Б.Жавхлан:Эдийн засгийн хувьд чухал шийдвэрүүдийг гаргаж чадсан

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 30

УИХ-ын Хаврын чуулган хаалтаа хийж, өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж цэгнэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас Хаврын чуулганы үр дүнгийн талаархи байр суурийг сонирхолоо.

--Хаврын чуулган завсарлаж байна. Энэ удаагийн чуулганы хуралдаан хэр үр дүнтэй байсан гэж дүгнэж байна вэ та?

-Хаврын чуулган хууль ёсны хугацаандаа төлөвлөсөн бүх ажлаа амжуулан завсарлаж байна. Хаврын чуулганы төгсгөлд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан нь энэ том төсөл цаашид эрчимжиж үр өгөөжөө өгөх шатандаа орлоо гэж харж байгаа. Урт хугацаанд хөгжлийн гол суурь болох энэ том төсөл нэгэнтээ гараанаас гарч, 30 хүртэлх хувь нь олон улсын биржээр дамжиж хөрөнгө оруулалт татах маш том боломж нээгдсэн. Энэ бол ямар нэгэн гадаад өр биш шууд хөрөнгө оруулалтаа татах хамгийн таатай нөхцөл бүрдлээ. Тийм учраас манай валютын нөөц талдаа ч тэр, хөрөнгө оруулалтын талдаа ч тэр маш том эдийн засгийн хөгжлийн түлхэлт болох шийдвэрүүдийг гаргаж чадсан. Би УИХ-ын гишүүний хувиар энэ удаагийн парламентийг маш сайн ажиллалаа гэж дүгнэнэ.

-Эдийн засгийн таагүй нөхцөлд энэ парламент ажилласан. Цаг хугацааны ихэнх нь энэ талд зарцуулагдсан байх тийм үү?

-Мэдээжийн хэрэг, эдийн засгийн таагүй нөхцөлд улс орноо санхүүгийн хямралаас гаргах олон хууль тогтоомжийг батлан, мөрдүүлж ажилласны үр дүн гарсан гэж ойлгож болно. Дээрээс нь Олон улсын валютын сан болон бусад олон улсын байгууллагуудтай хэлэлцэж тохиролцсон олон зүйлүүдээс төсвийн сахилга бат болон банк, санхүүгийн системд хийгдэх эрх зүйн реформуудын олон хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдсан нь ч үүнд хамаатай. Үүнээс хамгийн чухал зүйл нь “Банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай хууль” юм. Энэ хуулийг баталж гаргаснаар банкны систем эрсдэлгүй болж, банкин дахь эдийн засгийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, иргэдийн банкинд итгэх итгэл сэргэж байна.

-Таны хувьд өнгөрөгч чуулганы хугацаанд батлах ёстой ч батлаагүй ямар хууль үлдсэн гэж бодож байна вэ?

-Бидний 26 гишүүн “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль”-ийг хоёр жилийн өмнө өргөн барьсан. Хоёр жил болоход чуулганаар хэлэлцээгүй л байна. Хаврын чуулганд бас л хэлэлцэлгүй завсарлуулж, Намрын чуулган руу орлоо, хэлэлцэх байх гэж найдаж байна.

-Саяхан С.Эрдэнэ гишүүн Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хууль”-ийн төсөл өргөн барьсан. Та банкны хүн учраас үүнийг юу гэж харж байна вэ?

-С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан энэ хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар ярилцаад нэгэнт дэмжсэн. Миний хувьд бол арай өөрөөр харж байгаа. Үүнийг өөр замаар, өөр шийдлээр хийх ёстой гэж харж байгаа.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(66.181.161.106) 2018 оны 06 сарын 30

Энэ жавхлан их сургуульд чүт чүт л дунд сайн авдаг хүн бж билээ. Хэн нэгний суганы үс бх томрох юмда кк

0  |  0
Top