид техник технологийн шинэчлэл хөрөнгө оруулалтыг байнга хийснээр Улаанбаатар хотын 97 хувийг бүрэн хамардаг боллоо. Бас нэг зүйлийг хэлэхэд манай ашиглаж буй технологи нь өөрөө алдаа засварын хүчирхэг кодыг ашигладаг ба цас, бороо зэрэг байгалийн үзэгдэлд өртдөггүй найдвартай, тогтвортой үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэгээрээ давуу талуудтай гэж ойлгож болно.

– Танай төхөөрөмжийг ашиглаж Улаанбаатар хотын хаана ч телевизийн олон суваг үзэж болох уу? Зусланд, орон сууцанд ч гэсэн?

– Та зөв асуулт тавилаа. Манай MNBC -г зөвхөн гэр хороололд эсвэл зусландаа үзнэ гэж ойлгож болохгүй.  Хэрэглэгч зусландаа ашиглаж байсан манай төхөөрөмжийг хотод орон сууцандаа ашиглаад телевизийн олон суваг үзэх бүрэн боломжтой ба үйлчилгээг авахын тулд заавал кабель татах, монтаж хийх шаардлагагүй хамгийн өргөн хамрах хүрээтэй сүлжээ юм.

– Харилцаа холбооны салбарын түүхийг бичилцэж яваа эрхэм хүмүүний хувьд таны ажлын гараа хаанаас эхтэй вэ? Мөн таны ажлын арга барил амжилттай яваа нууц нь юу вэ?

– Би Холбооны инженер мэргэжлээр 1983 онд Политехникийн дээд сургууль /одоогоор ШУТИС/-ийг  төгссөн. Төгсөөд ажлын гараагаа Ховд аймагт томилогдон зөвлөлтийн мэрэгжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлж байлаа. Үүнээс хойш Монголын цахилгаан холбоо компанид мэргэжилтэн, хэлтсийн дарга, Радио телевизийн сүлжээний газрын ерөнхий инженер, 2011-2012 онд Радио, телевизийг тоон системд шилжүүлэх ажлын хэсгийн удирдагчаар ажиллаж байгаад 2012 онд MNBC компанид урилгаар ирж ажиллаж эхэлсэн. Харилцаа холбооны салбарт тасралтгүй 35 жил ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийгөө байнга цэнэглэж байх хэрэгтэй, техник технологийн дэвшлээс хоцрохгүй байхыг хичээн ажиллаж ирлээ. Яагаад гэвэл харилцаа холбооны салбарын технологи хурдтай хөгждөг тул өөрийгөө хөгжүүлсэн хүн л энэ салбарт ажиллаж чаддаг. Би харилцаа холбооны энэ олон хөгжлийн үе шатууд дээр ажилласан их азтай хүн гэж боддог. Ер нь мэргэжил маань их сонирхолтой шүү.

OLYMPUS DIGITAL CAMERA

– Та бүх зүрх сэтгэлээ харилцаа холбоонд зориулж яваа хүн байна. Тэр үед энэ үеийг мэдээллийн эрин болно гэдгийг таамаглаа ч үгүй явсан биз. Гэтэл одоо таны эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрийн арвин туршлага яг энэ цаг үетэй нягт холбоотой болсон. Тэгэхээр хэтийн ирээдүйтэй энэ мэргэжлээ Та хэн нэгнээс өвөлж авсан уу. Хэн таныг энэ замд хөтөлж оруулсан бэ?

– Манайд холбооны салбарын хүн байхгүй. Харин нөхөр бид хоёр нэг сургууль төгссөн. Холбооны инженер хүн бий. Үнэндээ би яг холбооны инженер болно гэж бодож байгаагүй. Тухайн үед конкурс өгөөд хамгийн дээд оноотой нь холбооны инженерийн ангийг сонгодог байлаа. 15 оноо хамгийн өндөр оноо байсан юм. Тэгээд л би холбооны хүн болсон доо.

– Тэгвэл та мэргэжлээ хүүхдүүддээ өвлүүлэх юм сан гэж боддог уу?

– Миний хүү аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан. Одоо мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа.

– Энэ удаагийн ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд үлдээе.

– Би яг одоо бахархаж байгаа зүйл буюу өөрийн байгууллагынхаа, технологийнхоо талаар ганцхан зүйл хэлмээр байна. Хамгийн өргөн хамрах хүрээтэй сүлжээг бид байгуулж чадсан. Мэдээллийн энэ эринд Монголын харилцаа холбооны салбарынхаа хөгжлийн төлөө бидэнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа бүх хүмүүст их ажил, амжилтын төлөө хамтдаа зүтгэе гэж хэлмээр байна.

– Та бүхний ажилд амжилт хүсье. Сонирхолтой яриа дэлгэсэнд баярлалаа.


Top