“Оптимал N max” компани нь гар утаснаасаа аппликейшн ашиглан 24 асуултад хариулаад зээл авч болох шинэлэг технологийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлээд эхэлжээ. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал А.Хосгаригтай ярилцлаа.
-Танай компани санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь шуугиан тариад байна. Энэ талаар дэлгэрүүлж ярихүй юу?
-Манай компани анх консалтингийн чиглэлээр, сургалт зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулж эхэлсэн. Сүүлийн үед салбартаа технологийн шинэчлэлийг санхүүтэй уяж хийхийг эрмэлзэж байна. Нийт харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, цаг завыг нь хэмнэсэн, илүү шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх хүрээнд “Zeely” гээд шинэ аппликейшныг бүтээлээ. Аппликейшн нь тухайн хүний хариуцлагыг сэтгэл зүйгээр нь дамжуулан тогтоогоод энэ хүнд зээл олгож болох уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэнэ гэсэн үг. Үүнд хувь хүний ямар ч оролцоо хэрэггүй, 100 хувь технологийн шийдлээр явна. Хувь хүн гар утсаараа манай аппликейшн рүү ороод 24 асуултад хариулаад та хоногийн хэдэн цагт ч хамаагүй мөнгөө авна гэсэн үг.
-Банкнаас зээл авахад тулгардаг олон асуудлыг аппликейшнд нэвтэрснээр хөнгөвчилж байна гэж ойлгож болох уу. Нөгөө талаар шинэ тутам зүйл учраас нийгэмд олон эргэлзээ байгаа байх?
-Болно, зээлдэгчдэд банкнаас тавьдаг том том шаардлага хэрэггүй бөгөөд хувь хүний нааш цааш явах ажлыг хөнгөлөхөөс гадна ямар ч зардал чирэгдэл учрахгүй. Нөгөө талаар хоногийн 24 цагийн туршид ямар ч үед үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Бид энэ үйлчилгээгээ бүтэн жилийн турш бэлтгэж туршиж үзээд өнгөрөгч 23-ны өдөр нээлтээ хийсэн гэхэд 4000 орчим харилцагчтай болсон байх жишээтэй. Гар утсаа ашиглаад 24 асуултад хариулаад хоногийн аль ч цагт мөнгө авчихна гэхээр зарим талдаа эргэлзээ байх шиг байна. Гэвч үүний цаана асар том технологийн шийдэл нарийн программ байгаа шүү дээ. Үүнийгээ цаашид илүү хөгжүүлээд явна гэж бодож байна. Манай инновацийн багт гэхэд “Мазаалай” нэртэй хиймэл дагуул бүтээсэн доктор Д.Эрдэнэбаатар японд докторын зэрэг хамгаалж ирээд ажиллаж байгаа гээд манай баг шилмэл хүмүүсээс бүрддэг.
-Шинэ тутам зүйлд бүр итгэж өгөхгүй, эсэргүүцэж байгаа хүмүүс ч байдаг байх?
-Ерөнхийдөө манай улсын нийт хүн амын санхүүгийн мэдлэг өнгөрсөн жилүүдийнхийг бодоход харьцангуй сайжирсан байна. Би өөрөө энэ салбарт дөрвөн жил ажилласан. Үүнд дөрөөлөөд ажиглаж байхад шинэ үйлчилгээг цочирдон хүлээн авч байгаа хүн харьцангуй цөөн. Гэхдээ шинэ зүйл нэвтрүүлж байгаа учраас мэр сэр асуудал гардаг ч тухайн үед нь тайлбарлаад явдаг.
-Гэхдээ л эрсдэлтэй сонсогдож байна?
-Эрсдэл бол байгаа, тухайн байгууллагад эрсдлийн удирдлага гэж бий. Тухайн байгууллага эрсдлээ яаж удирдах уу гэдгээс ихээхэн зүйл шалтгаална. Аливаа байгууллага ч тэр, хувь хүн ч байнга эрсдэлд орж явдаг шүү дээ. Гагцхүү тухайн байгууллага, тэр хүн эрсдлээ яаж тооцож амьдарч байна вэ гэдгээр байгууллага, хувь хүний амжилт тодорхойлогдоно. Тэгэхээр бид эрсдлээ тооцсон, шийдлээ гаргасан. Яг одоо үр дүн гараагүй учраас би тодорхой зүйл хэлж чадахгүй. Нөгөө талаар бид хийсэн бүтээсэн зүйлдээ итгэх ёстой. Нэг өдөр бодоод хийчихсэн зүйл биш. Урт удаан хугацаанд бодож төлөвлөж хийсэн зүйл.
-Нууц биш бол зээлийн хэмжээ хэдэн төгрөгийн хязгаартай байх вэ?
-Эхний ээлжинд дээд хязгаар нь 100 мянган төгрөг. Цаашид тухайн зээлдэгчийн зээлийн хэмжээ өсөөд, буцаан өгч байгаа хүүгийн зардал буураад явна гэж төлөвлөсөн. Гэхдээ итгэлцэл дээр тогтоод цаашид зээлийн хэмжээ өсөөд явна гэж тооцсон. Бид зорилтот зах зээлээ юу гэж тодорхойлсон бэ гэхээр монголчууд бид цалингаас цалингийн хооронд амьдардаг. Тиймээс ажил дээрээ “найзаа 100 мянган төгрөгийн хэрэг гарлаа, зээлээч, цалин буухаар өгье” гээд гуйдаг. Нөгөө талаар хүмүүс ажил дээрээсээ мөнгө зээлээч гэхээс санаа нь зовно, ах дүү садан төрлөөсөө гуйхад ч санаа зовох үе бий. Зарим үед гуйсан ч цаадхи хүнд байхгүй тохиолдол гарна. Тэгэхээр бид нар энэ асуудлыг эхний ээлжинд шийдээд өгье. Харин та өөрийгөө тодорхойлоод өг гэж байгаа юм. Хамгийн гол нь та эргээд хариуцлагатай байх ёстой. “Бид танд итгэж байна” гэсэн зарчмаар ажиллана.
-Гаднын хөрөнгө оруулалт байгаа юу, энэ технологи нь дэлхийн олон улсад нэвтэрсэн зүйл үү, эсвэл?
-Манайд гадны хөрөнгө оруулалт байхгүй, манай багт дандаа монголын шилдэг залуучууд ажиллаж байгааг би дээр дурдсан. Энэ технологи өөрөө сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тархаж эхэлж байгаа ч манайх шиг шийдэлтэй технологи тийм ч олон байдаггүй юм билээ. Уламжлалт санхүүгийн программыг илүү шинэчилж хялбаршуулсан технологиор шийдвэрлэсэн зүйл. Үүгээрээ хүний цаг завыг хэмнэхээс эхлээд олон давуу талтай. Ерөөсөө XI зууныг технологийн шинэчлэл дэвшилгүйгээр төсөөлөх аргагүй. Үүнтэй холбогдуулан санхүүгийн салбарыг IT, програмчлалтай яаж хослуулах вэ, энэ нь эргээд харилцагч нарт ямар үр өгөөжтэй байх вэ гэдэг талаас нь харж хийсэн юм. Шинэ технологио нэвтрүүлээд харж байхад бидний төсөөлж байснаас хавьгүй хурдацтай тархаж байгаад баяртай байна.
-Энгийнээр авч үзвэл гар утаснаас нь интернэтээр хувь хүний бүх мэдээллийг авч шалгаад зээл олгож байна гэж ойлгож болно. Тэгэхээр аюулгүй байдал талаас нь?
-Мэдээжийн хэрэг маш олон харилцагч хандаж байгаа учраас харилцагчийг хамгаалсан, харилцагчийн нууцыг чандалсан, харилцагчийн мэдээллийг урвуулан ашиглахгүй байх асуудлыг хуулийн дагуу зохицуулсан. Өнөөдөр манай улсад бичил бизнест зээл олгож байгаа Банк бус санхүүгийн байгууллага асар хурдацтай хөгжиж, сүүлийн үеийн мэдээллээр 537 болжээ. Хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бичил зээлийн үйлчилгээ ч ихэд хөгжиж байгаа юм. Тиймээс манайх үүн дээр тулгуурлаад шинэ төрлийн технологи нэвтрүүллээ. Аппликейшнийг бүтээхэд IT –гийн, инновацийн, санхүүгийн, маркетингийн гээд маш олон баг ажиллаж бүтэн жилийн хугацаа зарцуулсан.
-Шинэ тутам технологи нэвтрүүлж байгаа байгууллагад цаашид хийх ажил их байгаа байх. Энэ талаар тодотгохгүй юу?
-Одоо бол манай анхны аппликейшн гараад байгаа болохоор ахиад шинэлэг хоёр ч төсөл явж байгаа, үүнийг хэрэгжүүлнэ. Нэвтрүүлээд байгаа технологио илүү хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана. Бидний цаашдын зорилго бол санхүүгийн хэрэгцээг хялбараар шийдэх юм. Зарим байгууллагууд болохоор “манайд итгэ, бидэнд ханд” гэдэг бол манайх “Харилцагчиддаа өөрсдөө итгэж, итгэл хүлээлгээд үзье” гэсэн зорилготой ажиллаж байна.
-Та өөрийгөө манай уншигч олонд танилцуулахгүй юу?
-Би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг “Эдийн засагч” мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Нэт капитал” гээд салбартаа тэргүүлэгч санхүүгийн байгууллагад очиж ажлынхаа гарааг эхлүүлсэн. Энэ байгууллага бол намайг хөгжүүлж энэ салбарт ажиллах өндөр итгэлтэй болгож өгсөн учраас хамт олондоо байнга талархаж явдаг. Намайг “Нэт капитал”-ын бүтээгдэхүүн гэхэд болно. Эндээ дөрвөн жил ажиллаад залуу хүний хувиар өөрөө зориод хийгээд үзье гээд хувийн бизнес хийсэн. Өнөөдөр санхүүгийн салбарт шинэ технологи нэвтрүүлээд явж байгаадаа баяртай байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Asuultand haruulah gj bgaad buruu yum deer darchihaj odoo yana gsn vg ve
Sain2 zorilgo ni ch gsn ynziin
баахан худлаа луйварчид нэмэгдэж байна даа явч олигтой биш
Wow Hosoodoo amjilt husey. Mundag yumaa
Duud amjilt, Sayhan ehluulsen gehed mundag bn
Мэдээлэл авий
good