УИХ-ын гишүүн М.Билэгт парламентад орж ирэхээсээ өмнө буюу "Ачлал трейд"-ээр цоллуулж байх үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах "Шинэ зуун" хотхоны 24 дүгээр байрны сууринд тулган барилга барьсан билээ. Орчин цагийн дэвшилтэт технологи бүхий Хавдар судлалын эмнэлэг барина хэмээн суурь ухаж эхэлсэн ч төд удалгүй 17 давхар болж сүндэрлэсэн учраас оршин суугчид орон сууцны нар халхаллаа гэсэн эсэргүүцэл үзүүлж байв. Эхлээд Японы хөрөнгө оруулалттай барилга барьж байгаа гэсэн боловч сүүлдээ орон сууцны хороололд шахан өөр барилга нэмэн барьж эхэлсэн нь эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн юм.
Тэр тусмаа нараа халхалуулан бослого гаргахдаа тулаад байсан орон сууцнууд дунд Хавдар судлалын төвийн ажилтнуудын байр байсан гэдэг. Нөгөө нэг асуудал нь гэвэл М.Билэгтийн барилга бариулсан газарт 18 дугаар хороог бүхэлд нь цахилгаанаар хангадаг дэд өртөө байрладаг. Гэтэл барилгын төлөвлөлтийн зурганд уг дэд өртөөг харуулаагүйн дээр, хаалга нь ч онгойх зайгүй төлөвлөлтийг нь тухайн үеийн хотын ерөнхий архитектор батлаад гарын үсэг зурсан зэрэг маргаан ихэд дэгдэж байсныг уншигч та санаж байгаа байх.
Тиймээс энэхүү олон хууль тогтоомж зөрчин баригдсан эмнэлгийн барилгыг чухам холбогдох албаны хүмүүс цаашид баригдаж болох эсэхэд дүгнэлт өгсөн эсэх албан мэдээлэл алга байна. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар бол хот төлөвлөлт болон бусад албаны хүмүүс нутаг дэвсгэрийн тухай, оршин суугчдын тухай гээд олон хууль тогтоомж зөрчиж байгаа учраас цаашид баригдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан гэх.
Өнгөрөгч 2014 оны үед М.Билэгтийн барьж буй барилгын ажлыг зогсоохыг шаардаж, оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж байсан дунд Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, УГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ нар байсан юм. Тэд бүр эсэргүүцэгчдийг чамгүй манлайлан бухимдаж байсан ч тэгэсхийгээд чимээ намдаасан. Харин зарим оршин суугчдын зүгээс “Ачлал трейд”-ийн М.Билэгт ихэнх оршин суугчидтай тохиролцсон учраас чимээ намдаагаад байна. Бид амьдрах орчноороо хязгаарлуулан хохирч байна хэмээж байсныг сайн санаж байна.
Харин сүүлийн үед М.Билэгт гишүүн “Барилгын эхний ээлж ирэх есдүгээр сард ашиглалтад орно” гэсэн байр суурийг илэрхийлэх болжээ. Тэгэхээр өдгөө баригдсан газартаа ажил нь явагдаж байгаа барилгын ажил удахгүй дуусна гэхээр олон зураг төсөл зөрчсөн хэвээрээ энэ барилгыг ашиглалтад өгөх нь тодорхой болжээ. Ямартай ч 2014 онд оршин суугчдын амыг хааж чадсан М.Билэгт захирал УИХ-ын гишүүн болсон учраас барилгаа ашиглалтад өгнө гэдгээ бардам хэлж байна гэх хардлага нийгэмд тархаж байна. Яагаад гэхээр анх эсэргүүцэлтэй тулж байсан тэр газартаа барилгууд баригдаад дуусч буй учраас хэн ч хардах байх.
Уг нь орчин цагийн дэвшилтэт технологи бүхий Хавдар судлалын эмнэлэг нь манай улсад ачаалал буруулахаас эхлээд олон талын ашиг тустай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэвч нөгөө талаас олон дүрэм журам зөрчсөн гэсэн үндэслэл гаргаж, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулаад байсан билээ.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
ORSHIN SUUGCHIDTAI TOHIRSON YUM BGUI HUCHEER TURII BARIAD L YAVJ BGA DA BILEGT GISHUUN
Muu sain avilagchid dandaa hudlaa yum yariad barilga baridag!