Ачаа нь хүнддэж, ад үзэгдсэн Боловсролын хэлтэс

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

 УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно, болохгүй гэсэн хуулийн заалтыг өөрчлөх эсэх тухай сандал суудлын хэрүүл хийж байхаар хөрсөн дээр байгаа зарим зүйлийг засч залруулах нь юу юунаас чухал болоод байна. Хамгийн наад зах нь таван аймгийн хэмжээний хүн амтай дүүрэг нь хуулиараа сумын статустай байгааг огтхон ч дурдахгүй байж “дан дээл”, “давхар дээл”-ний асуудал ярьж суух түшээдтэй л улс орон юм даа.

Хуулийн энэ заалтад хавчигдаж, хамгийн их хэлмэгдэж байгаа нь дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулж буй Боловсролын хэлтэс хэмээх цомхон бүрэлдэхүүнтэй, нүсэр ажилтай байгууллага юм. Тухайлбал, таван аймагтай тэнцэх хүн амтай дүүрэгт 200 гаруй сургууль цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тэднийг зургаахан хүнтэй хэлтэс удирдан залж байна гэхээр санаанд буухгүй мэт. Тус байгууллагын Төсөв санхүү хариуцсан мэргэжилтэн гэхэд төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ, статистик мэдээлэл, нягтлан бодох бүртгэл гээд хэд хэдэн ажил хариуцан ажиллана. Ийм олон ажлыг нэг хүн гүйцэтгэж байгаа хойно илүү цагаар ажиллах бол наад захын асуудал. Бүр хонож өнжин ажиллаж байж тайлан мэдээ өгөх нь элбэг аж. Гэтэл хуулиараа илүү цагийн цалин авах ёстой ч өгдөггүй, авдаг цалингаа л авдаг байна. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал мөн биз дээ.

Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн гэхэд 100 хол давсан цэцэрлэгүүдээр орох, суртал сурталчилгаа хийх, заавар зөвлөгөө өгөх гээд нутаг дэвсгэрийн хэмжээгээр том дүүрэгт явган таваргана, тайлан мэдээ өгөх гэж мөн хонож өнжин ажиллах ч бас л илүү цагийн цалин урамшуулал гэж байдаггүй. Дүүргийн хэлтсүүдэд байх тав зургаан мэргэжилтэн бүгд ийм ажилтай хэлмэгдсэн хүмүүс гэж хэлж болно. Үнэхээр хүндэдсэн ачааг үүрч байгаа хүмүүс гэвэл Боловсролын хэлтсийнхэнг хэлэх байх. Хүн ам олонтой дүүрэгт ядахад хоёр хүн нэмж өгөх хүсэлтийг 2008 онд байгуулагдсан цагаас хойш хүсэлт тавиад дийлээгүй аж. Өөдөөс нь хууль дүрэм ярих учраас яах ч аргагүй, хуулийн дор амьдардгаас хойш яалтай ч билээ. Тэгэхээр цалин урамшуулалгүй ажлын их ачаалал нь тэдэнд хуулиар олгогдсон шинэ цагийн “гэгээн” хэлмэгдүүлэлт бололтой.

Тэд энэхүү “гэгээн” хэлмэгдүүлэлтдээ дасан зохицсон төдийгүй өөрсдийнхөө хийх ёстой ажил гэж ойлгосон учраас боловсролын салбарын ажлыг нугалж байна гэхэд болно. Үнэндээ дүүргийн Боловсролын хэлстийн нэг мэргэжилтний ажлыг БСШУЯ-наас нэгэн эрхэм ирээд хийгээд өгчихгүй, тэд ажлаар дарахаа л мэднэ. Нийслэлийн Боловсролын газраас ч хийж өгөхгүй, тэд захиран тушаахаа л мэднэ. Гэтэл энэ “гэгээн” хэлмэгдүүлэлтээс гадна улстөрийн дарамт шахалт ч тэдэнд ирнэ. Боловсролын хэлтэст улстөрийн ямар дарамт байх юм гэж гайхаж магадгүй.

Тэгвэл БСШУЯ-наас дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг шууд томилдог босоо тогтолцоотой учраас томилогдон очсон дүүргийн Засаг даргаа өөр нэгэн намынх байвал хавчиж шахна. Учир нь МАН-ыг засаглаж байгаа энэ цагт БСШУЯ-аас томилогдон очсон даргатай учраас АН-ын засаглалтай дүүргийнхээ байрнаас хөөх ёстой бололтой. Уг нь босоо удирдлагтай ч дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс гэж явах бөгөөд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хамтран оролцдог статустай байгууллага шүү дээ. Гэтэл энэ улстөрийн дарамт шахалт захаас аваад бий.

Тэгвэл аймгийн Боловсролын газрыг аваад үзье. Аймаг тус бүрт 20 гаруй хүнтэй газар ажиллаж байгаа, тэдний нөхцөл байдал дүүргийн хэлтэстэй харьцуулшгүй. Унах унаа, ажиллах давхар барилга, нэр хүнд гээд илт давуу талтай. Энэ нь хэн нэгний олж авсан давуу талд, олж авч чадаагүй дутуу тал биш шүү дээ. Мөрдөгдөж буй хууль нь энэ.

Нэгэн жишээ татъя. Олон жилийн өмнөөс Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд Хэнтий аймгийн Дархан сумын тавдугаар баг буюу Бор-Өндөрийг сум болгох тухай хөөцөлдөж байж сумын статустай болгож байсан түүхтэй. Учир нь Бор-Өндөр баг нь дэд бүтцийн хувьд ч сумаасаа давж, хүн амын хувьд ч Дархан сумаас хэд дахин илүү байсанд хамаг учир оршино. Нэг тойргоос сонгогдсон гурван гишүүн ийм зүйл хийж чадаж байхад болохгүй зүйл алга.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоч(66.181.161.83) 2018 оны 05 сарын 25

Муу нэртэй.ёс зүйгүй.үл бүтэх юмс сайд дарга болоод байхаар итгэл үнэмшилээ яах вэ?итгэл алгаа энэ дарга нарт

0  |  0
Goo(91.178.104.221) 2018 оны 05 сарын 24

Man dandaa huuli zorchidog. Neg jishee tsohzalmaa ih hurliin gishuun baisanaa said bolood samarch baigaa bizdee. Hurelsuh gej bas gemt heregten bainaa. Iim huniig said geheer butehgui nohor baigaa biz dee.ongtruulahgui bol suirne shuu.

0  |  0
Top