УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар баталсан ч багагүй хэл ам дагуулсан Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Архи согтууруулах ундаа, химийн хортой бодисыг үйлдвэрлэх, хилээр оруулахтай холбоотой тэмдэгтийн хураамжийн хэмжээг өмнө баталсан хуульд зааснаас бууруулахаар энэ удаа төсөл оруулж ирээд байгаа юм. Тухайлбал, архи борлуулах газрууд 10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг жилд төлөхөөр байсан юм. Мэргэжлийн холбоод, бусад байгууллагуудын саналаар уг хураамжийг нэг сая төгрөг болгохоор шийдсэн. Одоо шинэ хууль батлагдвал шинээр нэмсэн хуулийн заалтыг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эргүүлэн хэрэглэхээр болж байна. Архи борлуулдаг байгууллага 10 сая.төгрөгөө төлсөн байлаа гэхэд түүний илүү төлсөн есөн сая төгрөгийг дараа дараагийн хураамжаас суутгаж тооцох аж. Харин хураамжаа төлөөгүй байсан нь шинэ хуулиар төлөх юм байна. Гэвч хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн дунд эргэлзсэн асуулт цөөнгүй гарч байлаа. Гишүүн А.Баделхан, Засгийн газар хариуцлагагүй төсөл оруулж УИХ чанаргүй хууль батлаад, удалгүй дахин нэмэлт, өөрчлөлт хийхээр оруулж ирж буйг буруутгалаа. Ч.Улаан гишүүн "Хураамжаа нэгэнт төлсөн байгууллагын хураамжийг дараагийнхад суутгана гэжээ. Хураамжийг жилд ганц
төлнө. Тэгвэл 10 сая төгрөгөө төлсөн газрынхыг 10 жил суутгахгүй юмуу" хэмээж байв. Д.Дамба-Очир гишүүний тайлбарласнаар хураамжийг хоёр жилд нэг удаа төлөх аж. Харин нийслэл архи борлуулагчдын хураамжийг жил тутам хураахаар болсон нь буруу гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв. Мөн 1000 төгрөгөөс доош хураамжийг цуцалжээ. Хүүхдийн төрсний гэрчилгээний хураамж 220 төгрөг байсан. Энэ мэт хураамж байхгүй болж буй аж. Н.Энхболд гишүүн хэвлэх үйлдвэрийн зориулалттай будаг, химийн бодисыг энэ хуульд хамруулан хил, гааль дээр 70 гаруй сая төгрөгийн хураамж нэхэж байгаа гэсэн хэвлэлийн үйлдвэрийн гомдлын дагуу асуулт тавьсан юм. Сангийн сайд С.Баярцогт, ажлын хэсгийнхний хариулснаар хэвлэх үйлдвэрийн зориулалттай будаг, бодис нь хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хоргүй тул энэ хуульд хамаарахгүй аж. Зөвхөн мөнгөн ус, цианит натри зэрэг химийн хорт бодист хамаатай гэдгийг тэд тайлбарлалаа. Зарим тэмдэгтийн хураамж 1400 дахин өсч орж ирсний учрыг Б.Чойжилсүрэн гишүүн асуулаа. Тэр нь атомын цахилгаан станцын эд анги, уран боловсруулахтай холбоотой бодисуудынх юм байна. Тийм хэрэгцээ гарвал хураамжийг тодорхой байлгахаар хуульд тусгахаар болжээ. Хэлэлцүүлгийн эцэст гишүүд батлаад удаагүй хуульд засвар хийхийг дэмжлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )