Буурал Европын зүрх, анхдагчдын өлгий нутаг Умард Ирландын Вант улс. Бидний нэрлэдгээр Англи улс дэлхийд хүчирхэг хэвээр оршин тогтносоор л байна. Энэ улсын хүчирхэг байгаа шалтгаан нь эдийн засаг, геополитик гэхээсээ илүүтэйгээр иргэдтэй нь холбоотой болов уу. Европын орнууд, Америк, Хятад, Солонгос, Япон гээд хүчирхэг гүрнүүдийг нэрлэж болно. Харин тэдгээр улс орны хүчирхэг байгаа шалтгаан нь иргэдийнх нь ухамсар, хөгжилд тэмүүлсэн хүсэл, хандлагатай холбоотой юм.
Гэтэл Монгол Улс Сири, Африк, Пакистан, Иран, Ирак шиг хар амиа бодсон хэдхэн хүний нөлөөнд автаж ухралтыг сонгосоор хөгжлийг цонхны цаанаас харсаар өдийг хүрлээ. Уг нь бидэнд хөгжиж болохоор олон гарц, олон боломж байгаа ч эвлэж өгөхгүй, хүсч тэмүүлч чадахгүй байсаар байна.
Улс төр, газар шороо элдэв зүйлийг энд орхиж, зүгээр л Улаанбаатар хотын бүтээн байгуулалтаар цөөн жишээ татья.
Хүүхдийн тоглоомын талбайг булааж түүн дээр барилга барина гэдэг буруу. Стандарт шаардлага бүгдийг тэр барилга үгүй хийнэ. Харин автозогсоол дээрээ хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын амрах газар байгуулж буй шинэ үеийн хотхонууд элбэг болжээ. Энэ хотхоны оршин суугчид үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчин аж төрөх эрхээ эдэлж байна. Үүнийг ч оршин суугчид хүсч, барилгын компаниудаас шаардаж, шаардлага хангахгүй барилгууд зах зээлээс түрэгддэг болсон байна. Энэ бол буурал европын, хөгжиж буй орнуудын жишиг юм.
Гэвч урагшаа алхахад хойшоо татдаг муухай Монгол зан хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд үргэлж төвөг удсаар л байгаа. Зөвхөн орон сууц гэлтгүй аялал жуулчлалд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт, олон олон барилгын үйл ажиллагаанд төвөг удсан жишээнүүд бий. Дэлхийн стандарт Шангрила зочид буудал Монголд баригдах үед хүүхдийн паркын газрыг булаалаа гээд сүйд болж байв.
Үнэндээ хотын төв дэх шарилж ургасан, улаан шороо хуйларсан хоосон газарт дэлхий сонирхож, гадны зочид саатан тухлах зочид буудал сүндэрлэчихлээ. Энэ бол жигшин зэвүүцэх биш алга ташин баяр хүргэх явдал юм. Яг л хөдөөний бор хүү олимпийн наадмын аварга болчихсонтой адил дэлхийн чихнээ час хийн сонгогдсон гайхалтай үйл явдал.
Мөн бөбөчид /архичид/ цуглаж, хогоор дүүрсэн Зайсан толгойг үнэ цэнэтэй болгож чадсан Зайсан Хилл гэх барилга байна. Хэрвээ энэ барилга баригдаагүй бол өнөөдөр хатсан өвс, хаягдсан архи, ус, ундааны лааз, лааз дүүрсэн жирийн л нэг толгод байх байсан. Харин одоо Зайсанг зорьсон иргэд хормойд нь шорлог идэж, энгэрт нь дэлхийн жишгээр кино үзэж, дээд зэрэглэлийн ариун цэврийн өрөөг ашиглаж, шилэн гүүрээр дамжин Зайсан толгой өөд гарч, Улаанбаатар хотоо тольдох боломжтой болсон байна. Зайсан толгойн өмнөх дүр төрхтэй харьцуулаад төсөөлөөд үзээрэй. Урдхан талд чинь хүн илээр бие засч, хажууд нь өөр нэг нь тасарчихсан унтаж байх ба Зайсанг зорьсон иргэд гартаа барьсан хогоо хаях гэж хогийн сав хайсаар туулын гүүр ордог байсан үе бий. Харин одоо Зайсан толгой дээд зэрэглэлийнх болсон. Тэнд ая тухыг мэдрэх гэж, амрах гэж очдог болсон. Энэ бол аялал жуулчлалын зорилгоор газар эзэмшүүлсэн төрийн оновчтой шийдвэрийн илрэл юм.
Тэгвэл үүнтэй адилаар туул голын эрэг дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж хувийн хэвшлийнхэн ядарч байна. Дарга, сайд нь энэ барилга барьж болно гэж зөвшөөрөл олгодог учраас л тэд бүтээн байгуулалт өрнүүлдэг. Английн Лондон хот шиг голынхоо эрэг дээр дээд зэрэглэлийн ресторан, дэлхийд ганц байх алсыг харагч, худалдаа үйлчилгээний төвүүд байгуулах мөрөөдлийн гэмээр хүслээ хувийн хэвшлийнхэн биелүүлэхээр ажиллаж байгаа нь энэ л дээ. Түүнээс туул гол өмнөх шигээ урсаж, иргэд нь эрэг дагуу хогоо хаяж, тэг голд нь зогсчихоод машинаа угаадаг хуучин дүр төрхөө хадгалж үлдмээр байвал хамаа алга. Хамгийн гол нь хуучин Монголын иргэд Лондон руу очиж, алсыг харагчид сууж, Хятад руу явж, Цагаан хэрэмээр аялж байхаар Монголдоо, Улаанбаатартаа тэр бүх гайхамшигийг мэдрээсэй гэсэн хүсэл хувийн хэвшлийнхэнд л бий. Түүнээс төр бидний татварын мөнгөөр сөөм газар ч цэцэг тарихгүй, тоосго өрөхгүй.
Эндээс Монголд болохоор шарилжиндаа дарагдаж, улаан шороо нь босч, хилийн цаад талд цэцэглэн хөгжиж байх ёстой юу гэсэн асуулт үргэлж урган гарч ирдэг юм. Яагаад зарим улс хөгжиж болоод байхад манайх түүнийг нь харж, гайхан биширсээр суух ёстой юм бэ.
Хөгждөг улс боломж, бололцоогоо ашигладаг. Иргэд нь, төр нь үүнийг дэмждэг. Дараа нь дэлхийн анхаарлыг татсан бүтээн байгуулалт өрнөж, жуулчлалыг татсан бүс нутаг болж чаддаг. Харин Монгол болохоор хөдөө талаас өөр харуулах, гайхуулах зүйлгүйгээр шинэ үеэс хоцрогдож, аялагчдын дэвтрийн хамгийн арын хуудсанд бичигдэж, иргэд нь визэнд дугаарлаж, Байгаль нуур, Түндэмүн зах, Сакура цэцэглэхийг үзэхээр мянга мянгаараа ниссээр…
Уг нь бид туул гол дээрээ гоёмсог гүүр барьчихаад түндэмүний оршин суугчдыг татдаг бол. Туулынхаа эрэг дагуу дэлхийн томоохон ресторануудыг нүүдэллэн ирэх боломжийг нээж өгчихөөд /яг шангрила шиг/ Орос улсад дэлхийн аварга үзэхээр очигсод замаараа дайраад өнгөрөх нөхцлийг бүрдүүлвэл? Гэтэл туул голынхоо эрэг дээр хог хаяж, машинаа угааж, хүссэн газраа бие засахыг илүүд үзэж, бүтээн байгуулалт өрнүүлсэн баялаг бүтээгчдээ улс төрчидтэйгээ нийлж байгаад хараан зүхэх юм. Тэгээд хэн бүтээн байгуулж, хэн энэ улс орныг хөгжүүлж, хэн та бидний хүсдэг дэлхийн жишигт ойртуулах юм бэ.
Ганц ширхэг оймс зарахын тулд арын хаалгадах шаардлагатай болсон энэ үед тоосго өрж барилга барина гэдэг ямар хүнд, ямар их дарамт шахалтыг даван туулдаг вэ гэдгийг хувийн хэвшлийнхэн л ойлгоно. Гэтэл зориг гаргаад юм хийе, бүтээе гэсэн нэгнээ адлаж, нийлж байгаа дэвсэлдэг энэ муухай занг яах вэ. Бид энэ зангаа засаж чадахгүй бол дээдэстээ цалингаа татвар нэрээр хураалгаж, халамжаар ходоодоо хэмжүүлэхээс хэтрэхгүй…
Л.Тамир
Сэтгэгдэл ( 5 )
ЭЦЭСТ НЬ ӨӨРСДӨӨ ТУУЛ ГОЛЫНХОО ЭРЭГТ ОЙРТОХ Ч АРГАГҮЙ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ КК
This is a very good idea.We must understand our time and world development.
Яг үнэн. Би л хувьдаа энэ нийслэлийн иргэнийхээ хувьд Зайсан орчмын бүтээн байгуулалтад баяртай байдаг.
ИБУИНВУ гэж бич