Өнөөдөр монголчууд бидний түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн “Долдугаар сарын 1” хэмээх өдөр. Өдгөөгөөс яг 10 жилийн өмнө сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй улс төрийн хүчнээс үүдэлтэй энэ үймээн тавын таван хүний аминд хүрсэн ч хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа нь хачирхалтай. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайдаар, өдгөө Оюутолгойн гэрээнд ороогдоод буй С.Баяр, УИХ-ын даргаар, өдгөө хууль тогтоож суугаа Д.Лүндээжанцан нар ажиллаж байв.
Арван жилийн өмнөх энэ өдөр “Буян” Б.Жаргалсайхан Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн хурал зарлаж “Надад Сонгинохайрхан дүүргийн иргэд 60 мянган санал өгсөн ч луйвардсан. Үүнтэй бид хатуу тэмцэнэ. Одоо МАХН-ын байрны үүдэнд О.Магнай цуглаан зохион байгуулж байгаа бол Ж.Батзандан Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд жагсаал зохион байгуулж байгаа. Миний хувьд энд хэвлэлийн хурал хийчихээд бүгдээрээ МАХН-ын байрны үүдэнд уулзах тохироотой” хэмээн мэдэгдээд гарахад МАХН-ын байрны үүдэнд хөл хөдөлгөөн эхэлчихсэн, тэр үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж ачааны тэрэгний тэвшин дээр өсгөгч зоочихсон “сонгуулийн булхай луйвартай ард түмэн бид хатуу тэмцэх ёстой” хэмээн ард нийтийг самуунд уруу татаж явсан нь хэвлэлийн архивт бий.
Үдээс хойш жагсаал цуглааны байдал хэвийн бус болж, сүүлдээ хяналтаас алдагдаж эхэлсэн нь МАХН-ын байрыг шатааж, үймээнээр далимдуулсан хулгай дээрэм ч гаарсан. Сүүлдээ энэ үймээн самууныг тавын таван хүний амиар нам дарж авсан түүхтэй. Үүний эздийг өнөөдөр хүртэл тодруулаагүй. Таван хүний амь гарзанд гаргасан хэрэгт Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа мөрөөрөө алба залгуулж явсан цагдаагийн хурандаа нарыг шийтгэсэн болоод өнгөрсөн гэх маргаан ч байсаар байна. Энэ хэргийг шийдсэн болж өөрөөсөө зайлуулсан байж болзошгүй процесс байсаар байтал яагаад шалгахгүй байгаа юм.
“Буян” Б.Жаргалсайхан ард нийтэд таалагддаггүйгээ мэдэхгүй хэвлэлийн хурал зарлаж ард олныг үймээнд дуудаагүй бол, Ж.Батзандан нэг муу шантаажлагч гэдгээ мэдэхгүй жагсаал цуглаанд иргэдийг цуглуулаагүй бол, О.Магнай живхнээсээ салаагүй байгаагаа мэдэхгүй Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд иргэдийг уруу татан, хотын төв рүү тэр чигт нь хөдөлгөөгүй бол, Ц.Элбэгдорж шоучин гэдгээ мэдэхгүй нийт цугларсан иргэдийг үймээн самуунд уриалан дуудаагүй бол тавын таван хүний аминд хүрэх байсан уу.
Эсвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, үндэстний эв нэгдлийг илэрхийлэгч Н.Энхбаяр шүүх хүчний байгууллагыг захирагчийн хувиар үймээн дэгдээгч дээрх нөхдүүдийг нийгмээс тусгаарлаж, яаран зөв шийдэлд хүрсэн бол, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан эргэлзэн сууж байхаар тэр дор нь чуулган хуралдуулж яаралтай арга хэмжээ авсан бол, Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр ялалтын хундага тулгаж суухаар, цагаан байран дотроо хэвлэлийн хурал зарлаж байхаар талбайд цугларсан олны дунд гарч ирээд бодит байдлаар мэдээлэл хийсэн бол тавын таван хүний аминд хүрэх байсан уу.
Ингэхээр өнөөдөр монголчууд бид гэм зэмгүй таван хүний амийг, гэм зэмгүй үймээн дээрээс баригдаж хорих ялаар шийтгүүлсэн олон зуун залуусын хэлмэгдлийг, буруу зөвийг нь мэдэгдэхгүй золиос болсон байж болзошгүй цагдаагийн хурандаа нарын тухай гээд учрыг нь олж сануулах өдөр мөн билээ.
Локига утгын хувьд сонгуульд ялагдал хүлээсэн улс төрийн хүчнээс энэ үймээний учиг эхэлж хөврөх ёстой. Хурсан олныг үймээнд уухайлсан намын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн санаа бодлыг шалган цагдах ёстой байсан. Хэрвээ Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ хугацаанд “Долдугаар сарын 1”-ний хэргийг сайтар шалгасан бол Ц.Элбэгдоржид унаж хожмоо түүнээсээ хорих ялаар шийтгүүлэхгүй байв. Үүнээс гадна үймээнийг шууд утгаараа гардан гүйцэтгэж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан гээд бүгдийг нь сайтар шалгах хэрэгтэй байв. Энэ хэдхэн нэр бүхий хүнээс өөр хаашаа ч гарахгүй, ард түмний нүдэн дээр ил болсон баримт дүүрэн энэ үймээний эзэн холбогдогчийг өнөөдөр ч ард түмэн нэхсээр буйг хаа хаанаа санах учиртай.
Энэ сонгуулийн дараа УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин маргаантайгаар тангаргаа өргөж чадаагүй байсан. Тиймээс Х.Тэмүүжин нэгэн жилийн турш “Хонгио” хоч зүүтлээ хэдэн хонгио уутанд хийж бариад хэвлэл мэдээллийн байгууллагын босго элээсэн. Тэрбээр “Энэ хэргийн цаад учрыг би мэднэ” гэдгээ ч удаа дараа хэлж байсан. Харамсалтай нь түүнийг УИХ-д оруулж, улмаар 2012 оны сонгуульд АН-ын жагсаалтын гуравт эрэмбэлээд УИХ-д суулгасан төдийгүй Хууль зүйн сайдын суудал өгсөн нь нөгөө хэдэн хонгио алга болох шалтгаан болж, Х.Тэмүүжин ч хэлгүй дүлий мэт явах болсон юм даа. Зоримог хөдөлж байсан энэ залуугийн амыг үдэх шалтгаан нь ерөөсөө УИХ-ын гишүүн, сайдын суудал байв. Тэр ч бүү хэл энэ хэргийн учиг эхлэн хөврөх учиртай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Х.Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй залуу хүн” хэмээн АН-ынхнаас өмөөрч хүртэл байв.
Уг нь өнөөдөр Х.Тэмүүжингийн тэр хэдэн хонгио хэрэгтэй байна, түүний мэддэг тэр нууц ч хэрэгтэй хэвээр байна. Өнөөдөр Х.Тэмүүжинд ямар ч албан тушаал алга, тэгэхээр суудлаа алдана гэж айх аюул алга. Хэдэн хонгио өнөөх нууцаа одоо дэлгэх ёстой. Өнөөдөр түүнийг айлган өмгөөлж байсан Ц.Элбэгдорж чиний адил Монгол Улсын жирийн иргэн болсон гэхээр эмээх аюул алга.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Оюун-Эрдэнэ ээ ерөөсөө ёс зүйн хариуцлага гэгч нэлээд эртнээс гарч бугшсан бололтой бүр эхнээс нь баримтаар гаргаж тавьвал яасан юм. Баримт нь бэлэн байгаа в Баримтгүй 60 тэрбум гэж байхаар эхнээс нь нотлох баримттай асуудлыг босгоё оо.Тэгж байж л уг үндсээр нь хууль бус, ёс зүйгүй асуудлыг цэгцэлж чаднаа. Энэ асуудлыг Оюун-Эрдэн л хийж чадна. Чамд ард түмэн найдаж байна аа.Асуудлыг сүүлээс эхэлж хариуцлага нэхэж шийтгэх нэмэргүй л дээ. буглаа нь цаана нь үлдэж зөвхөн өнгөн хэсэг нь битүүрч хэд хоногий настай . Буглаа хагарч л таарна аа. Ёстай ард түмэн Оюун-Эрдэнээс хүсэж байга. Найдаж байна
Нэхээд байгаа хонгио чинь Ц.Элбэгдоржийн карманд л байсан ш дээ. Түүнээс нэхээ
uuganbyar yu ch oilgoogyi bna daa
Хэрэгтэй.зөв зүйл бичжээ.