Ч.Ундрам: Сайн сурч байж л тэтгэлэг авах нь аль ч улсын нийтлэг жишиг

2018 оны 08 сарын 28

Нийслэл хот оюутан сурагчдын хөлд дарагдсан энэ өдрүүдэд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамыг ярилцлагын хоймортоо урьж, оюутнуудын анхаарлыг татсан сэдвээр ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.   

- Хичээлийн шинэ жил дөхөөд оюутан сурагчид сургуульдаа очих бэлтгэлээ хийж байна. Энэ цаг үед та Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилогдлоо. Ер нь МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал юу хийдэг талаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

- Товчхондоо бол тухайн байгууллага стратегийн зорилго, зорилтдоо хүрэхийн тулд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд санхүүгийн менежмент хийх асуудал юм. Мөн шаардлагатай санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, хуримтлуулах, зохистой хуваарилан зөв зарцуулах тал дээр ажилладаг. Манай Монгол Улсын Их сургууль 2016 онд Стратегийн төлөвлөгөөгөө баталсан. Бид  2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд орно гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Энэ зорилгод хүрэхийн тулд бид сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа болон менежмент гээд үндсэн дөрвөн чиглэлээр олон арван ажил төлөвлөөд хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг зөв зүйтэй хэрэгжүүлэх нь удирдлагын багийн үүрэг роль юм.  

- Та эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Голомт банкинд ч бас ажиллаж байсан байх аа? Тэгэхээр таны хувьд санхүүгийн менежмент хийх бүрэн боломжтой хүн гэж ойлгож болох нь, тийм үү?

- Миний хувьд өмнө нь Голомт банкны төв оффист Нөөцийн удирдлагын хэлтэст үнэт цаас, валютын арилжаа, гадаад худалдаа, аккредитивийн чиглэлээр ажиллаж байсан. Голомт банкинд мэргэжилтнээр ажиллаж байгаад дараа нь Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш багш байх хугацаандаа маш олон байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж байлаа. Аливаа байгууллагад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байхад хүний нөөцийн болон санхүүгийн менежмент нь хамгийн чухал асуудал байдаг учир энэ тал дээр бол хувийн ч, олон улсын байгууллагад ч тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан.  

- МУИС-ийн санхүүгийн менежмент нь яаж явагддаг юм бол гэдэг сонирхол татаж байна л даа. Айл өрхөөр жишээлэхэд, орлогоо юунд зарцуулах талаар нарийн төлөвлөж зарцуулдаг жишиг тогтож байна. Тэгвэл МУИС-ийн хувьд орлого, зардлын бүтэц, зарцуулалтын бодит байдал нь ямар байгаа вэ?

- Манай МУИС судалгааны их сургууль болохоор зорьж байна. Тийм учраас орлогын бүтцийн хувьд эрдэм шинжилгээ, судалгаагаар олж байгаа орлогоо нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа. МУИС-ийн орлогын бүтэц гэвэл оюутны сургалтын төлбөр, төсвийн санхүүжилт, манай багш нарын олж ирж байгаа судалгааны санхүүжилт, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээс бүрддэг. Гэтэл Монгол Улсад сургалтын төлбөрөөс л 100 хувь санхүүждэг их сургуулиуд ч байдаг. Бид стратеги төлөвлөгөөний дагуу жил бүр нийт орлогод эзлэх эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилтийн хувийн жинг нэмэгдүүлэх, бусад туслах үйл ажиллагааны орлого, мөнгөн хөрөнгийн нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нийт зардлын 80 хувийг урсгал зардал, 20 хувийг хөрөнгийн зардал эзэлдэг. Хамгийн өндөр хэсгийг эзэлдэг нь цалингийн зардал байдаг бөгөөд 67,8 хувьтай байна. Цаашид зардлын хувьд жил бүрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, оюутны сургалтын орчин, үйлчилгээг сайжруулах чиглэлийн ажлыг дэмжиж урсгал засвар, хөрөнгийн зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн улсын төсөвт тодорхой санал өгч хөрөнгө оруулалтуудыг татах тал дээр санаачилгатай ажиллана.

- Тухайлбал, таныг ажлаа хүлээж авахад МУИС-ийн төсөв ямар байдалтай байв?

- Би ажлаа 8 сар дөнгөж гараад хүлээж аваад тодорхой хэмжээнд өмнөх болон одоогийн нөхцөл байдалтай танилцсан. МУИС-ийн  багш ажилчдын хөдөлмөрөөр орчин үеийн шинэ номын сангийн барилгатай болсон. Энэ бүтээн байгуулалтын дийлэнх хэсгийг МУИС-ийн багш, үе үеийн удирдлагууд болон санхүүгийн баг бүрэлдэхүүний хүчин чармайлтаар олон жилийн турш хуримтлуулсан санхүүгийн бааз дээр суурилан шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хуримтлуулах, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулснаар бүтээн босгосон. Хэдийгээр тийм том бүтээн байгуулалт хийж байсан ч гэсэн сургуулийн удирдлагын баг болон хамт олон нэгдмэл нэг зорилготойгоор санхүүгийн сахилга дэглэмийг мөрдөж ажилласнаар тодорхой хэмжээний валютын болон төгрөгийн мөнгөн хуримтлалтай, нэлээд эрүүл санхүүгийн менежменттэй байсан. Гэвч намайг ажил авах үед манай мөнгөн хуримтлал болон банкны нөхцөл тодорхой хэмжээгээр буурсан байна. Үе үеийн санхүү эрхэлж байсан захирлууд маань аль болох хөрөнгө мөнгөө арвижуулж зүй зохистой зарцуулахын төлөө ажилласан гэдэгт би итгэж байгаа. Яагаад гэвэл энэ нь бичиг баримтууд, гэрээнүүдээс л тодхон харагддаг.

- МУИС-ийн шинэ номын сан нээгдээд удаагүй. Өнгөрсөн намар нээгдсэн шүү дээ. Гэтэл фэйсбүүк дээр постууд харагддаг л даа. Энийг оюутнууд яаж хэрэглэж байна аа, ийм болчихож гээд л зураг аваад тавьчихсан байдаг. Тэр тал дээр бас засвар хийх шаардлага гарч ирээд байна уу гэж харагддаг. Номын сан маань тэр олон оюутны гарын аяыг дааж чадаж байна уу?

-  Манай номын сан бол бид бүгдийн бахархдаг сайхан бүтээн байгуулалт л даа. Гэхдээ энд бас тодорхой хэмжээний асуудлууд байгаа. Тухайлбал, 75 жилийн ойн өмнөх өдөр л сүүлийн тавилгуудаа хүлээж авч байсан хэдий ч эдгээр нь жил хүрэхгүй хугацаанд гарын ая даахгүй эвдэрч хэмхэрсэн асуудлууд гарсан нь харамсалтай байлаа. Бид эдгээр дутагдлыг залруулж төсвийн зарцуулалтын сахилга бат, хяналтыг сайжруулж ажиллана.

- Энэ том их сургуулийн санхүүгийн менежментийг хийхэд Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын ёс зүй, ажиллах зарчим ер нь ямар байх ёстой юм бэ?

- Ер нь аливаа байгууллагын ч бай, айл гэрийн ч бай санхүү, мөнгөтэй харьцаж байгаа хүн бол маш өндөр ёс зүйтэй, санхүүгийн сахилга баттай байх ёстой. Би айлын эзэгтэйн хувьд ч гэсэн гэрийнхээ санхүүг маш сахилга баттай авч явахыг боддог. МУИС гэдэг энэ том айлын хөрөнгө, санхүүгийн асуудлыг хариуцаж байгаа хүн маш өндөр ёс зүйтэй, сахилга баттай байх ёстой гэж үздэг.

- Оюутны сургалтын төлбөрийн асуудал жил болгон л яригддаг. Жил бүр нэмэхээс ч аргагүй байдаг болоод л их, дээд сургуулиуд бүгд нэмдэг байх. МУИС энэ жил сургалтын төлбөрөө хэр их нэмсэн бэ?

- Энэ оны 7 сард буюу өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлөөр манай Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр сургалтын төлбөрийг өөрчлөн тогтоосон. Ийнхүү өөрчлөхдөө, нэгдүгээрт 4 жилийн өмнө бүтцийн өөрчлөлт хийгээд хөтөлбөрөө шинэчилсэн, тэр хөтөлбөрийн шинэчлэлттэйгээ уялдуулсан. Үүний үр дүнд зарим нэг сургуулийн сургалтын төлбөр нь тодорхой хэмжээгээр буурч, зарим нь өссөн. Гэхдээ сүүлийн хэдэн жил инфляцийн түвшинд хүртэл сургалтын төлбөрийг өсгөөгүй, харин ч суурь хураамжийг байхгүй болгож зарим хөтөлбөрүүдээр төлбөр буурч байсан. Мөн оюутны дотуур байрны төлбөрийг тогтвортойгоор хэдэн жил байлгасан ба энэ хичээлийн жилд хэвээр нь байлгаж байгаа. Олон нийт болон манай оюутнууд нэг зүйлийг ойлгох ёстой. МУИС бол маш өндөр боловсролтой профессоруудыг ажиллуулдаг. Сүүлийн үед олон багш нар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэргээ хамгаалаад ирж байна. Тэд бүгд ар гэртэй, амьдралтай хүмүүс. Хэдий тийм ч бид зөвхөн цалин нэмэхийн тулд сургалтын төлбөрийг өөрчлөөгүй гэдгийг онцлон хэлье. Энэ жилийн сургалтын төлбөрийн өсөлтийг бид сургалт, судалгааныхаа чанарыг нэмэгдүүлэх, оюутны сурч, амьдарч байгаа орчин болоод багш нарын оюуны хөдөлмөрөө эрхэлж байгаа орчныг сайжруулах, шилдэг оюутнуудыг сурахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг ном товхимол, бусад шаардлагатай зүйлсээр хангах, сургалтын тоног төхөөрөмжөө илүү сайжруулахад зарцуулна. Манай оюутнуудын төлөөлөл Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг бөгөөд мэдээллийг тухай бүрт нь авч байдаг.  

- МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг хүртэх боломж их байдаг гэж сонссон. Оюутны тэтгэлгийн тухай жаахан тодруулж ярьж өгөөч. Ер нь тэтгэлэг авах ямар боломж байдаг юм бэ?

- Манайх тэтгэлгийн журамтай. Үүнд олон төрлийн тэтгэлэг хамаардаг. Тухайлбал, ЭЕШ-д тодорхой хэмжээнээс дээш оноотой оюутан МУИС-д тодорхой хөтөлбөрүүдэд элсвэл тэтгэлэг авна, мөн өмнөх хичээлийн жилийн голч дүн нь өндөр бөгөөд байгалийн ШУ, инженерийн чиглэлээр сурч байвал тэтгэлэг авч болно. Гол нь оюутан өөрөө мэрийгээд сайн сурах ёстой. Сайн сурч байж л тэтгэлэг авна шүү дээ. Энэ бол гадаадын аль ч орны их сургуулиудад байдаг нийтлэг жишиг. Муу сурч байгаа оюутанд үргэлжлүүлэн муу сураарай гэж тэтгэлэг өгдөг байгууллага, улс үгүй байх. Үүнээс гадна гадаад, дотоодын байгууллагууд МУИС-ийн тодорхой шалгуур хангаж байгаа оюутнуудад өндөр дүнтэй тэтгэлгүүдийг өгдөг. Тухайн байгууллага, хувь хүн өөрсдөө шалгуураа тавьж тэтгэлэг хүртэх оюутнаа шалгаруулдаг. Мицибуши корпораци гэхэд л, тийм тийм шалгуур хангасан оюутнуудын материалыг зар тавьж авч бидэнд явуулаач гээд, тэднээсээ сонгоод маш олон хүүхдэд олон жилийн турш тэтгэлгээ өгөөд явж байгаа. МУИС-тай хамтарч ажилладаг гадна, дотнын байгууллагуудаас гадна хувь хүмүүс ч бас тэтгэлэг өгдөг. Тэгэхээр МУИС бол өөрсдийн санхүүжилтээр болон гаднын санхүүжилтээр их хэмжээний тэтгэлгийг оюутнууддаа байнга өгдөг. МУИС-ийн хувьд сүүлийн жилүүдэд байгалийн ШУ, инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж тэтгэлгүүд өгсөн. Яагаад гэвэл энэ чиглэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэд илүү их төрөөсэй, бүтээн байгуулалт хийгээсэй гэдэг утгаар дэмжиж байгаа. МУИС-тай хамтын ажиллагаатай гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их сургуультай оюутан солилцоогоор сурах боломжийг оюутнууддаа мөн олгодог. Түүнчлэн Оюутны хөгжлийн зээл гарч ирсэнтэй холбоотойгоор МУИС хамгийн өндөр квоттой сургууль. 3000 гаруй оюутанд сургалтын зээл Сургалтын төрийн сангаас өгөхөөр төлөвлөсөн. Энд бид нар материал бүрдүүлээд цааш нь явуулж шаардлага хангасан оюутнууд нь Сургалтын төрийн сангийн зээл аваад явж байгаа. Энэ бол хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй маш зөөлөн нөхцөлтэй зээл. Засгийн газраас явуулж байгаа бодлогын хүрээнд бид хамтарч ажиллаад оюутнуудаа хамруулж байна. Дээрээс нь бид өөрсдийн оюутнуудаа цагийн ажлуудад бололцоогоороо хамруулж байна. Жишээ нь, удахгүй манай шинэ оюутнуудад чиглүүлэх сургалт болох гэж байгаатай холбогдуулаад оюутуудыг цалинжуулаад ажиллуулж байна. Ах, эгч нар нь дүү нартаа зөвлөгөө өгнө гэсэн үг. Мөн манайд ажиллаж байгаа кофе шоп, брэнд дэлгүүрт манай оюутнууд ажиллаж байгаа.  

- Тэгэхээр сургалтын төлбөрийн ачааллаа хөнгөвчлөх, цагийн ажил, тэтгэлэг гээд оюутнуудад нэлээд боломж байдаг юм байна. Оюутны өөрийн хичээл зүтгэл л чухал юм байна даа. Оюутнууд сургалт, тэтгэлэг, цагийн ажил гээд энэ мэдээллээ хаанаас авдаг юм бэ?

- Манай сургууль маш идэвхтэй цахим хуудастай. Манайд зарлагдаж байгаа тэтгэлгүүд, ажлын байр гэхчлэн зараас гадна хийгдсэн ажлуудын мэдээ бүгд байдаг. Бүх журам, тэтгэлгийн шаардлагуудыг ч тэндээс харж болно. Мөн оюутнуудад МУИС-ийн и-мэйл хаяг олгодог. Тэр и-мэйлээр ч гэсэн бид шаардлагатай мэдээллүүдээ явуулдаг. Манайх Оюутан, төгсөгчийн хэлтэс, Элсэлт, бүртгэлийн хэлтсээрээ дамжуулаад оюутнууддаа мэдээлэл өгч байгаа. Шинээр элсэж орж байгаа 25-30 оюутан тутамд зөвлөгөө өгдөг, чиглүүлдэг багш нарыг томилдог. Энэ мэтчилэн мэдээллүүдээ өгөөд явж байгаа.

- МУИС-ийн хувьд оюутны дотуур байрны асуудал ямар хэмжээнд байна вэ?

- Манайх 5 дотуур байртай. Сүүлийн жилүүдэд дотуур байраа цахимаар хуваарилдаг болсон. Оюутнууд дотуур байранд орох хүсэлтээ цахимаар өгөөд хичээл эхлэхээс өмнө дотуур байрандаа орж төвхнөх боломжтой. Ялангуяа сүүлийн хэдэн жилийн хувьд хүсэлт гаргасан бүх оюутнаа дотуур байраар хангаж чадаж байгаа. Засгийн газраас барьж байгуулсан 1000 оюутны байр, бас хувь хүмүүс ч байр түрээсэлдэг болчихсон учраас сүүлийн жилүүдэд дотуур байрны асуудал нэг их гарахаа байсан. Ирэх жилийн улсын төсөвт бид нэг оюутны байраа шинээр бариулах санал өгсөн байгаа. Хэрвээ энэ намрын чуулганаар төсөв хэлэлцэхэд УИХ-аар батлагдах юм бол МУИС нэг байраа шинэчлээд орчин үеийн стандартад нийцсэн оюутны байр болгоно.

- Бас ч гэж нөхцөл байдал дээрдээд л байгаа юм байна даа?

- Ер нь бид нар боломжоороо оюутны орчин, нөхцөлийг сайжруулах гээд л хичээгээд явж байгаа. Цаашилбал, оюутан руугаа илүү их чиглэсэн, багш нартаа чиглэсэн санхүүжилтүүд хийгдэнэ гэж бодож байгаа.

- Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

- За баярлалаа.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

WWW.ZINDAA.MN

 

Top