Д.Урианхай:Манай Төр аль эрт ард түмний Төр байхаа больсон

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 20

Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Д.Урианхайтай ярилцснаа хүргэж байна.

 -Та дээхнэ үед би ийм муухай төрөөс шагнал авахгүй гээд “зөрүүдэлчихсэн” гэдэг. Өнөөдөр үе тэнгийнхэн чинь бүгд л төрийн хайр хишгийг нэг бус удаа хүртсэн, нэр зүстэй уран бүтээлчид болжээ. Эргээд юу бодогдох юм?

 -“Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй” гэсэн эртний үгтэй ч хүний муухайг нимгэрүүлэх “их санаа” санаж дөч гаруй жил элдэв ном зохиол эрээчлээ л дээ. Нэмэр, тус даанч алга! Би байтугай Бурхан багш бараг гурван мянгаад жилийн тэртээгээс, Христос Богд ч хоёр мянгаад жилийн тэртээгээс, Магомет зөнч хоёр мянган жилийн тэртээгээс ном сургаалаа айлдаж, сургаал айлдвар нь өнөө номын буянтангуудын амаар номлогдсоор байгаа ч  хүн төрөлхтөний язгуур огт дээшилсэнгүй. Төгс төгөлдөрт дөхөх нь бүү хэл, улам ч холдсоор, улам доошоо унан дордсоор л байна. Монголын төрийн мөн чанарын хувьд ч бас л, ялгаагүй, “муухай “нь арилах нь бүү хэл, өчүүхэн ч нимгэрч өгөхгүй, харин ч улам бохирдоод, өмч хөрөнгө, ашиг сонирхлын “хорт хавдар”-аар өвчлөөд, “морг”-д очихынхоо наах нь дөнгөн данган амьсгаадаж байна. Өнөөгийн Монголын төр аль хэдийнээ ард түмний төр байхаа болиод, хүн амын 4-5 хувийг л эзэлж буй пүүс компанийн цөөхөн эздийн зарц-төр болсон! Энэ үнэнийг ганц би биш, толгойтой бүгд, толгойдоо нүдтэй, чихтэй бүгд мэдэж, амтай бүгд ярьж байгааг чихтэй бүгд сонсож байгаа! Би 1990 оноос хойшхи Монголын төрд алив шагналын тухайд нэг болзол тавьсан ухаантай юм.Юу гэвэл, эх оронд минь траншейны нэг л хүүхэд байгаа цагт, нэг л гуйлгачин хүн амьдарч байгаа цагт тийм олиггүй төрөөс ямар нэг алдар цол, шагнал авахаас татгалзана гэсэн мэдэгдэл олон жил дараалан хийсэн юм. Өөрөөр хэлбэл, эх орон ард түмний минь хувьд ийм гутамшигтай нөхцөлийг алга болго! гэсэн шаардлага тавьж болзол тулгасан ухаантай хэрэг байхгүй юу. Тийм “их санаа” агуулсан хэрэг. Одоо траншейны хүүхдүүд байхгүй болсон сураг дуулдана лээ. Үнэн, худлааг сайн мэдэхгүй! Гэхдээ төр, засаг маань сайн ажиллаад, ард түмнийхээ ахуй амьдралыг баяжуулчихсандаа биш, хятадууд тэр хүүхдүүдийг цөмийг нь хулгайлж аваад “хүний наймаа”-гаар гадаадад зараад арилгачихсан гэнэ лээ. Цаана нь ард түмний маань амьдрал бахь байдаг ядуу зүдүү хэвээрээ үргэлжлээд, харин ч жилээс жилд тамтаггүй нэмэгдэж буй үнийн өсөлтийн дарамтаар улам хоосроод, 80-аад хувь нь хоолтой хонох, хувцастай явах, үхлээс зугтах амьдралын баталгаагүй, хүн шиг амьдрах найдвараа алдаад байна. Монголд хэрэгжиж буй “зах зээл” монголын ард түмний олонхид “цөөвөр чоно” шиг ааш авиртай хандаж байна. 1990-ээд оны эхээр өөрсдийгөө “ардчилагчид” гэж “шохойдсон” хэсэг тэнэг залуус Монголын “босоо” амьдралтай байсан ард түмнийг “элгээр нь хэвтүүлнэ” гэж шүлсээ үсчүүлж байсан амандаа л хүрсэнээс биш амьдрал ахуйд нь болоод сэтгэл оюунд нь гэгээ туссангүй шүү дээ, үнэндээ! Ийм нөхцөлд миний хэмжээ зиндааны зохиолч, яруу найрагч ийм төрийн алив шагнал, алдар гуншинд алгаа тосно гэдэг өөрийгөө болоод уран бүтээлээ доромжилж байгаатай адил! Би тэгж үзсээр байгаа! Харин яахав, ард түмэн бүгдээрээ баян сайхан болоод, төр нь ухаантай, урамтай сайн төрийн үүрэг гүйцэтгээд явчихбал зөв төрийн шагнал, хүндэтгэлээс татгалзаад байх хэрэг юу байхав, өгвөл нь аваад л баяр хөөрт автсан шиг амьдралгүй яахав, Бурхан минь! Төрөөс зөрүүдлэх шалтгаан нэгэнт үгүй болмогц утгагүй эсэргүүцэл, тэмцэл хийх нь угаасаа хэрэгцээгүй болоод явчихна!

-Та чинь тэгсэн хирнээ төрийн шагналтай уран бүтээлчидээ, энэ чинь төрийн хишиг хүртсэн хүн гээд сүрхий дээдэлж байгаа нь нэг бус удаа харагдсан?

 -Төрийн шагнал хүртсэн шилдэг бүтээлийг нь хүндэлж байгаа юм. Тэр бүтээлүүдийг нь өөрийнхөө бүтээлүүдтэй жишээд, ур чадвараараа минийхээс илүү, үгүй ядахдаа минийхтэй зэрэгцээ гэж үнэлдэг сэтгэлээ илчилж байгаа хэрэг л дээ.

-Энэ олон жил уран бүтээл туурвиад эргээд харахад чухам ямар бодол төрж суух юм? 

-Алдаанууд минь их тод харагддаг.Уран бүтээл ангич, намч чанартай байх ёстой гэж ойлгож байлаа.Одоо бодоход, алив бүтээл, юуны өмнө, аугаа хүнлэг, энэ хорвоогийн амьтай амьгүй алиныг ч дотроо хайрлах үзэл бодол шингэсэн Бурхнаас дутуугүй бурханлиг шинж чанартай байх ёстой юм шиг санагддаг болсон. Гагцхүү  уран зохиол ч бус, ер, бүх аймаг савын уран сайханы бүтээлд хамгийн гол юм нь ур чадварын өндөрлөг нь байдаг юм байна гэж ойлгож авав. Уран санаа, хэлбэр, зохиомж, дүрслэл, философи нь ямагт шинэ соргог, гүн, болж өгвөл, жигтэйхэн эгэл жирийн хэрнээ айхтар нууцлаг, драмлаг байх ёстой юм байна. Би залуудаа бодохдоо, зохиолч, яруу найрагч хүн бусад хүмүүсээс хавьгүй илүү ухаантай, мэдлэг боловсролтой бэрх амьтан байх ёстой гэж боддог байлаа. Бас л алдаа!...  Зохиолч, яруу найрагч хүн харин бусадаас илүү гэгээрсэн, сэрэхүй мэдрэхүй маш хүүхдэрхүү, нарийн торгон, зөн билиг их хөгжсөн, тэнгэрийн хэл сонсохдоо сонор, онгон зэрлэг амьтад шиг маш мэдрэмхий, байгаллаг, хөгжилтэй байвал зохих юм байна гэсэн бодолд автдаг болсон. Орчин үед алив уран бүтээл уран сайханы сэтгэлгээний тодорхой түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинэлэг, философилог, сэдэв агуулгын болон хэлбэр, арга барилын эрэл хайгуул хийсэн туршицтай байхгүй бол улс үндэснийхээ соёл, урлагийн түүхийг урагш хөгжүүлж чадахгүй нь дээ! гэсэн бодол руу өөрийн эрхгүй яваад орчихлоо.Өөрийн сайндаа ч яваад орчихож байгаа юм биш, орчин үеийн дэлхийн сэтгэлгээний хурд, шинэчлэл, бүтээлийн зохиомжийн бодолт, дүрслэх арга барилын постмодерн хувьсгал өнөөгийн хүн төрөлхтөний даяаршиж буй ахуй амьдралын нийтлэг шинж болсноор аль ч улс орны уран бүтээлчидийг ийм хандлагатай бодол руу зайлбаргүй “лантуудаад” оруулчихаж байна.                                                                                           

 

-Бид нийгмийн ороо бусгаа цагт амьдарч байна. Монголчууд бид ер нь хаашихнаа яваад байна?

 -Нийгэм ороо бусгаа, эдийн засгийн ядуурал бараг хүчирхийллийн шинж чанартай байгаа нь хоёрхон шалтгаантай юм аа. Нэгд, Нийгмийн тогтолцоо буруу буюу мөн чанараа шудрага бус, хүний хүн чанарын эсрэг харилцаанд тулгуурласан; Хоёрт, Нийгмийн удирдлага буруу буюу ард олонхийнхоо эсрэг үйл ажиллагаатай.Өөрөөр хэлбэл, хүн амын олонхийн эрх ашгийг хамгаалсан бус зөвхөн хөрөнгөт цөөнхийн эрх ашигт үйлчилсэн үйл ажиллагаатай. Энэ хоёр үндсэн шалтгаанаар нийгмийн бодит амьдралд ч ихэвчлэн сөрөг үр дүн гарч байна.”Хаашаа яваад байна?” гэдгийн тухайд бол, дэлхий даяараа өнөөдөр нийгмийн хөгжил хаашаа чиглэж, юу дагаж байна? гэвэл мэдээлэлийн хүртээмж нягттай, хүн ам илүү төвлөрсөн, дэд бүтцийн сүлжээ, нягтрал ихтэй орон зай руу тэмүүлж байна. Энэ нь хэдийгээр бодит “факт”-ын чанартай үйл явц байлаа ч, миний харахад, муухай прагматик, хүний амьдралын баялаг, олон язгуурт утга агуулгыг асар явцууруулан хүлсэн, дан техник-технологийн үйлчилгээнд захируулан боолчлуулсан харгис бүдүүлэг замнал харагдаад байдаг. “Урбан” ахуу соёл эзэмшлээ гээд хүн илүү ухаантай болсон нь, илүү хүнлэг, гэгээн болсон нь, бие биедээ илүү тусч өгөөмөр болсон нь, илүү нарийн хурц сэргэг мэдрэхүй сэтгэхүйтэй, зөн совинтой, увьдас билигтэй болсон нь дотоод ертөнцийн хөгжлөөрөө илүү төгс төгөлдөр, гоо сайхан, гайхамшигтай болсон нь, Бурханаас, байгалаас өгөгдсөн гүн, нууцлаг мөн чанартаа бүрэн дүүрэн нэвтэрсэн нь, түүнийгээ бүрэн дүүрэн эзэмшиж жинхэнэ “хувилгаан чадал”-аа үзүүлсэн нь дэлхий гараг дээр хаа ч үгүй байна. Цаашдаа улам л буруудаж, улам л дордохоос биш, хүмүүс улам л дотоод мөн чанараа устгаж хохирохоос биш, энэ, зөв, энх амгалан амьдралын замаасаа улам л төшөөрч хувь хувиа хичээсэн үдэл бэртэгчин “адгуусад” болж мөхөхөөс бус, дээд оюун ухаант, төгс бурханлаг хөгжилтэй төрлөгтөн болохгүй нь улам тодорхой болсоор байна. Ер нь, өнөөгийн хүн төрлөхтөний хөгжлийн сэтгэхүй, ойлголт, үйл ажиллагаа гадагшаагаа л тэмтчээд байхаас дотогшоо яргаж, шургаж, “төв рүү тэмүүлэх хүч” гаргаж чадахгүй, маш буруу чиглэл хандлагатай байна л даа. АНУ, Япон, Англи мэтийн техникийн орнууд мөдхөн хөгжлийн мухардалд орж, дэлхийн хамгийн зүдэг, хамгийн хортой, хамгийн гамшигийн бодит жишээ улс орнууд болж хувирах үйл явц хэзээ мөдгүй нүүрлэх нь миний зөн сэрэхүйд мэдрэгдээд л байна. Далимд өөрийн үзэл бодлоо чамд ярихад, нийгмийн хөгжлийн гол утга нь хүний дотоод хөгжил л байх ёстой юм. Ердөө л, зөвхөн, хүний оюун, гэгээрэл, ёс суртахууны хөгжил! Байгалийн хөгжлийг хүн тодорхойлж чадахгүй. Тодорхойлох арга, аргачлалыг шинжлэх ухаан олж чадахгүй. Энэ бол байгалийн “бүтээгдэхүүн”  хүн төрлөхтөний хувьд ямар ч боломжгүй. Төрүүлсэн ижийгээ өөрөө төрүүлэхтэй адил болмжгүй! Шумуул, оготно олшрох нь байгалийн хөгжил юм уу, эсвэл мөхөл юм уу, цаг хугацааны алслалд аль нь байхыг шинжлэх ухаан хэлж чадахгүй. Цаг хугацааны тодорхой хэрчимд, орчин ахуйн тодорхой нөхцөлийн хэмнэлд хортой юм уу, эсвэл ашигтай “үзэгдэл” болж байна уу? гэдгийг хэлж чадах төдий л юм. Энэ нь хүний материаллаг хэрэглээний өсөлт, дутагдалын хэмжээтэй харьцуулж тодорхойлсон дүгнэлт л болно. Маш харьцангуй дүгнэлт! Хүн байгалийн үнэмлэхүй учир утга, Бурханы төлөвлөгөөг мэдэх нь байтугай төсөөлж ч чадахгүй. Тэгэхээр байгалийн хөгжлийн үнэмлэхүй үнэн буюу төрх шинж нь хүн төрлөхтөний танин мэдэхүйн чадварын боломж, хил хязгаарын гадна үлдэхээр барахгүй, хүн төрлөхтөний оршин тогтнох хугацааны ч гадна үлдэх үзэгдэл юм. Үндсэндээ, бидэнд үл нээгдэх үйл явц гэсэн үг! Тийм урт удаан хугацааны үзэгдлийн үнэмлэхүй үнэнийг хүн төрлөхтөний мэдлэг боловсрол, шинжлэх ухааны ямар ч өндөр түвшиний хөгжил тодорхойлж чадахгүй. Гэлээ гээд яах вэ, монголчууд бид үндэсний сэтгэлгээгээ, бүтээмжээ, дэлхийтэй өрсөлдөх үйлдвэрлэлээ, хамгийн гол нь хүний хөгжлийг хангагч дотоод ертөнцийн бурханлаг хүчин зүйлсийг асар хурдацтай хөгжүүлэх л хэрэгтэй.Энэ хэрэгцээг өнөөгийн Даяаршилын түрэмгий дайралтын нөхцөлд бидэнд маш чухал.Яагаад гэхээр, Даяаршил гэдэг бол, юуны өмнө, түнхик-технологийн дэвшилийн нэгдмэл хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний ижил хэрэгцээгээр дамжин нэвтэрч буй амьдралын адил төстэй хэвшил бөгөөд загварчлал юм.Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн орнууд дэлхийн бүх улс үндэстнийг өөрийнхөө үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний “хэрэглэгч”, амьдралынхаа хэв загварын “дагалдагч” болгох зорилготой энэ айхтар дэлхий даяарын үйл явцад бид их ухаалаг хандахгүй бол горьгүй шүү! Харин үндэснийхээ ахуу, ухамсар, уламжлал, хэл, соёл, ёс заншилын эндомик /орь чанарт / загваруудыг нандигнан хадгалж үлдэх, бас, орчин үеийн шаардлага, хэрэгцээтэй нийцүүлэн хөгжүүлж авч явах нь бидний амьдралын амин чухал зорилго байх ёстой! Мэдлэг, мэргэжил, боловсролоо эрс эрчимжүүлэх үйл явц дээр даяаршилын “давшилт”-ыг ашиглаж, дэлхийтэй өрсөлдөх, эрдэм “аутсорсинг” хийх сэтгэлгээний түвшинд хүрэх чиглэлээр Даяаршилыг амьдралдаа ахуйжуулж  оюуны бүх салбараар нэвтрүүлбэл бидэнд хожоотой тоглолт болно. Эсрэг тохиолдолд бид Монголоо алдана.Эцэст, “Хаашаа яваад байна?” гэдэгт нэг санаа нэмэхэд, бид өнөөх “Хонгилын үзүүр дэх гэрэл” рүүгээ яваад л байгаа улс! Хонгил нь их урт, их харанхуй болохоор замдаа заавал амсахгүй байж болох хохирлыг маш ихээр амсаж, туулж байгаа! “Хонгил”-оор тэмтчиж яваа энэ замд Монгол улсын хамгийн том алдаа,хамгийн эмгэнэлтэй гарз хохирол бол Монгол хүний хүн чанар, хүн мөсний “мөсжилт”, цөөнхи нь шудрага бусаар капиталжаад, эсрэгээр олонхи нь шудрагаар үгүйрсэн явдал! Бид, яг үнэндээ, ийм дүр дүнтэй амьдралын үнэн рүү туугдсаар яваад ирлээ.

-Өнөөдөр аливаа нэг зүйлийг мэддэг ч хүн алга, мөн мэдэхгүй ч хүн алга болжээ. Энэ нь нийгмийн гажуудал уу, эсвэл?

-Хүний амьдралын эхний хорин таван жил бол хүний амьдралын жинхэнэ “эрдэнэ” юм. Энэ хорин таван жилээс нялхын нас, хүүхэд насны нь хэдэн жилийг хасах, үндэслэл бий.  Хүний хүүхэд нас бол тоглох, гадаад орчлонг гайхах, айх, сонирхох нас болохоор би ингэж хэлж байна. Хүний амьдралын 25 жилийг яагаад амьдралын нь хамгийн үнэт “эрдэнэ” гэж би нэрлэж байна вэ? гэвэл, хүний ирээдүйн чадвар, оюун билиг, чанарын, жинхэнэ хөгжлийн нь үе юм. Ажил сурах, эрдэм нөөцлөх, амьдралын ааш араншингийн хувирлыг судлахын дэвсгэр жилүүд байдаг. Хүн энэ жилүүдэд юу сурч, юу мэдэж авснаараа л бүх амьдралаа өнгөрөөнө! Энэ чухал үедээ бага эрдэм сурч, бага мэдлэг олж, ажиллах хийгээд нийгэмд өрсөлдөх чадвараар сулхан шиг үлдвэл, хэтдээ дульхан амьдарч явах нь "бичигдээгүй хууль” юм. Энэ хэдхэн жил дотор л их эрдэм чадал хураагдвал хүний амьдралын тойрог, агуулга, багтаамж төдий чинээ их гүн, эсрэгээр хэдийчинээ бага эрдэм чадал хураагдвал амьдралын нь үнэ цэнийн үзүүлэлтүүд төдий чинээ хомс, татуу байна.Энэ юу гэсэн үг вэ? гэвэл, энэ үнэт 25 жил бол хүний амьдралын бодит хэмжээс болдог үе шат нь гэсэн үг. Энэ хугацаанд “савлаж авсан хөрөнгө”,суулгасан үр, хурааж авсан ургацаар л, хүний амьдралын үнэ цэн хэмжигдэнэ. Хамгийн анзааргагүй, хямгагүй, сул задгай өнгөрөөчихдөг энэ ахархан хугацаанд олигтой, дорвитой юм сурч эс чадвал тэр хүн амьдралаас, ертөнцөөс юу ч гуядаж авч чадахгүй! Ямагт гуйж л амьдрах болно. Ертөнцөөс ч, нийгмээс ч, амьдралаас ч эрдмийн хүч чадал, мэдлэг боловсролын ааг түрэн авч чадах юм юу ч байхгүй, зөвхөн “олдсон”-ыг л, “өгсөн”-ийг нь л алга тосон авч амьдрах юм. Чиний асууж байгаа, “мэддэг ч хүн алга, мэдэхгүй ч хүн алга болжээ, яагаад вэ? гэдэг асуултыг  тавиулаад байгаа бодит байдлын нэг гол учрыг эндээс хайх хэрэгтэй юм. Мэдлэг боловсролын дульхан түвшин, ажил үүрэг гүйцэтгэх чадварын дутмаг хэмжээ, монголчууд бид нарийн гүн мэддэг ч юмгүй, тэгтэл бас, дуулаагүй, дуурайгаагүй ч юмгүй, саармаг саарал үндэстэн болчихсоны үндсэн шалтгаан нь залуус маань залуу насаа “хэрэггүй жаргал”-аар, хэтэрхий их өнгөрөөж байгаад л байна.Гэтэл хүн залуу насандаа л хамгийн их зовох хэрэгтэй байхгүй юу. Энд би өвчин зовлон, үхэл хагацлын зовлон үзэж туулахыг хэлж байгаа юм биш, нүдээ улайж өвдтөл ном унших, бөгсөө хавдтал ажлын ширээний ард суухын “зовлон”-г хэлж байгаа юм. Энэ зовлон л хүний амьдралд жинхэнэ баяр жаргал авчирдаг “сайхан зовлон” юм. Энэ “бичигдээгүй хууль”-ийг хүмүүст бүүр хүүхэд байхаас нь ойлгуулж, шаардаж, шахаж, үе үе “алганы амт” үзүүлж байх хэрэгтэй юм. Гэтэл одоо манай амьдрал, нийгмийн хүмүүжлийн “хүнлэг” тогтолцоо шал эсрэгээрээ яваад байгаа харагддаг. “Хүүхэд манай ирээдүй” гэдэг ойлголттой маргах аргагүй ч өнөөгийн хүүхдүүдийн үзэл бодол, ааш аяг, төрх төлөвийг үзвэл, Монголын ирээдүй дан “эрхийн тэнэг” хүүхдүүдийн л ирээдүй байх төлөв үзэгдэнэ. Монголд “гаднаа гялан, дотроо палан” хүүхэд, залуусын аюул нүүрлэж эхэллээ. Ер нь, энэ аюул гоцтой илрээд байна шүү! Энэ бол хэтдээ монголыг монгол биш болгох, өөр нэртэй улс болохын цондон шүү.Өөр нэртэй тэр “шинэ” улс өөр хилтэй, өөр хэлтэй, өөр элэг сэтгэлтэй, өөр хувцас хунартай улсын эх орон байх болно. Үүнийг хатуу сануулах цаг тулчихсаныг “юм мэддэг ч хүнгүй, мэддэггүй ч хүнгүй” болчихсон өнөөгийн завсрын “саарал тархи”-тай хүмүүсээр дүүрчихсэн нийгмийн гажуудлын үед хэлэхгүй бол дэндүү хождоно…

-Улстөрийн байдал, иргэд хоорондын харилцаа гээд нэг л болохгүй байна даа.Таны бодлоор яавал зохилтой юм бол?

 -Бүх буруугийн үндэс нийгмийн тогтолцооныхоо бурууд оршиж байгаа юм л даа, хө. Хувийн өмчид тулгуурласан зах зээлийн харилцаа бол нийгмийн хамгийн доод ухамсарын харилцааны тогтолцоо юм. Өнөөдөр Монголд “болохгүй байгаа” бүх “үл бүтэх” бодот үр дүн, бүх үйл ажиллагааны үүсгэгч нь,- “хувийн өмч л нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл “өмч л хөгжлийн гол механизм” гэж ойлгосон буруу ойлголт, буруу үзэл бодол юм. Энэ хортой ойлголт, үзэл бодлын дайралтаар Монголд явагдсан “Хувьчлал” хэмээх “субботник”-ийн дайчилгаа монголын ард түмний ариун шудрага хөдөлмөрөөр бүтэн зууны туршид шахуу бүтээж буй болгосон нийгмийн баялагийг цөөхөн тооны “бохир гар”-уудад буюу эдийн засгийн далд ашиг сонирхолын бүлгүүдэд төрийн хуйвалдаанаар хуваан өмчлүүлснээр монголын эдийн засгийг “элгээр нь мөлхүүлсэн”. “Мөлхөө” эдийн засгийн тогтолцоо өөрийгөө цагаатгасан, мөн чанараа хамгаалсан, зарим үнэнээ нийгмээс нууцалсан улстөрийн тогтолцоог яаралтай “босгоод” авав. Тийм үү? Тэгээд Монголын улстөрийн алба 1990 оноос хойш зөвхөн хувийн өмч, ашиг олзонд улангасадын тэмцэлийн орчин болов. Төрийн алба зөвхөн цалин, унаа тэрэг, засаг ямба, олон давхар хаус, олон га эдлэн газар эзэмших эрх олох ажиллагаа болж хувирснаас улстөрийн намуудын хэрүүл зодоон, ардчилсан “сонгууль” нэртэй албан суудлын булаалдаан, за, “булаалдаан “ч юу байхав дээ, сонгогчидын саналыг бохир мөнгөөр худалдаж авах “хулхидалт” амьдралд нэвтрэв.Тэгээд монгол хэлэнд, нийгмийн сэтгэлгээнд “улстөржих” гэдэг нэр томъёо үүсэв. Тийм үү? Өнөөгийн энэ “болохгүй байгаа” харилцааны гол шалтгаан энэ юм. Та нарын өнөөх хөрөнгө-санхүү, эдийн засгийн хямрао бол зөвхөн эдийн засгийн шинж чанартай ч үзэгдэл биш, зөвхөн улс төрийн тогтолцооны үүсч буй шинж чанартай ч үзэгдэл бус, нийгмийн ёсзүй, ард иргэдийн хүн мөс, харилцааны соёл, оюуны ертөнцийг бүхэлд нь хамарч буй нийгмийн системийн хямрал юм. Иргэд хоорондын харилцаанд “болохгүй байгаа” зөрчил, бухимдал, хараал, хэрүүл тэмцэл, амь насаа бүрэлгэлцэж шорон гянданд хатаж буй хар тэмцэлийн уг шалтгаан чинь чухамдаа бол, хувь хүмүүсийн харилцааны бүдүүлэг зарлагийн илрэл бус нийгмийн тогтолцооны гажуудалын илрэл. Одоо цаашдаа яах вэ? гэдэг асуулт ургаж байна. “Яавал зохилтой вэ? гэж чи асуулаа.Миний бодлоор бол, юуны өмнө, нийгмийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй! Өөрөөр хэлбэл, угаасаа эдийн засгийн хямралд тогтмол нэрвэгддэг зайлшгүй хуультай хөрөнгөтний /капиталист/ нийгэм рүү ухрах бус төвлөрсөн төлөвлөгөөгөөр тэгш зохицуулагддаг улсын өмчит үйлдвэр, худалдаатай харилцаатай нийгмийг жинхэнэ онолын нь утгаар байгуулахаар урагш дэвжих хэрэгтэй! Энэ бол мөлжлөгийн хөдөлмөрийн үр дүн болсон хуримтлалын нийгэм бус, нийгмийн баялагийн тэгш хуваарилалтыг хангагч бүтээн байгуулалтын нийгэм байх болно. Энд бараа үйлчилгээнд дамын наймааны үнэ бус, шинжлэх ухааны үндэслэлтэй /үйлдвэрлэгчид тодорхой хувийн ашигтай, худалдан авагч хүнд шулагдалгүй!/ хатуу үнийн тогтолцоо үйлчилнэ. Нийгмийн гишүүд иргэнийхээ үүрэгт захирагддаг ухамсар эрх чөлөө эдэлнэ. Түүнээс биш өнөөгийн монголчуудын эдэлж буй хүнийг хүн биш болгодог хамгийн том аюул дагуулсан ийм задгай, “үүрэггүй” эрх чөлөө биш! Үүргээ ухамсарлаагүй эрх чөлөө, хариуцлагаа ухаараагүй эрх бол нийгмийн хамгийн хортой дайсан юм.Ийм эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн хэрэглээг хүнд ямагт айдас дагуулах ёстой! Өнөөгийн залуу улстарчид капитализмаа ч ойлгоогүй, социализмаа ч ойлгоогүй, алины нь ч мөн чанарыг ойлгоогүй, гагцхүү АНУ-ын ахуу амьдралын хэв загварын гадна талыг л харж баясч, хүсч дуурайж, ихэд тачаадангуйгаар сурталчилж байна. Одоо монголчуудад социализмын уг чанарыг ойлгоогүй алдаагаа засах л цаашдын хөгжлийн ганц гарц болж үлдлээ. Капитализмыг судлах, бахдахынхаа зэрэгцээ  социализмыг судлах онол-практикийн аль аль түвшинд суралцах хэрэгцээ нийгмийн сэтгэлгээний гол хэрэгцээ боллоо гэж бодож сууна. За, эцэст нь, тэгээд нэг үг хэлмээр байна. Юу гэвэл, жинхэнэ эх оронч элэг хадгалсан, санаа ярьсан хүнээ хоцрогдсон хүн гэж боддог, элэг доог болгон шоолдог олиг сэтгэлзүй нийгэмд үүсчээ. Бас нэг, сөрөг үр хойшлого дагуулах сэтгэлзүй дэвсгэрлэгдсэн нь,-баян, хөрөнгөтэй хүндээ атаархаж муулдаг, эсвэл, түдэж, улыг нь долоодог туйлшралд автав.Энэ туйлшрал хөрөнгөт хүнийг үзэн ядаж,дайсагнах, эсвэл, түүнд боолчлогдох хязгаар руугаа хэлтийж эхэлж байна. Энэ бол хөгжлийн зөрчил биш шүү, хө! Монголд жинхэнэ бодит хөгжлийн зөрчил, өрсөлдөөн өрнөхгүй байна.Уг нь , энэ бол эерэг үзэгдэл юм.Гэтэл, эсрэгээрээ, манай зөвхөн хүний мөн чанар, ёс суртахууны уналт, оюуны хоосрол, үзэл санааны дампуурлаас үүдэлтэй сөрөг зөрчлүүд л зудтай өвлийн ноход шиг буйлж байна!

-Өнөөдрийн залуучуудын ирээдүйд итгэх итгэл мөн ч хэцүү байна.Та тэдэнд хандаж юу хэлэхсэн бол?

-Хүн өөрөө ямар байна, ирээдүй нь тийм л байна шүү дээ.Ирээдүй гэдэг хүний амьдралын Өчигдөр, Өнөөдөр хоёрын л нийлбэр дүн дүн! Өчигдөр юу ч хийгээгүй, юу ч бүтээгээгүй, дээр нь тэгээд Өнөөдрөө Өчигдрийнх шигээ өнгөрөөвөл, Ирээдүй нь гагцхүү тэр хүний доромжлол л байх болно. Өчигдөр, Өнөөдөр хоёроо үр бүтээлтэй, нийгэмдээ хэрэг тустай өнгөрүүлсэн хүнд Ирээдүй нь баяр жаргал авчрах сайхан цаг хугацаа байх болно.Тиймд Ирээдүй рүү харахаасаа илүү Өчигдөр рүүгээ эргэж хар, Өчигдрөө сайн шинжиж дүгнэх нь хамгаас зөв! Өчигдөр, Өнөөдөр хоёр л хоосон өнгөрвөл Ирээдүй нь бас хоосон хар нүх шиг юм хүлээж байх нь зайлшгүй! Ер нь, яг үнэндээ, Ирээдүй шиг хуурамч, бүдэг бүрхэг юм байдаггүй юм шүү дээ. Ирээдүйг авуурьд сайн майхан байна гэж бүү итгэ!Өөрсдөө л Өнөөдөрөө төгс төгөлдөрөөр бүтээ! Тэгж гэмээ нь л Ирээдүй сая гэгээн, амгалан жаргалын босготой байх нь магадтай! Хүнд заяагдаж байгаа амьдралын хугацаа бол юм хийж сурахад л, хийж бүтээсэн үйлс, буянаараа л жаргал эдлэхэд зориулагдсан хугацаа! Тэгэхээр, энэ богинохон, харамхан хугацааг үр дүнгүй, хоосон дэмий өнгөрөөнө гэдэг бол, шуудхан хэлэхэд, амиа хорлож байгаатай л адил юм. Гэтэл, үнэнийг хэлэхэд, ихэнхи хүмүүс маань, ялангуяа, багачуул, залуучууд маань өдрийг дэмий үрээд өнгөрөөх юм.Өдөр өнгөрч л байвал бөөн баяр болох юм. Гэтэл өнгөрч буй цаг мөч, өдөр хоног хүний амьдралын дайсан шүү дээ. Өнгөрч байгаа цаг хугацаа шиг аймшиг хүний амьдралд байхгүй.Тэр тусмаа хүмүүст тус нэмэргүй, ажил бүтээлгүй, хоосон өнгөрүүлж буй цаг хугацаа бол жам ёсны үхлээс дор үхэл! Монголчууд бидний ахуй үнэнийг өнөөдөр харахад, гадна талдаа бол, яахав дээ, сүрхий л хувцасласан, сүрхий л тансагласан хүмүүс гүйлдэж харагдах юм. Мэргэд айлдах нь, “Бие бурхан, хувцас чөтгөр” гэдэг шүү дээ. Элдэв эрээн мяраан бөс даавуугаар биеэ гоёдог болсоныг буруушаах нь ч юув, гэхдээ,хувцас хунар, хуурамч цаагуураа бол, “чөтгөрлөг” ад чанартайг ухаантан дээдэс сургамжилсныг санаж явах нь л ононо. Би сониноос саяхан нэг баримт уншсан. Өнөөгийн энэ эр эм гангацуулаас номын санд шагайдаг нь, дэлхийн сонгодог сэтгэгчид, зохиолчид, эрдэмтдийн ботиудаас уншиж нүдээ чилээдэг нь тун ч цөөхөн, харин харамсалтай нь, тэдний олонхи нь ууш зуушны газраар л бөгсөө чилээж, ангалзаж суудаг, эсвэл, гудамж хэмжиж цаг нөгцөөдөг гэж тэр баримтанд дурдсан байна лээ. Амьдралаас ажиглаж байхад энэ баримт тун ортой юм шиг байна лээ. Энэ “салхидсан тэмээ” шиг олийсон амьтад хаанаас төрж үржээд байна гэхээр, мөнөөх л “эрхийн тэнэг”-үүдээс л гаралтай байдаг.Ихэнхи нь л эрхи танхи, тарган цатгалан өсөж хүмүүжсэн “нийслэлийнхэн”, “хот сууриныхан”! Урианхай мэтийн өлмүүн зэлмүүн амьдралын гачигдал дунд хатуужин амьдралын замд хүн болсон “хөдөөнийхөн”, “нүүдлийн соёл, боловсролынхон” л хаа очиж энэ Монгол Улсыг “улс” болгож бүтээсэн, гэтэл, одооны энэ хот хүрээний шулга, “ороо”, “жороо” сээхэлзүүрүүдхарин Монгол улсыг маань улс биш болгох “аюулын вирус”-ыг тээгчид болох магадгүй шиг байна. Би хүмүүст сануулга болж туслах магадгүй гэж горьдохдоо зориуд ингэж хатуу гашуун үг хэрэглэн хэлж байна шүү! Уучлаарай! Ер нь бол, “эрхийн тэнэг” үрс л эх орныхоо хамгийн нууц “дайсад” шүү! Яагаад гэвэл, тэд юунд ч санаа зовохгүй, өөрөөсөө бусдыг хайрлахгүй, бусдын төлөө хэзээ ч биеэ зовоохгүй, баатарлаг эр зориг хэзээ ч гаргахгүй, эх орныхоо төлөө юугаа ч золихгүй, зүгээр л “харилцан ашигтай” наймаа хийнэ. Саяханы нэг өдөр монголчуудын овог судлаач, Өвөр монгол эрдэмтэн надтай гудамжинд, Улсын Төв Номын Сангийн үүдэнд уулзаад “сүүдэр татуулж” зогсохдоо надад хэлэв. “Манай хошуунд Хятадууд ирж суурьшсанаар нутаг маань ууландаа модгүй, усандаа загасгүй болов!” гэж ярив.Би дотроо бодлоо: “Манай Монгол нутгийн ялгаа нь, -бид монголчууд хятадуудыг ирж нутаг усанд маань суурьшихаас өмнө өөрсдөө уулаа модгүй, усаа загасгүй болгож дөнгөлөө дөө!” гэж бодов. Гэхдээ, уулаа нүцгэлж, усаа хуурайлж буй аль нэг монгол иргэний гар, хөл, магадгүй, ил, далд “хөрөнгө оруулалт” байхыг үгүйсгэх аргагүй юм. Яагаад гэвэл, мэдэх аргагүй! Хятадууд хийж буй “Нууц юм”-аа бусдад мэдэгдэхээр хэзээ ч хийдэггүй улс шүү дээ! Шүүмжлэл хайраас, зөв санасан сэтгэлээс гардаг, харин, хараал л хорссон, үзэн ядсан сэтгэлээс гарна. Амьдралынхаа хамаг үнэт цагийг хий хоосон сэлгүүцээд үрэн таран барж буй хүүхэд багачуул, залуу сайхан харчуул, бүсгүйчүүлийг хараад харуусах сэтгэл төрж зөрдөгтөө л ингэж шүүмжилж сууна. Хүнд чинь хамгийн үнэтэй юм нь, -амьдрал нь шүү дээ. Хүний амьдрал ердөө ганцхан л үндсэн утгатай, салаа утгууд байхгүй. Тэр үндсэн утга нь,- олон түмэндээ тустай ажил сурах, ажилдаа төгс мэргэжих, тэгээд, хийж бүтээж үлдээснээрээ олондоо хайрлагдах! Хүнд амьдрал хэрэгтэй бол тэо хэрэгцээ нь энэ л юм!

-Тэгвэл таны ид залуу амьдарч байсан нийгмийн тухай? Та бүгдийн ирээдүйд итгэх итгэл ямар байв? Таны хувьд бусдаас өөр байсан байж болох юм!

-Миний залуу насаа өнгөрөөсөн нийгмийн мөн чанар одоо та нарын залуу насаа зарж буй нийгмийн мөн чанараас бараг эсрэг шахуу юм. Хооронд нь зарчимын ялгаанууд их бий. Социализмын үеийн “захиргаадалт” нь ард иргэддээ зах зээлийн харилцааны “эрх чөлөө”-нөөс хавьгүй илүү хүнлэг чанартай байсан, өөрөөр хэлбэл, тэдэнд өнөөгийн энэ “гудамжны”, “эзэнгүй”, “хамхуул” чанарын эрх чөлөөнөөс хавьгүй их ач тустай байсан. Нийгмийн зохион байгуулалтанд орж нийгэмшиж буй хувь хүмүүсийн эдлэх эрх, эрх чөлөө бол нүүр нүдгүй шуурганд хөөгдөж яваа адуу малын “эрх чөлөө” болж болохгүй. Ийм “эрх чөлөө” хүнийг хүнийг золбин болгох ч үүдтэй эрх чөлөө! Ирээдүйн мөн чанарын тухайд түрүүнд миний ярьсан утга санаа бол миний одооны бодол л доо. Би залуудаа ирээдүйн тухай маш романтик, утопи үзэл бодолтой явсан байна лээ. Ирээдүй гэдэг амьдралын маань дуудлага байлаа.Коммунизм хүн төрөлхтөний амьдралын төгс төгөлдөр дүр төрхийн сонгодог загвар байлаа. Энэ буруу биш л дээ, зөв! Үнэнхээр тийм байх болно. Гагцхүү хүн төрлөхтөн хүрч чадах л хэрэгтэй юм. Даанч хүртлээ оюун сэтгэлгээний хөгжлийн болон практик үйл ажиллагаагаа бурханлаг гэгээн болгох хөгжлийн олон үе шатаар өгсөх хэрэгтэй юм шиг байна даа!...

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(73.231.128.120) 2019 оны 01 сарын 24

Урианхай уг нь шагналд дуртай. Даанч болзлыг нь хангаж чаддаггүй юм. Тэгээд л уур хүрэхдээ нэг удаа ”Ийм төрөөс шагнал авахгүй” гэчихжээ. Дүр эсгэсэн амьтан. Ухаантан болу дүр эсгэсэн

0  |  0
ZUW HELJEE(66.181.161.59) 2019 оны 01 сарын 24

Uhaantai uwgun

0  |  0
Сахлаа хусуул өвгөн (139.5.216.207) 2019 оны 01 сарын 24

Маанаг өвгөн

0  |  1
Зочин(202.9.43.146) 2019 оны 01 сарын 23

Ухаантай буурлуудтай ярилцаж сургаалиас нь байнга сонсоод байвал алтны дэргэдэх гууль шарлах байх даа.Бүр тийм дагнасан ТВ -ийн студи ѳдѳр бүр нэвтрүүлэг гаргаж баймаар.МҮОНТ

1  |  0
Мэмэ(37.174.126.136) 2019 оны 01 сарын 23

Маш их баярлалаа. Би өөрөө ч дахин дахин уншив. Хүүхдүүддээ ч уншиж өгч хоорондоо ярилцав.

1  |  0
mgl emegtei(59.153.112.244) 2019 оны 01 сарын 22

Д.Урианхай зохиолч сүүлийн 3 жил Опен доор сонины Алтанхуяаас өөр ямар ч сонин сэтгүүл хэвлэлд ярилцлага өгөөгүй. Энэ тухай ”Д.Урианхай судлал” академийн албан ёсны мэдэгдлээс болон зохиолчийн Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай нүүр номоос тодорхой мэдээлэл авч болно. Энэ ярилцлага нэлээд эртийнх бололтой. Ууганаа энэ ярилцлагынхаа анх нийтэлсэн хугацааг дурдвал сайнсан.

1  |  0
Зочин(103.9.90.50) 2019 оны 01 сарын 23

Их зохиолчийн маань үг болгон тунгаамал эрдэнэ, шижир алт шиг л сонсогдож байна. Он жилүүд өнгөрөх тусам энэ хүний энэ үгнүүд орой руу орж амаа барих өдөр ирнэ ээ. Гэхдээ ард түмэн л хохирно. Тйим болохоор одооноос төр засгийн жолоо атгуулж, толгой дээрээ залчихаад захирч чадахгүй байгаа хувалз, бирдүүдээсээ салах хэрэгтэй! Ганц удаа ард түмэн төр барих сонгуулийн саналын хуудас дугуйлах 5-10 минут . .. Энэний төлөө бүхэл бүтэн улсаа, нийгмээ, амьдралаа сүйтгэж дээ бид. Энэ ярилцлагыг маш олон хүнд хүргэх юмсан.. агуу үг

2  |  0
ТЭВЭГТ(112.72.11.114) 2019 оны 01 сарын 23

АРГАГГҮЙ ҮНЭН Ч ЭНЭ МУУХАЙ ЦАГ АРИЛНА

1  |  0
Наран (103.212.117.221) 2019 оны 01 сарын 29

Монголд Минь Урианхай гуай шиг ухаантай сайхан буурлууд их угуйлэгдэж байна даа, ухаантайчууд Минь ард Тумэн биднийгээ уриалаад энэ сурэг хулгайчуудтай ухаанаар тэмцэлдээд газар шороо, тусгаар тогтнолынхоо унэ цэнийг ойлгуулахад замыг нь зааж огвол хэрэгтэй л байна даа

3  |  0
зочин(202.179.27.45) 2019 оны 01 сарын 23

Ард түмний Төр байхаа болиод Нам нэртэй Гэмт бүлэглэлүүдын Төр болчихсон нь Үнэн шүү дээ

2  |  0
Зочин(66.181.161.71) 2018 оны 06 сарын 20

.МУНДАГ ХУН БАЙГА ЛЭЭ

0  |  0
CHIMGEE(59.153.113.193) 2018 оны 06 сарын 20

UHAANTAN,AGUU HUMUUN

0  |  0
Монгол(66.181.161.86) 2019 оны 01 сарын 23

Энэ нийтлэлийг бичиж оруулсан сэтгүүлчиддээ баярлалаа

1  |  0
MOHGOL(66.181.161.86) 2019 оны 01 сарын 23

Урианхай гуай шиг буурлууд улсад маани мөн ч хэрэгтэй бна даа бга дээр ни үгийг сонсож энэ бурангуй нийгмийг засаж залруулах хэрэгтэй шүү тэд мөнх биш ирээдүйг яг л хэллээ эрхийн тэнэгүүд ёу хийж чадахав дээ

1  |  0
Зочин(172.58.224.250) 2019 оны 01 сарын 29

Тэрс өөр үзэлтэй шашингуудыг хольж бантан болгож ойлгоод, өөрийгөө гүн ухаантан гэж ойлгожээ

1  |  2
би (27.123.214.87) 2018 оны 06 сарын 20

Урианхай гуайг дагацгаая!

0  |  0
вол(71.168.135.96) 2018 оны 06 сарын 20

Б.Ринчиний хойд дүр үү.

0  |  0
Top