УИХ-ын дарга М.Энхболдын 60 тэрбумтай холбоотой хэлсэн үгийг мартаж болохгүй!

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцахын "завдсан" бичлэг задарч шуугиан тарьж байлаа. Тэрхүү бичлэгт тухайн үеийн МАН-ын дарга, өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нарын гурван хүний дуу хоолой бичигдэж үлдсэн нь өнөөдөр ч улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.

Хэдийгээр энэхүү 60 тэрбумын гэх хэргийг хууль, хяналтынхан хоёр жил дамнаж шалгасан ч эцэстээ эвлүүлэг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, "эвлүүлэг" гэх ганцхан үгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаасан байдаг.

Харин саяхнаас л улс төрийн хүрээнд 60 тэрбумын гэх хэрэг дахин хүчтэй яригдаж, сөхөгдөж эхэлсэн гэхэд болно. Бүр хэргийн эзэн гэгдээд байгаа УИХ-ын дарга М.Энхболд нь хүртэл ам алдсан удаатай. Тэрбээр "Би тэр схемийн талаарх яриаг сонссон. Гэхдээ дэмжээгүй" гэх утга бүхий үгийг хэлсэн байдаг.

Энэ нь шууд утгаараа тэрхүү 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг хэлж байна. Гэтэл нөгөө талд манай хуулийнхан "Бичлэгийн эх хувь нь олдоогүй, эвлүүлэг" гэж мэлзсэн хэвээрээ сууна. Тэд улстөрчдийн хүсэлтээр үү, эсвэл олон нийтийн шахалтаар уу мэдэхгүй ч 60 тэрбумын хэргийг шалгах хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийг дахин томилсон байх юм.

Гэхдээ олон нийт түүнийг өмнө нь "эвлүүлэг" гэх дүгнэлтийг гаргасан Ажлын хэсгийг ахалж, 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгож хаасныг мартаж болохгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүртэл тагнуулынханд тайлбар өгчихөөд гарч ирэхдээ ч хэлсэн байдаг. Харин үүнээс илүүтэй УИХ-ын дарга М.Энхболдын амнаас унасан дээрх үг, өгүүлбэрийг ялангуяа хуулийнхан бүр ч мартаж болохгүй. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зэс данх(103.10.21.93) 2018 оны 09 сарын 20

Ичгүүргүй лидер нэр зүүсэн Миеэ мэтээсээ бас өсвөорийн коммунист алуурчдаасаа болж сөнөлөө дөө энэ нам баяртай сайн яваарай гэх л үлдлээ дээ

0  |  0
ZEV(202.126.89.133) 2018 оны 09 сарын 20

Soyltoi orond iim yumand orootsoldsonihoo tuluusund huugdcihuud. Husvel Enhbold uuruu ner turuu huutsulduj yavah ucirtai. Zerleg kolonii kapitalizm

0  |  0
Top