Ц.БУДХҮҮ: Өртөг үнээс бага үнээр борлуулж болохгүй гэдэг бодлоосоо салах хэрэгтэй

2018 оны 08 сарын 31

Компани үйл ажиллагаа явуулж байгаагийн эцсийн зорилгуудын нэг яах аргагүй ашиг байдаг билээ. Ашиг олохгүйгээр компани урт хугацаанд оршин тогтнох боломжгүй юм.   

Тэгвэл компани хэрхэн урт хугацаанд оршин тогтнох талаар SMC consulting төслийн ахлах, Мишээл групп ХХК-н Бизнес, хөгжил маркетингийн албаны дарга, Нийслэл дэлгэц ХХК-н Ерөнхий менежер Ц.Будхүүтэй ярилцлаа.

- Бизнесийн байгууллагууд хэрхэн урт хугацаанд оршин тогтнох вэ?

Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа компани болон үйл ажиллагаа эрхлээд олон жил болж байгаа бүхий л компаниудад санхүүгийн тооцоолол хамгийн чухал юм. Аль ч салбарт бараа үйлчилгээний өртөг үнэ гэж бий. Борлуулах гэж байгаа барааны өртөг үнээс эхэлж бүх тооцооллыг нарийн гаргаж таамаглаж, таамагласан зүйлээ бодитоор хэрэгжүүлж, түүнийг хянаж, эргүүлэн үр дүнг хэмжсэнээр үр ашиг гарна. Энэ өөрөө нэлээн том ойлголт тул ярилцлагаа үр дүнтэй болгох үүднээс нэг хэсгийг нь барьж ярьвал илүү үр дүнтэй болов уу.

- Тэгвэл өртөг үнэ дээр ярилцая. Барааны өртөг үнийг хэрхэн тооцох, борлуулах үнэтэй хэрхэн уялдуулан ажиллах ёстой вэ?

Барааны өртөг үнэ бол нягтлан бодох бүртгэлийн хуулиар зохицуулагдаж санхүүгийн програмд өртөг үнэ гарч ирнэ. Харин тэрхүү өртөг үнэ дээр хэдэн төгрөгийн бохир ашиг нэмэх, тэр нэмж байгаа бохир ашиг өөрөө зах зээлд нийцэж байна уу гэдгээс хамаарч урт хугацааны борлуулалтын үр ашиг яригдаж эхэлнэ.

Өртөг үнэ дээрээ хэт өндөр бохир ашиг нэмбэл зах зээлд борлуулагдах хугацаа уртасч, орлох бараанд борлуулалтын боломжоо алдана. Хэт бага бохир ашиг нэмбэл үйл ажиллагааны зардал, цалин хөлс, маркетингийн зардлаа давж чадахгүйд хүрч, бэлэн мөнгөний хомстолд орно.

- Тэгвэл хэрхэн зөв бохир ашиг нэмэх вэ?

Ямар салбар гэдгээс хамаарч өөр өөр байх бөгөөд өрсөлдөгчийн үнэ, зах зээлд нийлүүлэх гэж байгаа барааны онцлог, орлох барааны үнэ, хэрэглэгчийн хэрэглээний соёл гээд олон зүйлийг судалж, нэгтгэн харсны үндсэн дээр хэдэн хувийн бохир ашиг нэмэхээ шийддэг.

Дийлэнх компаниуд дээрх судалгаануудыг хийлгүйгээр зах зээлийн үнэ зохиодог. Судалгаагүй үнэ зохиосноор дунд хугацаанд хэд хэдэн бэрхшээл гарч ирнэ.

Жишээ нь: Барааны үнийг хэт хямд тавьснаар бараа төлөвлөж байснаас хурдан борлогдох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд дараагийн барааны татан авалт дээр хугацаа алдаж өрсөлдөгч компаниудын бүтээгдэхүүнийг борлогдох боломжийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас хэт хямд үнэ зохиосноор тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг үнээ бууруулахаас өөр аргагүйд хүргэж, урт хугацаанд бүгд тэр салбараас гарахаас өөр сонголтгүй болдог.

Харин барааны үнийг хэт өндөр тавьснаар барааны эргэлт буурч, санхүүгийн чадамж бага багаар буурдаг. Худалдааны компани дээр гадаад харилцагчтай хийсэн гэрээний, анх тохирсон татан авах барааны тоо хэмжээндээ хүрэхээ больж гадаад түншээ алдах шууд эрсдэлд орно. Тиймд дүгнээд хэлэхэд сайн судалгаатай урт хугацааны төлөвлөлттэйгээр зах зээлийн үнийг зохиох ёстой.

- Зарим компаниудын бараа нь борлогдохгүй, үнийг нь хямдруулаад байхад бас борлогдохгүй тохиолдол байдаг. Энэ тохиолдолд өртөг үнэ зах зээлийн үнэ хоёрыг хэрхэн уялдуулах вэ?

Сайн төлөвлөж чадвал тийм хүнд байдалд орохгүй. Гэвч практик дээр сайн төлөвлөсөн ч бараа нь борлогдохгүй тохиолдол байдаг. Хэрэв тийм зүйл тохиолдвол удирдлага зоригтой шийдвэр гаргаж тухайн зах зээлээс гарч өөр зах зээлд шилжих хэрэгтэй болдог. Мэдээж өмнө нь үнэ бууруулах, урамшуулалт худалдааны олон арга барил хэрэглэж үзэх хэрэгтэй. Харин борлуулж байгаа бараагаа өртөг үнээс бууруулж болохгүй гэсэн хайрцаглагдсан сэтгэлээр хандаж болохгүй. Дийлэнх менежерүүдийн гаргадаг алдаа өртөг үнээс бага үнээр барааг борлуулж болохгүй гэсэн ойлголт юм. Ийм хатуу үед компани нэгэнт борлогдохгүй барааг өртөг үнэ дээр борлуулж, цаг алдаж, агуулах сав, хүн хүчний зардал гаргах уу? Эсвэл өртгөөс доош үнээр борлуулж мөнгөө суллаж дараагийн барааны татан авалтад ашиглах уу? гэсэн зүйлтэй тулна.

Өртгөөс доогуур борлуулж байна гээд компани их хэмжээний алдагдалд хүрвэл яах вэ?

Дээр хэлсэн жишээ бол, олон төрлийн бараа импортолдог компани дээр авсан жишээ юм. Олон төрлийн бараа импортолдог компани нэг бараанаас алдагдал хүлээсэн ч бусад бараагаар алдагдлыг бууруулж болно. Үүн дээр мөн санхүүгийн шинжилгээ хийж байж шийдвэрлэнэ. Харин ганцхан төрлийн бараа борлуулдаг компанийн хувьд дээрх шийдвэр хүнд шийдвэр. Гэсэн ч компанийн захирал хүний гаргах ёстой зоригтой шийдвэр болов уу.

Ярилцсанд баярлалаа

SMC consulting төслийн багтай холбогдох холбоос: https://www.facebook.com/SMconsultingmongolia/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top