Н.Энхбаярын большевик үзэл санаа, олигархиудын үүсгэсэн “Чөтгөрийн тойрог”-ийн аль алинаас нь салах хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 Аливаа хүний үзэл санаа хэд дахин өөрчлөгдөж тэр дундаа эрх мэдэлд хүрсэн хүмүүс өөрийн дотоод итгэл үнэмшлийг хэдэн бор төгрөг болгож болдог бололтой. Үүнийг манайхан авлига хэмээн төсөөлөөд байх шиг. МАХН гэж урьд нь байлаа. Одоо энэ нам гэх юмыг дахин байгуулсан хэмээн Сүхбаатарын талбай дээр туг лоозон хатгаж, Их хуралдай нэртэй цуглаан зохион байгуулаад яваа Н.Энхбаяр, түүний “хатан” болохоо шахсан Н.Удвал авгай хоёр тэрхүү үзэл санаагаа мөнгө болгож чаддаг том гарууд болов уу. Саяхан л авлигын загалмайлсан эцэг эхүүд байгаагүй билүү, тэд. Н.Удвал тийм л сайн байсан юм бол дэд сайд, намынхаа ёс зүйн зөвлөлийг толгойлж байхдаа одоогийн яриад байгаа олигархиудтайгаа тэмцэх нь яагаа вэ. Түүний хажуухан талд, бүр хормой хотовчинд нь хүртэл авлигачид хамт сууж байсан шиг санах юм. Н.Энхбаяр нь жинхэнэ авлигын загалмайлсан эцэг гэгдэж байлаа. Эдгээр хүмүүс харин өнөөдөр гэнэт төрсөн мэт урвагч, авлигач нараа харж гайхаад, энд тэнд зарлаад, сүүлдээ шүүхэд өгнө гэж ярих нь даанч итгэл төрүүлэхгүй байна. Н.Удвал авгай ярьж байна аа. Монголд хууль байхгүй болчихсон гэнэ. Монголын түүхэнд байгаагүй урвалт хийсэн нөхдийгөө бас нэрлэж байна. Зөв өө. Хэн ч буруу гэхгүй. Ардчиллын дархлаа ийнхүү бий болж буй хэрэг. Хэн нь ч хамаагүй луйварчдыг илчлэх л ёстой. Гэхдээ Н.Удвал, Н.Энхбаяр хоёрын илчлэлтээр өнөөдөр энэ тухай асуудал хөндөгдөөд байгаа юм биш шүү дээ. Үүнээс бүр нэлээд олон жилийн өмнө жирийн иргэд маань Н.Энхбаяр, Н.Удвал болон өнөөгийн эрх баригчдын ёс зүйгүй, хууль бус үйлдлүүдийг илчилж байлаа. Харамсалтай нь Н.Энхбаяртангууд шударга шүүмжлэлийг нухчин дарж байсан. Тэр төрийн албан хаагчдыг бөөн бөөнөөр нь хоморголон халж байв. Ингэж тэр үзэл бодлоор нь хүмүүсийг аймаглан ялгаварлах гажгийг анх эхлүүлсэн юм. МАХН-ын гишүүн бол хүн, бусад нь биш гэсэн үзэл санааг тэр түгээж байсан юм. Үүнийх нь хорт урхаг одоо ч салаагүй байна. МАН-ынхан баг, хороо бүрээр нь хүмүүсээ ангилан ялгаж, үзэл бодлоор нь аймшигтай ялгаварладаг хэвээрээ байна. Гол залгамжлагчид нь яг үнэндээ С.Баяр, У.Хүрэлсүх мэтийн хүмүүс. Өнөөдөр Н.Энхбаяр тэдэнтэй чоно хонь мэт харьцаж байгаа ч гэсэн авч идэх санаа нь адилхан. Ерөөсөө хуучин МАХН-ын хуваагдал бол олигархиудын хоолоо булаацалдсанаас үүсэлтэй хуваагдал болохоос биш, жинхэнэ Монголоо өөд нь татах, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санааны ялгарал огтхон ч биш. Баян хоосны ялгааг тэд яаж тогтоосон шигээ иргэдийнхээ чөлөөт үзэл санааны ялгаварлалыг бий болгосон юм. Энэ ялгаварлал эцсийн эцэст үндэстнийг хагалан бутаргах суурь нь болж байна. Энэ ялгаварлал алсдаа биднийг өдрөөс өдөрт мөхөл рүү хөтөлнө. МАН-д элсээгүй залуус ялгагдаж эхэллээ. Цаана нь намаараа талцагчдын явцуурал бугшаад хоцорч байна. Явцуурал нь өөрөө мөхөл гэдгийг аль аль нь одоогоор үл ойлгоно.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт хаа холоос Д.Энхбатыг холбон хулгайлж авчраад тамлан зовоох ажлыг ч Н.Энхбаяр хийлгэсэн нь одоо илэрхий болж байна. Нэрт найрагч О.Дашбалбарын үхэл ч Н.Энхбаяраас холуур тойрох аргагүй болов уу. Энэ мэтийг эргэцүүлээд байхад Н.Энхбаяр, Н.Удвал нар “хувьсгалчид” болж жүжиглэх нь инээдтэй бөгөөд ичгүүртэй, бас аймшигтай байгаа юм. Хувьсгалт шинжтэй өөрчлөлтийг ийм хүмүүс хийдэггүй. Хүний үзэл санааны өөрчлөлт гэдэг нь алга эргүүлэхтэй адил амархан өөрчлөгдчихдөг зүйл огт биш. Н.Энхбаяр шиг намынхаа их хурлаас шөнө гэр рүүгээ харьж явахдаа хувирчихдаг үзэл санаа бол ердөө л атгаг бодлын үр хөврөл төдий юм л даа. МАХН-ын XXVI их хурал түүний хувьд бөөн өс хонзон өвөртөлсөн хурал болсныг хүмүүс санаж байгаа байх. Тиймээс Н.Энхбаяр одоо наанаа эх оронч царайлж байгаагаас биш, шуналт сэтгэлийнх нь мухарт шал өөр бодол эргэлдэж байна. Тэр алдсан эрх мэдлээ эргүүлэн авах, тэгээд Оросын эдийн засгийн боолчлолыг Хятадын наймаачдаас түрүүлж Монголд тогтоохоос хэтрэхгүй бодолтой яваа ажээ. Энэ бол хамгийн энгийн бөгөөд үнэнд арай ойрхон үнэлэмж бүхий логик сэтгэмж болов уу.

Н.Энхбаяр, Н.Удвал нарт найдахаасаа илүү одоо бид сонгуулиар арай өөр соён гэгээрэл рүү хөтлөх нам, хүнийг төр засагт гаргах талаар ухаанаа уралдуулах хэрэгтэй боллоо. Бизнесийн томчуудаасаа улс төрийг салгах, намуудыг гишүүнчлэлгүй болгох, төрийн олигархижсан системийг задалж, засаглалын шударга, шуурхай тогтолцоог бий болгохын төлөө тархиа “гашилгах”, иргэд маань илүү соён гэгээрэх нь чухал болжээ. Гэгээрч, соёлжсон ард түмэн хэзээ ч ялагдал хүлээдэггүй. Н.Энхбаяртан шиг үзэл санаагаа хүчирхийллээр юмуу, мөнгөөр худалдчихгүй тийм хэмжээнд гэгээрэх цаг болсон байна.  Дэлхийн нийтлэг соёл тийш гэгээрнэ шүү дээ. Н.Энхбаяртны хэт большевик үзэл санаа, олигархиудын сүлжээ буюу “чөтгөрийн тойрог”-ийн аль алинаас нь зэрэг салах явдал өнөөгийн иргэний нийгмийн гол зорилго байх учиртай болов уу. Ингэж чадвал газар шороо, уул уурхай, банк санхүүгээ харийнханд алдахаас хамгаалах илүү сайн дархлаа тогтоно. Үүнийг хувьсгал хэмээх ажээ.  Үзэл санааны энэ хувьсгал нь бидний эх оронч мэдрэмж, үндэстнээ гэх сэтгэлийн гал цог дээр бадардаг жамтай. Бурхан будда юмуу, христийн хоосон номлолоос энэ үзэл санаа гарахгүй. Монгол хүн бүрийн өөртөө үнэнч байхаас энэ үзэл санаа  эхэлдэг юм.      

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top