Нийслэлийн АН-ынхан Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 14-16-нд чууллаа. Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцов.
Намын анхан, дунд шатны гишүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан сургалт “АН-ын үзэл баримтлалын танилцуулга”-аар эхэлж “Монгол Улсын гадаад өр”, “Төрийн албаны инноваци-Төрийн албаны хуулийн үзэл санаа”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Улс төрийн намуудын индекс” зэрэг сэдвээр үргэлжилж “Сөрөг хүчний ажиллах стратеги” илтгэлээр өндөрлөлөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтын хүрээнд гишүүдээ системтэйгээр идэвхижүүлэх, чадавхижуулах нь бүсийн чуулганы гол зорилт. Ардчилсан намын гишүүд мэдлэгтэй, мэдээлэлтэй, чадавхитай байх нь бүх шатны сонгуульд амжилттай оролцох үндэс” хэмээн онцолсон юм.
АН шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн ил тод байдал, оролцоо гэсэн таван зорилтыг хэрэгжүүлж байна. Энэ ч утгаараа “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Үзэл баримтлалын шинэчилсэн төсөл бол уриа, лоозон, тунхаг биш Ардчилсан намын байр суурь, бодлогын байршил юм” хэмээн нийслэлийн чуулганы үеэр хэллээ.
Тэрбээр “Ардчилсан нам бодлогод суурилсан, засаглаж чаддаг институци болох эхлэл нь үзэл баримтлал. Ардчилсан намын бүх гишүүдийн гартаа барих зэвсэг, тулах цэг нь үзэл баримтлал байх учиртай” гэв.
Харин нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа “Сингапур, Норвеги шиг хөгжилтэй, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр өндөр байх ёстой. Ардчилсан нам квот бий болгож, биднийг дэмжиж байгаа нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн төлөө ажиллаж буйн бодит илэрхийлэл” хэмээн ярилаа.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )