Д.Галсантогтох: Жин хүрээгүй учраас арын хаалгаар цэрэгт явж байлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Тогдгор” хэмээх Д.Галсантогтохтой ярилцаснаа хүргэж байна.

-Анх урлагт хөл тавьж байсан үеэс яриагаа эхлүүлье?

-Зүгээр ээ. Эхлээд ах нь ач буянтай эмч нарын тухай ярихгүй бол болохгүй. Ард түмэндээ буян санаж, буян хийж явсан болохоор “Тогдгор” Галсантогтохыг эрлэг тоож аваагүй юм гэж боддог. Ах нь анх 1963 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд галч, манаач, дагалдан жүжигчнээр орсон цагаас урлагийн зам мөр маань эхэлжээ. Түүний дараа Дарханы Соёлын ордонд ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд тэнцдэггүй байсан болохоор бараг л арын хаалгаар эр цэргийн албанд мордсон.

-Юу гэсэн үг вэ. Тухайн үед авьяастай, тэгээд нэг мөр өөр зам хөөсөн хүмүүс цэргийн албнаас баргийн хүн л хойш суудаг биз дээ?

-Цэргийн албанд мордоно гэдэг миний бас л нэг мөрөөдөл байж. Тиймээс жил бүхэн цэрэг татлагын комиссоор ороод гологддог байлаа. Тэр үед чинь нэг метр 50 см-ээс өндөр 48 кг-аас дээш жинтэй эрсийг цэрэгт тэнцүүлдэг байсан юм. Миний жин ч тэр, өндөр ч тэр хүрдэггүй байсан байхгүй юу. Тэгээд Соёлын ордонд ажиллаж байхдаа Дарханы цэргийн 017 дугаар ангийн хөгжмийн удирдаачтай ажил хэргийн холбоотой байсан учраас бяцхан арын хаалга хэрэглээд тэр ангид очсон хэрэг. 27 нас хүрчихсэн хөгшин цэрэг очсон доо.

-Тэр үед арми чанга байсан тухай ахмадууд хуучилдаг. Хал цэргийн шанаа, дэг гээд энэ бүгдээс ангид байж чадав уу?

-Тухай цагт цэргийн амьдрал ямар байсан яг л тэр замаар явсан. Хал цэргийн шанаа, хатуу дэг гээд бүгдийг үзсэн. Цэргийн крантин дээр байхад манай гэр ойрхон харагдана. Ээж дүү нар гэрийн гадуур явж харагдаад болохгүй. Өдрийн хоолонд орох цагаар майхны хаяагаар гараад л гэрээдээ гүйчихдэг байсан. Тэгээд баригдана даа. Манай крантины жаа нэг казак байсан юм. Тэр нөхөр байлдагч эх орнооссо урваж ноцтой хэрэг үйлдлээ. Тайчаад л гэнэ дээ. Би ч хурдан хувцасаа тайлдаг байсан. Тайчингуут л халгай заагаад элэг дөрвөөр мөлхүүлнэ. Халгай ойртоод ирэхээр л тойрч мөлхөнө. Тэгэнгүүт байлдагч та дайны цагт дайснаасаа зугтаах нь уу гээд л чигээрээ гэсэн команд өгөөд гүйцээ.

-Түлэгдэх гэж хэцүү юм болно биз дээ. Цэргийн албанд урлагтаа л зүтгээд байв уу?

-Тэгэлгүй яахав. Хамаг бие л түлэгдэнэ. Түүнийгээ шээсээр шавшаад л нэг хоёр өдөр халуураад зүгээр болно доо. Эр цэргийн амьдрал гэдэг ийм л байдаг. Байх ч болно. Цэрэгт урлагийн буянаар л арын хаалагдаж тэнцсэн юм чинь зүтгэхгүй яахав. 1968 онд Барилгын цэргийн урлагийн үзлэг болж, тэндээсээ шалгараад Армийн урлагт ирсэн юм. Тэндээ шалгараад мөн л Монголын залуучууд оюутны гуравдугаар их наадамд оролцож, алт мөнгөн медаль авч байлаа. Мөн эндээс шалгараад Дэлхийн залуучууд оюутны фестивальд оролцож, шагнал хүртсэн юм. Энэ нь Монголдоо анх удаа хугацаат цэргийн албан хаагч дэлхийн хэмжээний шагнал авчирсан даа. Энэ наадамд дэлхийн 143 орны 20 мянга гаруй залуучууд оролцсон.

-Тухайн үед шинэ цэрэг дэлхийн наадмаас том шагнал авчирсан гээд бөөн л шуугиан болж байсан байх даа. Энэ талаар дурсахгүй юу?

-Шуугихаар барахгүй юм болсон. Тухайн үеийн Жанжин штабын тушаалаар Ардын армийн дуу бүжгийн чуулгад дагалдан жүжигчнээр ирлээ дээ. Хугацаат цэргийн албан хаагч 300 төгрөгийн цалинтай үлдсэн хугацаагаа хаах болж байгаа хэрэг. Энэ бол хоншоортой аавын хүүгийн аз авьяас гэхээс өөр арга байхгүй. Тэгээд л халхын гурван том лимбэчний нэг М.Доржийн шавь болсон. Тэр үед хугацаат цэргийн албан хаагч сарын 10 төгрөгийн цалинтай байлаа. Эндээс л урлагийн зам шуударсан гэж болно.

-Цэргийн ангийн урлагийн үзлэгээс дэлхийн дэвжээнд хүртэл шат дараалалтай явжээ. Зөвхөн лимбээрээ яваад байв уу, Бас өөр зүйл байв уу?

-Лимбнээс өөр юу байх билээ. Битүү амьсгаагаар тоглоно гэдэг тэр бүрий хүнд заяадаг зүйл биш. Халхад битүү амьсгаагаар тоглодог манай багшаас гадна Маам, Цэрэндорж би гээд дөрөвхөн лимбэчин байсан юм. Үнэнийг хэлэхэд одоо эд нар маань бүгд бурхан болсон. Одоо ах нь Монголдоо нэг номер юм даа.
-Битүү амьсгаагаар тоглоно гэхээр хэдий хэрийн хугацаа орох бол. Та тооцоолж үзсэн үү?

-Тухайн тоглож байгаа бүтээл дуусахад хэдий хэмжээний хугацаа зарцуулагдах нь уу тийм хэмжээний л хугацаа орно ш дээ. Лимбэний битүү амьсгаа гэдэг дэлхийд ганц төдийгүй Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас гарсан зүйл. Хөөмий гэдэг гайхамшигтай урлаг дэлхийд ганц л биз дээ. Үүн лугаа л зүйл.

-Таны зургийн цомогт манай улсын үлэмж биетэй начин Оргилболдтой татуулсан зураг харагдана. Энэ зураг бас л нэгэн түүх өгүүлнэ дээ?

-Оргилболдыг ид барилдаж байхаас мэднэ л дээ. Тэр чинь надтай энд тэнд таарахаараа ахыгаа дайлна гээд аваад явдаг байсан юм. Харин намайг Дорнодын хилийн боомтод тоглолтоор очиход начин маань тэнд ажиллаж амьдарч байна гээд таарсан юм. Наадхи чинь хилийн цэргийн боомтын соёлын төв дээр тоглож байх үед авхуулсан зураг. Би түүнд хувийнхаа шагналыг гардуулж байгаа байдал л даа.

-Оргилболд начин хаа байсан хилийн боомтод юу хийдэг юм бол?

-Тэнд өрх тусгаарлаад амьдарч байгаа юм билээ. Тэр боомтоор наймаачид Оросоос бараа таваар татдаг юм билээ. Мань хүн тэнд ачаа тээш зөөгөөд л амьдралаа залгуулдаг гэнэ. Өөрөө ч биеэр том, бяр чадалтай хүн болохоор хийж байгаа ажилдаа түүртэхгүй. Ард олон ч түүнтэй ажиллахдаа дуртай байдаг юм билээ.

-Хилийн боомт гэснээс танд очиж үзээгүй сум, хилийн боомт байдаг л байх. Хэзээ очих гэж байна даа?

-Надад Монгол орондоо очиж үзээгүй хилийн боомт застав, сум орон гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ хүний очиж үзээгүй, шувууны мөрнөөс өөр мөр гараагүй тийм онгон дагшин байгальд хүрсэн хүн дээ. Минжийн застав гэж дуулаа байлгүй. Тэнд Монголын талаас ч тэр, Оросын талаас ч тэр Минжийн заставаас өөр жимээр нэвтрэх ямар ч боломжгүй. Хэрэв өөр зам сонговол үхэл угтана. Тийм онгон дагшин байгал. Тэндхийн хилийн зурвас, багана гээд ёстой л шувууны мөр үл үзэгдэнэ. Жилдээ хоёрхон удаа нисдэг тэргээр хүнс нь очино. Өөр ямар ч хүний бараа харахгүй дээ. Тэнд нэг эх амаржих гээд утсаар тусламж авч төрж байсан түүхтэй. Одоо яах вэ, хүйг нь тасал, одоо ийш нь харуул, эхийг нь ингэ, хүүхдийг нь тэг гээд л утсаар ярьж байгаад төрсөн гэдэг. Тэр хүүхэд цэргийн холбооны ангид ажиллаж байна лээ. Тэнд л үзээгүй ан амьтан гээд бүгдийг харж болно. Ийм газраар 16 жилийн дотор дөрөв тойрсон хүн дээ. Жирийн хүн бүү хэл хилийн албанд насаараа ажилласан хүн ч Монголынхоо хилийг дөрвөн удаа тойрсон байдаггүй юм билээ.

-Та тэгэхээр армиас мандаж, дэлхийн дэвжээнд гайхуулж гээд хил, армитай их холбоотой хүн байх шиг?

-Холбоотойгоор барах уу. Ингэж явахдаа хүйтэнд нь даарч, халуунд халж, цас бороон дундуур л явж, тэнд байгаа улсуудад үйлчилж байлаа. Энэ бүгдийг үнэлж, энгийн хүнд өгдөг “Хилийн төлөө” медалиа гурван жилийн өмнө өгсөн. Түүнээс хойш гурван жилийн өмнө “Онц хилчин” гэдэг медалиа хүртээлээ.

-Манай олон алдартай хүмүүс ард түмнээсээ нэгэн нэрийг олж авсан байдаг. Та “Тогдгор” нэрэндээ бол дасаа биз дээ?

-Дасах гэж, угаасаа л энэ нэрэндээ хайртай. Баргийн хүн ард түмнээсээ ийм цол нэрийг зүүдэггүй юм. Тэгээд ч ард түмнээсээ ийм цол нэр зүүсэн цөөн тооны л хүн байна. “Ягаан” Гажид, “Муухай” Пүрэв, “Алиа” Данзан, “Халзан” Цээеэ, “Марзан” Шарав, “Бондгор Туяа”, “Тогдгор” Галсантогтох гээд л болж байгаа биз дээ. Энэ бол ард түмнээс минь өгч байгаа хамгийн том шагнал. Ямар сайндаа албан ёсны үйл ажиллагаан дээр Пүрэв гуайг шагнах гээд хөтлөгч нь дуудахдаа МУГЖ “Муухай” Пүрэв гуай ирж шагналаа гардана уу гэж байсан гэдэг.

-Танаас траншейний хүүхдүүд “Хөөе Галсантогтох ахаа өмд урагдлаа шүү” гэсэн нэг яриа байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Ингэж байсан удаа нэг бус удаа бий шүү. Би чинь Улаан загалмайн үйлсэд олон жил зүтгэж байна. 1976 онд гишүүн болоод, 1984 оноос энэ үйлсэд идэвхийлэн оролцсон. Тэгээд л ерээд онд траншейний гэх тодотголтой олон хүүхэд хүмүүс байв даа. Тэдэнд цагдаа нартай нийлээд хувцас тараагаад л ороод явдаг байлаа. Харин гэтэл сүүлдээ өнөөх хүүхдүүд чинь энд тэнд таарахаараа өмд урагдлаа, цамцгүй болсон гэж байхав дээ. Үүн дээр нэмээд ядарсан зүдэрсэн олонд буяны зүйл тараагаад л явдаг байлаа. Тэгэхэд Улаанбаатар хотын Улаанзагалмайн хороо гэж байгаад би түүний онцгой гишүүн байсан юм. Одоо Сүхбаатар дүүргийн Улаанзагалмайн онцгой гишүүн. Манайх үйл ажиллагаагаараа бусад дүүргээс дээгүүрт ордог л доо. Тэгээд л бусдад буян хийж явсан болохоор эрлэг тоогоогүй гээд байдгын учир нь энэ байхгүй юу.

-Нөгөө талаар бусдад урлагаар үйлчилж бусдыг инээлгэж явах ч буян биз дээ?

-Тэгэлгүй яахав. Улаан загалмайн чиглэлээр Монголынхоо нэлээдгүй аймаг сумдад очиж үнэгүй тоглолт хийж явлаа. Мөн Монголын бүх хорихоор явж тоглосон байна лээ.

-Та ярилцлагын өмнө “Би амьд гарсныхаа баярыг нижгэр тэмдэглэнэ” гэж дурьдаж байсан. Энэ талаар юу хийх бодолтой байна?

-Энэ нь яахав тоглолтоо хийж, ард түмэнтэйгээ нэгэн оройг сайхан өнгөрүүлнэ гэсэн үг. Гуравдугаар сарын дөрвөнд Бөхийн өргөөнд нижгэр баяр тэмдэглэнэ. Миний тоглолтод Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, тэргүүтэй уран зохиолчид АЖ С.Мөнхшүр, УГЖ Д.Сосорбарам, Завханы Батсүх тэргүүтэй дуучид, УГЖ Л.Чаминчулуун, Б.Батзаяа, алиалагч н.Батсүх тэргүүтэй жүжигчид оролцсон томоохон баяр, тоглолт болно.

-Манай улсын олон авьяаслаг циркчид гадаадад гарчээ. Энэ талаар таны бодлыг сонсвол юу хэлэх вэ?

-Энэ шууд хүн амтай холбоотой юм. Манай улсад нэг удаа цирк тоглоход яаж ийгээд л үзчихнэ. Зурагтаар ч юм уу. Гурван сая хүрэхгүй хүн үзэж зөхөх юу байхав. Ахиад үзэхэд уйдчихсан байна. Дээр үед бол Норовсамбуу гуайгаас өөр нугардаг хүн бараг байсангүй. Одоо бол манайд захын хүүхэд нугардаг болсон. Манайх ийм л агуу эх орон, байгалийн ийм агуу тогтолцоотой нутаг. Дээр би хэлсэн хөөмийч бол Ховдын Мянгадаас л төрдөг. Мянгадад нэг ангийн бүх хүүхэд хөөмийлж байсан түүх бий. Дэлхийд 100 гаруй цирк байгаагаас манай улсын цирк эхний шилдэг 10-т ордог. Циркийн урлаг өнөөдөр зах зээлээ дагаад гадаадад гарсан нь үнэн. Өөр яахав ээ. Тэнд улс үндэстнээ сурталчлаад л явж байна шүү дээ. Бид 2,5 сая хүнд тоглох, хоёр тэрбум хүн амтай улсад тоглох хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. Манайд бол нэг дуугаа ахин ахин дуулаад байвал ард түмэн уйдаад шинэ юм хийсэнгүй гэдэг. Гэтэл Майкл Жексон ч юм уу тэр одууд нэг дуугаа дуулсаар байгаад л од болдог. Бид ийм л ялгаатай улс. Түүнээс биш бид агуу ард түмэн.

 С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(202.9.44.67) 2018 оны 07 сарын 27

тоодон балай

0  |  0
м(64.119.20.116) 2018 оны 07 сарын 25

Хэзээний ярилцлага тавиад байгаа юм бээ? Алиалагч Батсүх тоглолтонд оролцоно ч гэх шиг. Аль 2011 онд бурхан болсон ш дээ.

0  |  0
Top