Цунамид өртсөн Сэндай хотын иргэд Монголд 7 хононо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

“Ядарсан цатт нөхрийн чанар танигдана” гэж монголчууд хэлэх дуртай. Харин энэ удаа цунамийн гамшигт өртсөн Японы Сэндай хотын зургаан иргэнийг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-өөс бүх зардлыг нь даан сувилахаар авчирлаа. Тэднийг өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хүлээн авч уулзсан юм. Тэрбээр “Юуны өмнө байгалийн гамшигт өртөж, сэтгэл санаа, эд материалын асар их хохирол үзсэн Сэндай хотын ард түмэнд тэднээр дамжуулан гүн эмгэнэл илэрхийлээд, гамшигг өртсөн анхны өдрөөс эхлэн сэтгэл санаагаар хамт байсан” гэдгээ дуулгалаа.

Арав гаруй жил манай улсын төсвийн 50 орчим хувийг Японы Засгийн газар, ард түмэн бүрдүүлж ирсэнд баяртай байдаг. Хоёр улсын харилцаа төдийгүй хотуудын харилцаа өндөр хөгжиж, олон арван төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ч хотын дарга уулзалтын үеэр онцолсон. Мөн Улаанбаатарын энэхүү аялал нь тэдэнд сэтгэл санааны өчүүхэн ч атугаа дэм болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн Япон дахь суурин төлөөлөгч Иншко Набукигаас сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Миний хувьд 20 жилийн өмнөөс Монгол Улстай харьцаа холбоотой ажиллаж ирсэн. Энэ удаа Кисен аймгийн гурван гэр бүлийн 6 хүнтэй ирсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүс гадаад руу явах мөнгөгүй, нутагтаа ч амьдрах орон гэргүй болсон байгаа. Ийм хүмүүсийг Монголын Иргэний агаарын тээвэр болон Улаанбаатар хотын захиргаа хүлээж авч байгаа явдалд туйлын их баяртай байна. Наашаа ирэх үед Хакухо Даваажаргалтай нэг онгоцонд таарсан явдлаа маш их азтай гэж бэлэгшээж үзсэн” гэсэн юм. Байгалийн гамшигт өртөн, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй үлдсэн тэдэнд олон орноос тусламж, дэмжлэг илгээж байсны дотроос монгол хүмүүс нэг өдрийн цалингаа хандивлаж байсан нь хамгийн чухал, бас сэтгэлд үлдсэн нь гэдгийг Улаанбаатарт уригдсан Сэндай хотын иргэд хотын даргатай уулзах үеэрээ онцолж байлаа. “Улаанбаатар хотын бизнес хөгжлийн төв”-ийн шугамаар ирсэн Сэндай хотын 3 гэр бүлийнхэн Монголд 7 хонохдоо сүүн сувилалд амарч, Дархан хотод зочлохын зэрэгцээ сумогийн их аварга Хакухотой оройн зоог барьж, Японд ажиллаж амьдарч байсан монголчуудтай уулзах юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top