Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн энэ сарын 21, 22-нд Төрийн ордонд болох гэж байна. Уг зөвлөгөөнийг УИХ, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнийг Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслөөс санхүүжүүлэх аж. Зөвлөгөөнд төр засгийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид зэрэг 700 хүн оролцоно.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөний эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн бодлого, олон улсын сайн туршилгын талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Харин хоёр дахь өдөр холбогдох сэдвүүдээр салбар хуралдаануудыг хийж, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдрийн төгсгөлд нэгдсэн хуралдаан хийж зөвлөгөөнөөс гарах нэгдсэн зөвлөмж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
60 тэрбумынхны цугларалт гэж ойлгож болох уу