МИАТ хувьд очвол тэд эргээд Төрд ”салаавч” өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш тодорхой үе шаттайгаар өмч хувьчлал явуулснаар өнөөдөр үндэсний олигархиудыг бий болгосон гээд шууд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Төрийн тэргүүнээсээ эхлээд үндэсний үнэт үйлдвэрүүдийг хэд хэдээр авчихсан нөхөд өдгөө Төрийнхөө өөдөөс “салаавч” өгөөд сууж л байна.

Яг энэ цаг мөчид Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит компаниудыг хувьчлах талаар хэлэлцэж байна. Хувьчлах нэрсийн жагсаалтад хамгийн үнэ цэнэтэй нэг зүйл байгаа нь МИАТ. Шуудхан хэлэхэд манай улс далайд гарцгүй улс учраас стратегийн маш чухал ач холбогдолтой, үндэсний эрх ашигт онцгой нөлөөтэй салбар болох МИАТ-ийг либералчлал нэрийн дор дампууруулчих вий гэж санаа зовсон хүмүүс цөөнгүй байгааг анхаарахаас өөр аргагүй.

МИАТ-ыг урьд өмнө хувьчлах асуудал сөхөгдөж байсан ч удаа дараагийн эсэргүүцэлтэй тулгарсаар буй. МИАТ-ийн хувьчлалын ар талд ямар бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байгаа тухай ч хэвлэлүүд дэлгэж байсан нь олонтаа. Бидэнд хувьчилж болох зүйл гэж бий, бас болохгүй зүйл бас бий. Тэгэхээр Төрд авч үлдэх ёстой чухал объект, чухал салбар гэж байх ёстой.

Манай улс нефть импортлогч орон хэдий ч энэ салбараа хувьчлаад юунд хүрэв. Өнөөдөр Төр нь хэдэн нефть импортлогчдоо царайчилж, хэлэлцээрийн ширээний ард удаа дараа сууж байна. Хэрвээ нефтийн салбараа хувьчлаагүй бол Төр өөрийнхөө бодлогыг явуулаад сууж байх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Төр хэдэн импортлогчдын аманд багтаж хүссэн мөнгийг нь ил далд хөнгөлөлттэй зээл нэрээр өгөөд сууж байх жишээтэй. Энэ лугаа адил далайд гарцгүй манай улс МИАТ-ийг хувьд өгвөл хэн нэгэн олигархийн царайг харж суух цаг ирэхийг үгүйсгэх арга алга.

Жишээ татахад, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл тэргүүтэй хэдэн импортлогч бүлэглэлийн аманд багтаж суугаа шигээ хэн нэгэн Ж.Оюунгэрэл тэргүүтэй авиа компаниудын аманд багтах цаг ирнэ шүү. Нефть импортлогчид шиг дур зоргоороо үнэ нэмдэг, Төрийг шантаажилж мөнгө нэхдэг, иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг байдал МИАТ-д үүсэх магадлал өндөр бий.

Дэлхийн бусад орнууд ч том том салбараа хувьчлаад хүнд байдалд орсон гашуун туршлага байна. Хамгийн ойроос дурдвал, Казахстан улс эрчим хүчний салбараа хувьчлаад маш хүнд байдалд орж байжээ. Гүрж улс иргэний агаарын тээврийн билетийн үнээ бууруулах зорилгоор гадны авиа компаниудад найр тавиад асар хүнд байдалд орсон гэх зэрэг олон жишээ байна.

Өнөөдөр голбаль нэрийн дор бүх зүйлийг хувьд өгчихөж болохгүй. Зах зээлийн нийгмийн шударга өрсөлдөөн хэмээн хийрхэж бүх зүйлээ хувьд өгч бас болохгүй. Манай үндсэн тээвэрлэгч МИАТ найман чиглэлд нисдэг, зургаахан онгоцтой, 670-800 орчим ажиллагсадтай. Монголын Иргэний Агаарын Тээврийн хөгжлийг манайх руу нисч байгаа “Айр Чайна”, “Аэрофлот”, “Корейн Айр”, Туркийн авиа компаниудтай боловсон хүчин, нисэх онгоцны тоо, нислэгийн чиглэл, хүчин чадал, туршлага, хөрөнгө санхүү, зах зээлд эзлэх байр суурь гэх мэт олон хүчин зүйлтэй харьцуулшгүй. Ийм нөхцөлд эрх тэгш, шулуун шударга өрсөлдөөн ярих утгагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байгаатай би санал нэг байна.

МИАТ-ийг хувьчлах юм бол тэд маргааш нь эргээд Төрд шантааж хийнэ гэсэн үг.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.169.103.4) 2018 оны 05 сарын 23

Huvichilj bolohgui. Benzin shig um bolno

0  |  0
zochin(112.72.14.179) 2018 оны 05 сарын 23

hurdan huvichlah tusmaa sain

0  |  0
Сайн(202.21.111.42) 2018 оны 05 сарын 23

Төрд салаавч өгч л байвал сайн шүү

0  |  0
Зочин(66.181.191.72) 2018 оны 05 сарын 23

Юу үнэн тэр үнэн

0  |  0
Top