М.Батбаяр: “SAVE LIFE” төслийг 2019, 2020 онд үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

Ш.Энхтөр: Манай эмч нар JCI Монгол байгууллагынхны төслийг “Жижиг Америк” гэдэг

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл энх өсч бойжих, өвчин эмгэгээс сэргийлэх орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө JCI Монгол байгууллага Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төв  хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шатны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М.Батбаяр, Дэд Ерөнхийлөгч Г.Баярмагнай, ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, JCI Солонгос байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч Ким Га Рам, JCI Монгол байгууллагын удирдлагын багийнхан оролцсон юм. 

ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр хэлсэн үгэндээ “ЭХЭМҮТ, JCI Монгол байгууллага хамтран гурван жилийн хугацаанд  гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ удаа манай төвийн Нярайн мэс заслын  эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварласан. Дэмжигч байгууллагуудтайгаа хамтран 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. JCI Монгол байгууллагын удирдлагын багийнханд дэмжсэн байгууллагуудад баярлалаа. Энэ тасагт жилд 100 орчим хүүхэд эмчлүүлдэг. JCI Монгол байгууллагынхан төслийг хэрэгжүүлэхдээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн хийж өгдөг онцлогтой. Тийм ч учраас 2016 онд тохижуулж өгсөн Нярайн эрчимт эмчилгээний тасгийг манай эмч  нар “Жижиг Америк” гэж  нэрлэдэг. 2017 онд Нярайн тасгийн мэс заслын өрөөнүүдийг тохижүүлж өгсөн. Эмч хүний хувьд баярлаж байна. Хамт олныхоо, багачуудынхаа өмнөөс JCI Монгол байгууллагынханд талархал илэрхийлье” гэсэн юм.  ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “SAVE LIFE” төслийг хэрэгжүүлсэн “JCI” Монгол байгууллага, дэмжиж хандив туслалцаа үзүүлж орцолсон байгууллагынханд “Талархал” гардуулж, зочин төлөөлөгчид төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа.  

М.Батбаяр: Нярайн эндэгдлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлдэг төсөл юм

JCI”Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Төслийн зорилгын талаар товч танилцуулна уу?

-“SAVE LIFE” төслийг JCI Монгол байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй хамтран 2015 оноос хэрэгжүүлж байна. Нярайн эндэгдлийг бууруулах урт хугацаанд тогтвортой, бодит үр дүнд хүрэх зорилготойгоор ажилладаг.

-Энэ удаагийн төслийн онцлог юу байв. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

-Төслийн гуравдугаар шатанд ЭХЭМҮТ-ийн Нярайн мэс заслын тасгийн байрыг өргөтгөж, их засвар хийж, олон улсын стандартад нийцүүлж тохижууллаа. Нийт 120 сая төгрөгийн өртөгтэйгээр  төслөө хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна.

-Өмнө нь хоёр удаа төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Тодруулна уу?

-2016 онд ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн бүрэн засварыг хийсэн. “SAVE LIFE” төслийн хоёрдугаар шатанд нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг  хандивлаж, тусгайлсан мэс заслын өрөөг бий болгосон. Бидний хамтарсан төслийг хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 20 гаруй хүүхдийн алтан амийг аварсан тухай мэдээг иргэдтэйгээ хуваалцахад таатай байна.

- “SAVE LIFE” төсөл үргэлжлэн хэрэгжих үү?

-Өмнөх төслүүд амжилттай хэрэгжсэн учраас 2019 он, 2020 онд төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бидэнтэй хамтарч дэмжиж ажилласан Худалдаа хөгжлийн банк, “АПУ” компани, “Таван нүдэн” үндэсний брэнд, “MW Холдинг” зэрэг байгууллага, JCI Чэйрмэн байгууллагынхан, “JCI” Солонгос байгууллагынхандаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Ким: Монгол залуусын хүүхдийн төлөө гэсэн сэтгэл биднийг татсан

Мөн үеэр “JCI” Солонгос байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч Ким: JCI Монгол байгууллагынхны хэрэгжүүлсэн төсөлд хамтран оролцсондоо сэтгэл хангалуун байна. Та бүхэн яагаад энэ төслийг дэмжиж оролцох болов гэдгийг сонирхож байж магадгүй. JCI Монгол  байгууллагын залуучуудын Монгол хүүхдүүдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө гэсэн сайхан сэтгэл биднийг энэ төсөлд татан оролцуулсан юм. Цаашид ийм тогтвортой, урт удаан хугацаанд үргэлжлэх төсөлд бид бүхэн оролцох болно” гэж ярилаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top