Цүнхний намууд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

Цөөн хүн амтай ч 30 орчим улс төрийн намтай Монгол Улсад ахиад ч нам нэмэх сураг чих дэлсэж байна. Цүнхэндээ тамганаас өөр өмчгүй, хаа нэг хэвлэлийн хурал дээр хамтардаг “дурны хонгио”-нуудаас өөр дэмжигч гишүүдгүй нам манайд олон бий. Манайд бол дүрэм журам, үзэл баримтлал маягийн зүйл боловсруулаад 801 хүний гарын үсэг цуглуулахад л нам байгуулчихна, нэг их асуудалгүй.

Нам байгуулах болсон шалтгаан нь өөрөө олон үндэслэлтэй. Юуны өмнө 200 мянган гишүүнтэй гэгдэх МАН, АН-д элсэн орох гэхээр тэдэнд гишүүний батлахаас өөр зүйл үл олдоно. Хоёр том акул намын бага, дунд, өндөр дээд албан тушаалын оочёр дугаар хүлээнэ гэвэл баргийн нөхрийн нас гүйцэхгүй. Энэ оочёрыг асар их хэмжээний мөнгөөр л нэг дайрч болно. Тэгэхээр таргийн таван ямаатай нөхөр энэ оочёрт бүртгүүлэхийн ч хэрэггүй. Үнэн хэрэгтээ нэг тэрбум дотор эргэлдэх бизнестэй нөхөр байгаад ч нэмэргүй. Асар их мөнгө хэрэгтэй. Ийм учрыг мэдэж шантарсан бага, дунд бизнестэй нөхдүүд өөрсдөө нам байгуулаад азаа үзэхээр шийддэг нь нэг шалтгаан. Мэдээжийн хэрэг үүнээс гадна тухайн нөхрийн улстөржих сонирхол давамгайлж байж шалтгаан үүснэ. Ингээд жижиг, дунд бизнестэй улстөржих донтой нөхөр маань нам байгуулаад энд тэнд гологдсон доктор нэртэй ажилгүй нөхөр, акул намуудад гомдсон буурал улстөрчдийг уриад оффис түрээслээд гарч өгнө.

Байн байн эрх баригч намыг шүүмжлэн хэвлэлийн хурал зарлаад, сонин телевизэд төлбөртэй ярилцлага өгөөд, магадгүй сонин сэтгүүл гаргаад явж өгнө. Тэгээд өөрийгөө “..тэр намын дарга..” зарлуулаад явахаар ихээхэн сонирхолтой санагдана. Гэтэл аль нэг сөрөг хүчний намын дарга дуудаж, байр сууриа хамгаалуулахаар “Намайг тоож байна, би алж өгч байна” гэж бодно. Сонгуулиар аль нэг том хүчний босс дуудаад манайхыг дэмжээд сонгуульд оролцчих гээд сүрхий албан ёсны гэрээ байгуулаад хэвлэл мэдээллээр цацуулчихаар өнөөх нөхөр маань тэнгэрт гараад л суучихна. Магадгүй, цаадуул нь “Манай нам ялвал албан тушаал өгнө” гэнэ, тэр ч бүү хэл бүр сайд болгоно ч гэж залж мэднэ. Тэгэхээр мань эр шууд л сайд болчихсон мэт санаж, тухайн намын сонгуульд ил далд хайр харамгүй зүтгэнэ.

Ингээд дэмжиж оролцсон нам яллаа бол тэднийг ор тас мартана. Юун тэдэнд албан тушаал өгөх манатай, өөрсдийнөө оочёрыг дийлэхгүй байхад ёстой солиор л гэнэ. Мань эр гомдохдоо эрх баригч намыг гамгүй шүүмжлэнэ. Хөлөө явж хүрэх газарт зарга үүсгээд ч нэмэргүй, хаданд хашхирсантай адил болно. Эцэст нь мань эрийн багахаан бизнес нуран унана. Өөр арга байхгүй. Түрээслэсэн оффисоо ч хураалгана, хамтрагчид ч амь амиа бодон нуруугаа харуулна. Мань эр намынхаа тамгыг цүнхэндээ хийгээд хэнийг ч хамаагүй хараан зүхсэн костюм зангиа бүхий хоосон нөхөр үлдэнэ. Мөнгөгүй болсон цүнхний намтай нөхрийг тоох хэвлэл ч үгүй үлддэг жамтай.  

Нөгөө шалтгаан нь харин дажгүй. Хамгийн наад зах нь өөрийнхөө бизнесийг тийм ч хурдан нураачихгүй. Акул намуудын хөрөнгө чинээ бүхий нөхөр өөрийнхөө туйлын хүслийг гүйцэлдүүлэх шалтгаанаар бусдад захиалга өгч нам байгуулна. Тэднийхээ “угаадсыг нь бага өгөөд уяаг нь уртхан уяад” хуцуулаад байна. Эзнийхээ байр суурийг л илэрхийлж байвал тэдэнд хэнд юу гэж хэлэх нь огт хамаагүй. Ёстой нэг буруу зөвгүй бурж өгнө дөө. Эцэст нь захиалагч этгээд хүслээ гүйцэлдүүлээд намын даргадаа өөрт нь тохирох шан харамж өгөөд баяртай гэнэ. Мань эр ч ивээн тэтгэгчгүй болсноо мэдэхгүй тэр чигтээ дүрдээ орон улстөржөөд яг дээрх маягаар явсаар өнөөх нам нь бас л цүнхэнд орно.

Ийм л цүнхний намууд өдрөөс өдөрт, жилээс жилд олширсоор байна. Уг нь хий дэмий улстөржиж явахаар бизнеэсээ өргөжүүлээд хэдэн хүн цалинжуулаад явах ёстой байсан гэж бодож болох ч хүний шунал тачаалд хязгаар гэж байх биш дээ. Ийнхүү улстөржилтөөс болж модоо барьсан нөхөд хэзээ энэ улс төрийнхөө донгоос салж чаддаггүй, тэр чигтээ дуусдаг нь хамгийн эмгэнэлтэй.

Дашрамд дурдахад, Н.Энхбаяр нарын нам бол цүнхэнд ордоггүй. Нэгдүгээрт, цагтаа “Улсаасаа баян”  явсан хүний нэр дээр байдаг. Хоёрдугаарт, нөлөөллийн бүс нь өргөн, бусдыг татах чадвар сайтай. Гуравдугаарт, бусадтай, ялангуяа эрх баригчидтай хонь чоно байдаг ч цагаа тулахаар хэнтэй ч хамаагүй эрх ашгаараа нэгдэж чаддаг туршлага, тийм орон зайгаа хадгалж үлдсэн учраас яаран дампуурахгүй. Дөрөвдүгээрт, тэр хэзээ ч бусад жижгүүдийг идэж чаддаг чадвараа хадгалсаар байна. Тухайлбал, ХҮН, Ц.Шинэбаярын намаас эхлээд залгисаар байгааг бид мэднэ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(27.123.212.140) 2018 оны 06 сарын 15

neg heseg baahan tsunhnii company-uud baisan odoo baahan tsunhnii namuud bgaa. dandaa yoyotoi nohduud nam baiguulj darga ni bolchihood yoyotoi yum yariad mongo guigaad l yavj bdag

0  |  0
zochin(64.119.25.36) 2018 оны 06 сарын 15

yadaj dangaarshichih heregtei

0  |  0
Зочин(43.242.243.122) 2018 оны 06 сарын 15

АН дарга С, Эрдэнийн хүү Одбаяр гэж хүн өнгөрсөн жил нэг нам байгуулсан , Ямар зорилготой юм бол доо , ?? Хот хөдөөгөөс хүмүүс авч ирж хуралдуулэ бна гэж сонссон шүү

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 15

mongol ulsad dahin nam shineer byrtgeh shaardlaga baihgui zogsooh heregtei, ….neg odor 3 say namtai boloh ni

0  |  0
Зочин(203.91.115.36) 2018 оны 06 сарын 15

МАХН хүрээгээ тэлсээр л байгаа. 2020 юм дуулганаа

0  |  0
Top