БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Монгол Улсын биеэ даасан, хараат бус хөгжлийг эрхэмлэн ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна. Айлчлал энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурснаар эхэллээ. Хэлэлцээрийн дараа сайд нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Хоёр талын худалдааг нэмэгдүүлж, 10 тэрбум ам.долларт хүргэнэ

“БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргий сайд Ван И миний урилгаар энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. БНХАУ-ын шинэ удирдлага томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж буйгаараа энэ айлчлал онцлог болж байна. Бидний хийсэн яриа хэлэлцээ амжилттай, найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө. Хоёр талын хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, томоохон төслүүдээ эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлуудаар өөрсдийн үзэл бодлыг хуваалцлаа. Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх, язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, тус тусын хөгжлийн замыг харилцан хүндэтгэдэгээ дахин нотоллоо. Өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахаа хоёр тал нотолж, энэ хүрээндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд БНХАУ-д албан ёсоор айлчлуулах урилгыг дахин нотолж, “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний уулзалтанд оролцох үеэр тус айлчлалыг зохион байгуулахаар тохирч, Ши Жиньпин даргын урилгыг уламжиллаа. Хоёр орны хамтын ажиллагаа бүс нутгийн хооронд үлгэр жишээ болж, хөршийн хөгжлийн төлөөх харилцан ашигтай түншлэлийн зарчмаар хөгжиж байгаа. Энэ зарчмынхаа хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаандаа тодорхой зорилтуудыг дэвшүүлж, тэдгээр зорилтоо хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа Ван И сайдтай бид тохиролцлоо.

Юуны өмнө хөгжилд хөтөлсөн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ Монгол улсын биеэ даасан, хараат бус хөгжлийг эрхэмлэн ажиллахаар тохиролцлоо.

Энэ бодлогын хүрээнд өрийн дарамт зэрэг санхүү, эдийн засгийн эрсдлээс Монгол Улсыг ангид байлгахад анхаарч ажиллах зарчмын чухлыг хоёр тал онцлон тэмдэглэлээ. Манай эдийн засгийн зээл тусламжаас хамааралтай байдлыг халж, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлж, 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлэхээр ойлголцлоо. Чингэхдээ Монголын экспортыг нэмэгдүүлж, төрөлжүүлж, уул уурхайн өсөлт уналтаас хамааралтай байдлаас гаргахад хамтын ажиллагааны бодлогыг чиглүүлнэ. Эхний ээлжинд монголын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх, төвийн бүсээс мах экспортлох төслийг бүрдүүлэхэд Хятадын тал анхаарч ажиллахаа илэрхийлж байгаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр хамтран зохион байгуулна. Мөн сая хийсэн уулзалтаараа ярилцсан чухал асуудал бол манай улсад БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна. Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо. Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна” хэмээсэн юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна

Монгол Улсад дахин айлчилж ирж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар байгуулагдсаны дараа Хятадтай найрсагаар харилцах бодлогыг баттай баримталж ирсэн. Хятад улс Монголын гадаад харилцааны маш чухал байрт орсонд баяртай байна. Монгол Улсын язгуурын эрх ашигт нийцэж байна. Үүнийг бид сайшааж байна. Энэ оноос эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад очиж айлчилсан. Хятадын удирдлагуудтай хамт хоёр талын харилцааны цаашдын хөгжилд чиглэл өгсөн байна. Миний Монгол Улсад хийсэн энэ удаагийн айлчлалын хамгийн гол зорилго, Монголын талтай дөрвөн талаар санал солилцсон. Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлэх хоёрдугаарт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулна, энэ харилцаанд гарсан маш ховор нандин боломжийг сайн ашиглаж, хоёр талын харилцааг хурдацтай хөгжүүлэх замд оруулах гуравдугаарт, “Бүс ба Зам” байгуулсны дагуу хөгжилд хоёр дахин шинэ хүч нэмэгдүүлнэ дөрөвдүгээрт, ирэх онд болох Хятад-Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана. Энэхүү яриа хэлэлцээрийн үеэр бид хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Нэгдүгээрт, бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрдугаарт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална.

Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг байна гэж үздэг гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн.

Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн. Хоёр орны өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхэд бид тун баяртай байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг би урьсан. Мөн Засгийн газрын байгууллагууд, улс төрийн намууд хоорондын солилцоо, яриа хэлэлцээг эрчимжүүлж, бие биедээ итгэлцэл нэмэгдүүлэх болно. Гуравдугаарт, “Бүс ба Зам” санаачилгыг Монголын хөгжлийн замд уялдуулан хэрэгжүүлнэ. Ажлын тодорхой төлөвлөгөө гаргана. Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгуулахад санал нэгдсэн. Дөрөвт, бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Тавд, ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Мөн энэ талаар Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог хүрэн идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” гэв.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
РУССКИЙ ЕВРОПЕЕЦ(202.179.26.84) 2018 оны 08 сарын 24

ЖЕЛТОЖОПЫЕ ОБЕЗЬЯНЫ!

0  |  0
Top