Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн энэ оны хагас жилийн тайланг танилцууллаа. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны хагас жилийн байдлаар нийт 21165 өргөдөл гомдол гаргасан байна. Үүний 94 хувь нь шийдвэрлэгдэж, үлдэх хувь нь шийдвэрлэгдэх шатандаа байгаа аж. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 10 хоног байгаа нь өмнөх онтой харьцуулахад 16 цагаар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Иргэдийн өргөдөл гомдлын хандалт өмнөх оны хагас жилд 15815 байсан бол энэ оны хагас жилд 21165 болж өссөн байна. Мөн өмнөх онтой харьцуулахад шийдвэрлэж хариу өгсөн өргөдөл, гомдлын хувь өсч, шийдвэрлэх шатандаа байгаа нь буурсан байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дийлэнх хувь буюу 75.8 нь хүсэлт байдаг бол 19.6 хувь нь гомдол, 3 хувь нь талархал, 1.5 хувь нь санал байдаг аж. Мөн иргэдээс нийслэлийн дүүргүүдэд хандаж 2124 гомдол гаргасан байна. Гомдлын гол агуулга нь хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, ТҮЦ, ил задгай худалдаа, орон сууцны нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээний газрууд, газар чөлөөлөлт, газрын маргаан, сургуулийн өмнөх боловсрол, хандивын мөнгө, өрхийн эмнэлгийг тусламж үйлчилгээний талаар байдаг байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )