Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд шилжиж, хувьцааны тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжаалж, ногдол ашиг хүртэх боломж бүрдлээ гэх сайхан мэдээ цацагдаж байсан цаг саяхан. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд 120 орчим сая ам.долларын өрийн барьцаанд байна. Энэ өрөө дариу төлөхгүй бол өдөрт 75 сая төгрөгийн алданги төлнө.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглан тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африк дахь “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр Орос, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг байсан бол одоо 100 хувь төрийн мэдэлд шилжсэн болохоор уг өр “төрийнх” болж хувираад байгаа юм.
Учир нь, Ш.Батхүү “Стандарт” банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр өрийг албадан гаргуулах шийдвэрийг гаргасан. Гэвч өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тул “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг хил давахыг хориглож, үйлдвэрийн гадаад дахь хөрөнгийг царцаах, төлбөрийг авахад саад учруулж буй удирдлагуудыг барьж, саатуулж ч магадгүй нөхцөлд хүрчээ.
Цаашлаад шаардлагатай гэж үзвэл хувийн хөрөнгөнөөс нь төлбөрийг гаргуулах бүрэн эрхтэй гэх утга бүхий албан бичгийг Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрт хүргүүлсэн байна. Үндсэндээ Арбитрын шүүхээс нэгэнт шийдвэр гарсан л бол биелүүлэхээс өөр аргагүйг хуульч, өмгөөлөгчид хэлж байгаа юм. Үгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, уурхайгаас гарч буй бүтээгдэхүүний борлуулалтын төлбөрийг Монголд оруулж ирэхгүй байх эрхтэй аж.
Уг нь, Ш.Батхүү анх 109 сая ам.долларын өр тавьсныг нь шүүхээс 51 сая ам.доллар болгон бууруулсан байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсын зүгээс уг өрийг барагдуулах арга хэмжээ аваагүйн улмаас Арбитрын шүүх энэ талаарх асуудлаар удаа дараалан шийдвэр гаргаснаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт өр 120 орчим сая ам.долларт хүрчээ.
Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, хуулийн компанийн хөлс зэргийг тооцоод үзэхээр 120 орчим сая ам.доллар болж байгаа юм байна. Түүгээр ч зогсохгүй энэ өрийг даруй барагдуулах арга хэмжээ авахгүй бол өдөрт 75 сая төгрөгийг хүүнд нь төлсөөр байна.
Энд дурдагдаж байгаа 120 орчим сая ам.доллар нь хэр их мөнгө болохыг сануулъя. Монгол Улсын нийт 180 мянга орчим төрийн албан хаагчийн нэг жилийн цалингийн зардал хоёр их наяд орчим төгрөг болдог. Тэгвэл ам.доллар 2500 төгрөг болчихоод байгаа энэ үед 120 сая ам.долларын өр гэдэг нь 300 тэрбум төгрөгийн тухай асуудал болж байна. Энэ нь төрийн албан хаагчдынхаа цалинг хүссэнээрээ нэмэх боломж шүү дээ. Гэтэл энэ их өрийн асуудлыг шийдэх гэж “Эрдэнэт” үйлдвэр ч, төр ч ямар нэгэн оролдлого хийхгүй өдийг хүрчихлээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн бодит байдал ийм л байна. Энэ байдлаараа үргэлжилвэл “Эрдэнэт” үйлдвэрээ алдахыг ч үгүйсгэх аргагүй юм. Харин “саалийн үнээ”-гээ аврах уу, алдах уу гэдгийг хүлээх л үлдлээ.
Харин “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бас нэгэн маргаан байдаг нь "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй тус үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хурал болох юм. Шүүх хуралдааны талаар цаг тухайд нь эргэн мэдээллэх болно.
М.ХАНГАЛ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
hutsalguu uruu tuluuchee
300 тэрбум төгрөг шүү юун 300 их наяд вэ бичиж байгаа юмныхаа учрыг олж бай