Хүүхдэд “хайртай” түшээд хүүхдүүдэд мөнгө өгөх хэрэг үү

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 28

Эдийн засгийн бодит байдал тийм ч сайнгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалан дээр уначихаагүй тулдаа л цалин цаваг залгуулж байгааг хаа хаанаа мэдэж буй. Урсгал нь татарч байсан гадны хөрөнгө оруулалт ч эргэлзсэн байдалд замдаа “түгжирсэн” хэвээрээ. Үнэн хэрэгтээ Монгол Улсын амин голыг “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр, гэрээ хийсэн эздээ шоронд барьж өгсөн Оюутолгой хоёр л зогоож байна. Хятадын коксжих нүүрсний хэрэглээний багахаан хэсгийг бүрдүүлдэг Тавантолгой ч зүй ёсоор үүнд багтана. Түүнээс 30-аад жил хэрэлдсэн улстөрчид маань нэг ч үйлдвэр босгоогүй учраас өөр нэрлэх зүйл даанч алга.

Ийм л ороо бусгаа цаг дор хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийг амьжиргааны түвшинд дүйцүүлж олгох талаар маргаан дэгдсэн. Эцэстээ бүх хүүхдийн 80 хувьд нь энэ мөнгийг олгохоор шийдвэрлэжээ. Өндийж ядаж буй эдийн засагтай орон гэхэд боломжийн хувь тогтоожээ гэж харж болохоор. Тэр тусмаа гадныханд төсөв тооцоогоо давхар мэдүүлж, ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирсэн улс орны хувьд бол дажгүй “эр зориг”-ийн асуудал ч гэж хөөргөж болохоор.

Гэтэл Хүүхдийн мөнгө байтугай цалингаа ч авч үзээгүй Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд 100 хувь олгох агуулга бүхий хуулийн төслийг санаачлан, өргөн барьсан ч тэр нь аанай л УИХ-ын босго давсангүй уналаа. Хэдийгээр тамирчин ч гэлээ УИХ-д гурван удаа сонгогдон ажиллахдаа Засгийн газрын танхимд хоёр удаа сайдаар ажилласан, бизнесмэн хүн эдийн засгийн бодит боломжийг мэдэхгүй юм гэхэд гадарлах л учиртай. Гэхдээ л тэр сонгогчдод таалагдах ёстой учраас буруутгах арга алга.

Ерөнхийлөгчөөс гадна УИХ дахь АН-ын бүлэг бараг л өдөр бүхэн “Хүүхдийн мөнгийг олгооч” хэмээн цусаар “уйлж” сууна. Хүүхдүүдэд “хайртай” сөрөг хүчний хувьд хийх ажилгүй сууж байхаар энэ мэт зүйлээр ард олонд харагдах нь улс орны хувь заяанаас илүү хэрэгтэй байгааг сайтар ойлож байгаа учраас буруутгах арга бас л алга. Тэгээд ч АН-ын дарга С.Эрдэнэ Монгол Улсын эдийн засгийг 17 хувийн өсөлттэй байхад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байгаад хоёр хувьд уруудуулчихаад сайдын суудлаас буусан хүн учраас ойлгохгүй байх нь арга ч үгүй. УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн л эдийн засгийн өсөлт 17 хувьтай байхад Аж үйлдэрийн сайдаар ажиллаж байгаад 3 хувьд уруудуулаад буусан учраас ойлгоход бэрх байх шиг.  

Гэтэл Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргасан олонхийн бүлэгт хүүхдэд дэндүү “хайртай” түшээд мэр сэр харагдана. Харагдахаар барахгүй “хүүхдээс мөнгө харамлалаа” хэмээн хэвлэлээр нэг “мэгших” болжээ. Тэр тусмаа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сайдын суудалд тухлаад унасан залуу түшээд бол хүүхдэд жигтэйхэн “хайртай” байгаа. Залуу түшээдийн хувьд улстөрийн карьер шоугаа бодоод эдийн засгийн бодит боломжооойлгодоггүй ч биз. Ойлгосон ч ойлгохыг хүсдэггүй биз. Улстөрчийн л араншин хойно, үүнийг бас буруутгах аргагүй. Тэр тусмаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан нэгэн эрхэм бол хүүхдэд жигтэйхэн “хайртай” бөгөөд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудлыг сайд байснаасаа илүү мэдэж ярих болсон нь ч санаандгүй хэрэг биш байх.

Тэгэхээр Баабарын нэгэнтээ хэлсэнчлэн “Улсаасаа баян Ерөнхийлөгч” Х.Баттулга, УИХ дахь АН-ын бүлгийн ес, МАН-ын бүлгийн хүүхдэд “хайртай” хэд нийлээд хүүхдүүдэд мөнгө тараах нь л дээ. Монгол Улсын иргэдийн бүх өр болох 5.5 их наяд төгрөгийн өр тэглэхээр зарлаж байсан АН-ын бүлэг, Ерөнхийлөгчид бол хүүхдийн мөнгөний 20 хувьд олгох 10 гаруйхан тэрбум төгрөг бол үдийн цайны  мөнгө биз дээ. Харин өдгөө ч сайдынхаа суудалд байх зүүднээсээ сэрж, уцаараа бараагүй МАН-ын бүлгийн залуус хаанаас мөнгө гаргаж өгөхийг харж л сууя.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин63(66.181.184.162) 2018 оны 05 сарын 29

MONGOL ESOND HUUHDIIG

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 05 сарын 28

Бүх хүүхдэд мөнгө өгнө,, гээд байгаа гишүүд бол Эдийн засаг унагаах л зорилготой,, нөхдүүд , шалтгаан нь янз бүр,, Ж.мөнхбат, Номтойбаяр мэт нь эрх мэдэл, сайдын суудлаа өөрөөр хэлбэл мөнгөний уутаа алдсандаа хорсож байхад ,, АН-ынхан бол шууд л эдийн засгийг унагаах

0  |  0
Top