“Coal Mongolia-2018” чуулга уулзалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Чуулганыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлсэн юм. Тэрбээр Таван толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах талаар мэдээлэл өгсөн юм.

“Уул уурхайн салбар нь 2017 оны байдлаар экспортын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 74 орчим хувийг бүрдүүлж тогтвортой өссөөр байна. Ойрын 20-30 жилдээ эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг байх болно” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ярилаа.

Монгол Улсын Засгийн газар, УИХ-н шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн зах зээлд гаргаж, IPO хийхээр болж үүнийг хариуцсан ажлын хэсэг байгуулаад байна. Энэ удаагийн чуулга уулзалтад “Хятадын нүүрс ассоциаци”, Вагнер Ази компани болон гадаадын бусад төлөөлөгчид оролцож байгаа юм. “Coal Mongolia 2018” чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.

Б.Азаа

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top