Адуунд хүртэл азаргыг орлож үлддэг үрээ байхад бүхэл бүтэн нийгмийн салбарыг чиг үүргийн дагуу захирч байгаа яаманд Дэд сайд гэж байгаад яагаад болдоггүй юм. Байх ч ёстой. Адарч байгаа юм биш, чиглэл хариуцсан Дэдүүд ч баймаар юм.
Санхүү, эдийн засгийн хямрал болно, “муусайн Дэд сайдуудын орон тоог байхгүй болгоод өг” гээд хашхирна. Дэд сайдуудын орон тоог байхгүй болголоо гээд хямралаас гарчихгүй. Дэд сайдууд байтугай хэдэн яам татан буулгаад ч тэр чинь илааршидаггүй юм. Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэл илэрхийлж байгаа энэ үед мөн л “Дэд сайдуудын орон тоог цомхотгоод багш эмч нарын цалинг нэмээдэх” хэмээн цээжээ балбацгааж байна.
Зөвхөн багш нар биш шүү, эмч нарын цалинг хамт нэмнэ гэнэ. Өнөөдөр 13 яам үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзвэл 13 Дэд сайд байх нь. Тэгэхээр нийгэмд адлагдаад байгаа 13 нөхрийн орон тоог цомхотгоод хэдэн багш, хэдэн эмч нарын цалинг нэмэх гээд байгаа хүмүүс вэ. Хэтэрхий их улстөржилт шүү. Ядахад орон зай, тоо хэмжээний баримжаатай улстөржмөөр юм.
Адлагдсан Дэд сайдуудын орон тоог байхгүй болгоод багш нарын цалинг нэмж болдог бол ч бас яахав. Гэтэл багш нарын хүсээд байгаа 50 хувийг нэмнэ гэвэл “нэг их наяд төгрөг хэрэг болно, энэ их мөнгө төсөвт байхгүй учраас зээл хийнэ” гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь хэлсэн биз дээ. Монгол Улсын нэг жилийн төсөв долоон их наяд орчимд батлагддаг. Тэгэхээр нэг их наяд төгрөг гэдэг асар их мөнгө болно. Үүнээс харвал хөөрхий Дэд сайдуудын нэг жилийн багц юу ч биш.
Юу л болно боорлосоор байгаад өнгөрөгч жилийн төсөвт Дэд сайдуудын багцыг тус бүр нэг тэрбум төгрөгөөр суулгаж өгсөн. Бүхэл бүтэн салбар толгойлж байгаа Дэд сайдад нэг тэрбум төгрөг бол байх л асуудал. Муу ч сайн ч Төрдөө зүтгэж байгаа өндөр албан тушаалтан үүдэндээ 700 мянган төгрөгийн цалинтай туслах суулгана, жилдээ 8,4 сая төгрөг гараад явчихна. Төрийн алба л болсон хойно хурдан шуурхай байх үүднээс хурд хүчтэй том машин унаж таарна. Тэр нь шатахуунаар явж таарна, нэг сардаа 10, 20 саяар түлш шатахуун зарцуулна, өнөөх нэг тэрбумаас л гарна. Түүнчлэн сарынхаа нэг сая гаруйхан төгрөгийн цалингаар утасны төлбөр төлөөд байлтай биш гээд олон асуудал бий. Үүнээс гадна мөнгийг бага багаар хэмлэн залгих урсгал зардал Дэд сайдын албанд олон бий. Цай кофе, цааснаас эхлээд юу мундах билээ. Ерөөсөө 13 Дэд сайдыг цомхотгоод олж болох 13 тэрбум төгрөг бол багш нарын шаардаж байгаа нэг их наяд төгрөгийн дэргэд бол юу ч биш.
Өнгөрөгч 2017 онд багш нарын тэмцлээс үүдэн УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байж 54 тэрбумыг арай гэж төсөвт суулгасан. Гэхдээ энэ бол багш бүрт олгох нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал. Гал намдаасан зүйл мөн хэдий ч өнөөдрийн эдийн засгийн байдал үүнээс өөрийг шавхаад ч гарахад хэцүү. Цаашид аажимдаа нэмээд ирэх 2021 он гэхэд багш нарын хүсээд байгаа 50 хувь хүртэл нэмнэ гэсэн тооцооллыг өнөөдрийн Засгийн газар зурчихсан байгааг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Яг үнэндээ багш нарын хүсээд байгаа Дэд сайдуудын орон тоог үгүй хийгээд багш нарын цалинг нэмнэ гэсэн санаа нь үнэхээр өрөвдөлтэй.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
дэд сайдаас илүү Элбэгдоржийн үеэс олгож ирсэн тамирчдад сар бүр олгодог тэтгэмжийг танавал яасан юм бэ. Тэртэй тэргүй олимп тив дэлхийн медаль авахаар төрөөс тодорхой мөнгөн урамшуулал өгдөг. Дээр нь компаниуд бас боломжийн хирээр урамшуулдаг. Нутаг орон , байгууллага нь ч зүгээр байдаггүй. хангалттай амьдралын баталгаатай болдог. сар бүр 7-2,5 сая хүртэлх тэтгэмж авдаг.дээр нь бас эамирчид цалин хөлстэй хөдөлмөрлөдөг байлгүй энэ нь 4-12 багш эмч үйлдвэр үйлчилгээний ажилчны цалин шүү дээ.Байгууллагын 7-18 үйлчилгээний ажилчны хөлс юм. тамирчид улсын нэр хүндийг өргөхөөс баялаг бүтээдэггүй
гол нь чадвартай хүмүүсийг тавих хэрэгтэй ш дээ. Судалж үзээд өндөр боловсролтой хэнийг тавьсан юм бэ?
Одоо бол дэд сайд гэхээр Дарваан хараар төлөөлдөг болсон. Дарваан хар шиг дэд сайдтай байсанд орвол байхгүй байсан нь дээр. Худлаа ярьж хов хутгах биш ажил хийдэг дэд сайдууд хэрэгтэй байна
ТӨРИЙН НАРИЙН ГЭЭД БАЙДАГ ХАМАГ БУДЛИАНЫ ХӨРӨНГӨ, ДЭД САЙД БОЛ БАС АДИЛХАН. КОМ-ЫН ҮЕД ДЭДҮҮД АЖИЛ ХИЙДЭГ БАЙСАН.. ОДОО БОЛ ХОЛИОН БАНТАН ХУТГАДАГ ХОГИЙН ХУТГУУР. БАЙХГҮЙ БОЛГОХ НЬ ЗӨВ.
Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг төрийн албан хаагчдыг гоочлох явдал угаасаа хавтгайрсан даа. Энэ сэтгүүлч,жиргээч гээд байгаа нөхдүүд эрүүгийн рецидивүүдийн талаар огт дуугардаггүй. Учир нь айдаг,эсвэл хамсаатан нь байдаг.Тэд нарын нийгэмд учруулдаг эдийн засгийн болон ёс суртахууны хохирол ямар их байдгийг сэтгүүлч, жиргээч нар маш сайн мэддэг.
Илүү юм илүү гэж үг байдаг. Коммунист эрх мэдлийг хамгаалагч бөгс долоогчийн нийтлэл мөн байна шүү