Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын хурлын нээлтээс хийсэн сурвалжлага / I /

2018 оны 07 сарын 04

"Гамшигт хамгийн ихээр өртөж буй Ази, Номхон далайн бүс нутагт 2017 онд болсон байгалийн гамшгуудын улмаас Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн арлуудаас 11 сая хүн нүүн шилжихээс өөр аргагүйд хүрчээ. Өнгөрсөн онд Ази тивд 66.7 сая хүнийг хамарсан 200 гаруй удаагийн байгалийн гамшиг болж, үүний улмаас 6500 хүн амиа алдсан байна. Сүүлийн тавин жилийн хугацаанд байгалийн гамшгуудын улмаас тус бүс нутагт 1.3 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ."

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран энэ сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт  Төрийн ордонд боллоо.

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори нар хурлын Төрийн ордоны угтсан юм.

“Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын хуралд нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Ази, Номхон далайн бүс нутгийн 50 орон, Америк, Европ, Араб, Африк тивийн улс орон болон Засгийн газар хоорондын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагын 1584 төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Үүнээс Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын 15 сайд, 15 дэд сайд байгаа юм.

Азийн Сайд нарын II бага хурлыг Морин хуурын чуулгын хөгжимчид Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар эхлүүлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч, Хатагтай Мами Мизүтори, болон Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж “American school” сургуулийн 5 дугаар ангийн сурагч, 10 настай  З.Маралгоо  үг хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес видео мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хурлыг нээж үг хэлэхдээ "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг энд цохон тэмдэглэхийн ялдамд өмнөх хуралдаануудыг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Малайз, Бүгд Найрамдах Солонгос Улс, Индонези, Тайландын Вант Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье.

 Энэ хурал нь Газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог” хэмээн тэмдэглэв. Мөн "НҮБ-ын гишүүн орнуудын 2015 онд баталсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичгийн хэрэгжүүлэхийн тулд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох асуудлыг үндэсний төлөвлөгөөнд тусгахад онцгой анхаарахыг уриаллаа." Түүнчлэн .нэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг батална гэдгийг мэдэгдэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Миний бие Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн хоёр удаагийн хуралд өөрийн биеэр оролцож санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэр гаргалцсан, Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомт дээр ажиллан гамшигт өртсөн хүмүүсийн зовлонг хамт хуваалцаж, тэдний гамшгийг даван туулах асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, мэргэн ухаан, эр зоригоос эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж туршлага хуримтлуулсан юм." гэв.

Мөн үеэр тэрбээр: 

- Улс орон, холбогдох бүх талуудад хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгох.

-Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх.

-Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжих.

-Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлэх.

-Бизнесийн байгууллагуудын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих.

 --Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх гэсэн зургаан санал дэвшүүж буйгаа хэллээ. 

10 настай  З.Маралгоо охин: “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг зурагтаар үзэхэд надад маш их айдас төрдөг. Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй хоцорч, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би өөрийн эрхгүй уйлдаг.

Манай оронд “ЗУД” гэдэг өөрийн онцлог бүхий байгалийн гамшиг болдог. Зудын үеэр цаг агаар тэсгим хүйтэн болж, ан амьтдын хөл хөдөлж чадахгүй болтлоо тас хөлддөг.  Гамшиг тохиолдсон үед өөрсдөдөө тусалж чадахгүй байгаа хүмүүсийг хараад надад харамсалтай санагддаг. Гэсэн хэдий ч тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө гараа сунгах сая сая эрэлхэг, зоригтой хүмүүс байдгийг би мэднэ. Аврагчид эцэг эх, хүүхдүүдийг аюулаас аварч байгааг хараад би хязгааргүй ихээр баярладаг. 

Манай хотод газар хөдлөлт болсон тохиолдолд яах ёстой талаар сургуулиас минь бидэнд зааж өгдөг. Ангийн найзууд болон багш нарынхаа хамтаар аюултай үед барилгаас болгоомжтойгоор түргэн, шуурхай гарах сургуулилтуудыг хийдэг. Мөн хэрвээ найз маань гэмтвэл анхан шатны тусламж үзүүлэх тухай ч заадаг.

Эдгээр энгийн анхан шатны тусламжуудыг Та, Би, Бид Бүгд мэддэг байх ёстой гэдэгтэй надтай санал нийлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ шалтгааны улмаас өнөөдөр миний төрөлх хот болох Улаанбаатарт дэлхийн 50 гаруй улсын мянган мянган хүмүүс цугларч байгааг би мэднэ.

Чин сэтгэлээсээ би та бүхнийг Ази-Номхон далайн бүсийн хүүхэд залуучуудтай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна. Баярлалаа!” гэлээ.

 

Тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизүтори "Улс төрийн тууштай манлайллын үр дүнд ихэнх улс орнууд Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичгийн үзэл санааг хүлээн зөвшөөрсөн. Үг санааг иж бүрэн байдлаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэснээр гамшгийн хохирлыг багасгаж, аюулгүй байдлаа хангахын тулд ямар үйл ажиллагаа явуулах талаар жирийн иргэд илүү гүнзгий ойлголттой болно." гэлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлыхурлын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, "Монголын хүүхдийн ордон"-ны дуулаач хүүхдүүд "We are the World" дуугаар хаалт хийсэн юм.

 

 

Хурлын төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин, Тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизүтори нар сэтгүүлчдэд мэдээлэл хийснээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлын өнөөдрийн арга хэмжээ өндөрлөв.

Хурал маргааш салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top