БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлал хийж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус орны Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихентэй уулзлаа.
БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Г.Занданшатар сайд уулзалтын эхэнд дурдаад хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Монгол Улс, ӨМӨЗО хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч 2017-2018 онд хэрэгжсэн өндөр, дээд төвшний айлчлал, уулзалтуудын үеэр тохирсон асуудлыг урагшлуулах, үр дүн, ахиц гаргах зорилготой айлчлал хийж байгаагаа тэмдэглэлээ.
Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өссөн.
Энэ нь Монгол Хятадын нийт худалдааны 70 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь голлох үүрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгдэж байлаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжих “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, үүнд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох талаар мөн ярилцлаа.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллах санал тавилаа. Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихен илэрхийллээ. Эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, улс төр зэрэг бүхий л харилцааны эх үүсвэр нь хүмүүнлэгийн харилцаа гэдгийг талууд тэмдэглээд, соёл, хүмүүнлэгийн харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Ene ajil buteesei dee!