Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчилж уурхайнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Таван толгой” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтран ажиллах гэрээнд уурхай эзэмшигч нар өөрсдийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд тохируулан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй стандарт, дүрэм журмын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулан ажиллах юм байна.
Харин Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас энэхүү “Тээвэрлэлтийн гэрээ”-г үндэслэн тээврийн хэрэгслүүдэд хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахаар болжээ. Өмнө нь уурхайнууд зөвхөн худалдан авагч талдаа тээвэрлэлтээ даатгаж орхисоноос зохицуулалт алдагдсан байсан. Харин энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулж, уурхайнууд тээвэрлэлтийн асуудалдаа анхаарах болсноор уурхайн хүчин чадал, боомтын болон авто замын нэвтрүүлэх хүчин чадалд нийцүүлэн зохицуулалт хийх боломж бүрдэж байна. Ингэснээр хэт олон автомашины төвлөрөл саарах, тээвэрлэгчдийн хариуцлага сайжрах, зам тээврийн осол буурах, жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэх, жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах зэрэг боломжууд бүрдэх юм.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв
Сэтгэгдэл ( 0 )