Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийлгэж МӨНГӨ ЗАВШДАГ УУ?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ 30 КОМАПИЙН 10 НЬ ЗӨВШӨӨРӨЛТАЙ БАЙЖЭЭ

Манай улсад уул уурхайн салбарыг дагасан олон хардлага, сэрдлэг явдаг. Үүний нэг нь нөхөн сэргээлт юм. Нөхөн сэргээлтийг хийхгүй байна гэсэн шүүмжлэл хэсэг явдаг  байсан бол өдгөө эсрэгээрээ “нөхөн сэргээлт” хийлгэх нэрийдлээр мөнгө завших үзэгдэл дэлгэрэх  хандлагатай болжээ. Эхэндээ байгаль орчин сүйтгэлээ, нөхөн сэргээлт хийсэнгүй гэж зарим төрийн бус байгууллагын хэт үндсэрхэг нөхөд компаниудын техник хэрэгсэл рүү буудсан удаатай. Одоо өөр хувилбартай болжээ. Наанаа аядуу зөөлөн ч цаагуураа мөнгө угаасан байх эрсдэлтэй. Энэ нь орон нутгийн албан тушаалтнуудын эрх мэдлийнхээ давуу байдлыг буруугаар ашигласантай очиж холбогдоно. Үүнийг ч Авлигатай тэмцэх газрынхан анзаарч салбарын яаманд нь зөвлөмж хүргүүлжээ. Харин хэрэгжилт нь хэр байна вэ.

Авлигатай тэмцэх газраас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөл бүрдүүлсэн. Мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна гэж үзжээ. Зөвлөмж хүргүүлсэн шалтгаан нь энэ.  

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн 30 гаруй аж ахуйн нэгжтэй нөхөн сэргээлт хийлгэх  гэрээ байгуулсан.  Харин тус аймгийн Засаг даргын захирамжид АТГ-аас   “нөхөн сэргээлт хийх”  гэхээсээ илүү олборлолт хийлгэж, орлого бүрдүүлэхэд чиглэгдсэн  гэсэн үнэлэлт өгсөн байх юм. Тухайлбал, Орон нутагт олгох хандив, тусламжийн хэмжээ нэг  жилд 100 сая төгрөгөөс багагүй байх.   Барьцаа хөрөнгийг сонгон шалгаруулалт хийгдэж гэрээ байгуулахаас өмнө тусгай дансанд байршуулна. Дансыг тухайн үед зарлана. Хөрөнгө оруулалтын нийт төлбөрийг гэрээ байгуулахаас өмнө Орон нутаг хөгжүүлэх санд байршуулна. Угаах төхөөрөмж тутамд найман сая төгрөгийг усны төлбөрт төлүүлнэ гэх зэргээр заасан ажээ.  Зөрчил үүгээр дууссангүй. Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан 30 аж ахуйн нэгжээс зөвхөн 10 аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй байсан байх юм. Зөрчил үргэлжилсээр.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙНЭ ГЭЭД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛСАН

 Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тав дугаар сарын 19-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Иргэдийн гар аргаар алт олборлох хууль бус үйл ажиллагаа болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж,  үйл ажиллагаанд нь хяналт тавих түр журам”-ыг батлан гаргажээ.

Улмаар “Голдмагнет” ХХК, “Бидний түшээ” ХХК-иадтай гэрээ байгуулан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулсан аж. Гэвч тэдгээр компани нь нөхөн сэргээлт нэрийдлээр ашигт малтмалын олборлолт явуулсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 15/270 дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн үр дүн гараагүй тухай Авлигатай тэмцэх газраас мэдээлж байлаа. Нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийсэн цөөнгүй орон байдаг. Харин манай улсад нөхөн сэргээлтийг мөнгө болгож хардаг буруу жишиг хэдий хүртэл оршин тогтносоор байх вэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top