Газар тариалангийн бүсэд Шуурхай баг ажиллуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Өчигдрөөс ихэнх нутгаар цочир хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурч эхэлсэн. Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд цаг уурын цочир хүйтрэл ургац хураалтад хэрхэн нөлөөлөх талаар албаны хүмүүстэй холбогдож, тодрууллаа.

Ц.БОЛОРЧУЛУУН: ШУУРХАЙ БАГ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН НУТАГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН

Цочир хүйтэрч байгаа энэ өдрүүдэд ХХААХҮЯ-наас өвлийн бэлтгэл, намрын ургац хураалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа аж. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тухайлбал өнөөдөр /2018.09.20/ тариалангийн бүсэд томилолтоор ажиллаж байлаа. Түүнтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулав.

-Цаг агаар хүйтэрч, ургац хураалтад хүндрэл учирч болзошгүй байдал үүсээд байна. Яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ? 

-ХХААХҮЯ-наас намрын ургац хураалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын ургацын комиссыг ХХААХҮ-ийн сайд ахалж, ургацын урьдчилсан балансыг тогтоох комиссыг хуралдуулаад байгаа. Хуралдаанаар сайд Б.Батзориг ургац хураалт, цаг үеийн ажилтай холбоотой албан даалгавар гаргаж, холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг өгсөн. Тодруулбал, намрын ургац хураалтын үед цахилгаан болон шатах тослох материалаар тасалдуулахгүй байх, намрын ургац хураалтад шаардлагатай бүх ажиллах хүчнийг бэлэн байлгаж, ААН-тэй гэрээ байгуулан ажиллах зэрэг чиглэл өгсөн. Одоогоор би гэнэтийн хүйтрэлтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

-Тариалангийн бүс нутгуудад байдал ямар байна вэ?

-Яамнаас томилогдсон шуурхай баг газар тариалангийн бүс нутгуудад ажиллаж байгаа. Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Жавхлант, Сайхан, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, Мандал, Баянгол зэрэг сумуудад 5-15 см цас оржээ. Тиймээс иргэд, тариаланчдад цаг уурын анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэн ажиллалаа. Тариаланчид ангилсан тариагаа талбай дээрээс яаралтай хурааж авах, босоо тариа байвал ангилах юм уу, өөр өөрсдийнхөө ашигладаг технологийг зөв баримталж ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмж өглөө. Гэнэтийн цас орох үзэгдэл нэг, хоёр өдөр үргэлжлэх байх гэж харж байгаа ч эрсдлийг урьтаж тооцон ААН-үүд цаг алдалгүй ургацаа хураах төлөвлөгөөтэй байна.

-Ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ? 

-Энэ намрын ургац хураалтын ажил ерөнхийдөө жигдэрсэн. ААН, иргэд ургац хураалтандаа орчихсон байгаа. Нийтдээ үр тариа ангилан 13143 га, цайруулалт 4667 га, шууд хураалт 16938 га-аас нэгжийн ургац 14.2 цн буюу 30496 тн үүнээс улаанбуудай 21383 га-аас нэгж талбайгаас 14.1 цн буюу 30216 тн 15.8 хувь, тэжээлийн ургамал 2371 га-аас нэгж талбайгаас 21.2 цн буюу 5022 тн 15.2 хувь, рапс 3550 га-аас нэгж талбайгаас 6.0 цн буюу 2130 тн 12.3 хувь, төмс 1676 га-аас нэгж талбайгаас 128 цн буюу 21475 тн 63.1 хувь, хүнсний ногоо 1760.8 га-аас нэгж талбайгаас 127 цн буюу 22407 тн 67.3 хувьтай ургац хураалт явагдаж байна. Буудайн хатаах явц хэвийн үргэлжилж байна. Хур тунадас ихтэй байгаагаас шалтгаалан буудайны чийг урьд жилүүдтэй харьцуулахад их байгаа учир Хөтөл, Сэлэнгэ салбарт шинээр хатаалга нэмсэн нь ургац хураалтанд хүндрэл бага учруулж байна. 


ЦУОШГ-ААС ГАРГАСАН ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Мөн өнөөдөр ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.55.191.205) 2018 оны 09 сарын 20

ӨЧИГДӨР ,ӨНӨӨДӨР 2 ОО ЯЛГАДАГГҮЙ МАЛНУУД ЮМ ДАА

0  |  0
Top