АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тэд энэ оны гуравдугаар сарын 22-ноос өнөөг хүртэл 461-р хорих ангид хоригдож байгаа. Ч.Сангарагчаа нар хуулиар олгогдсон эрхийн дагуу давж заалдах гомдлоо Нийслэлийн шүүхэд гаргаад байсан билээ. Тэдний гаргасан хүсэлтийн дагуу өчигдөр Нийслэлийн шүүх хэргийг хянан хэлэлцлээ. Хэдийгээр Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар шүүх хуралд биечлэн суух хүсэлтээ ирүүлсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй, хэргийг хавтаст хэргийн хүрээнд хянах боломжтой гэж үзсэн байна. Өдрийн 12 цагийн үед хаалттай эхэлсэн шүүх хуралд АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарч ирсэн байв. АТГ-ын дарга Ч.Сангарагчааг Монгол Улсын гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, дэд дарга Д.Сундуйсүрэнг Ж.Эрдэнэбулган, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг С.Цэдэндамба нар өмгөөлөхөөр иржээ. Өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхийн шийдвэрийн дараа Улсын Дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргахаар боллоо.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )