"Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном Аmazon.com-ын 2011 оны шилдэг сонсдог номоор шалгарсан. Түүнийг зохиосон АНУ-ын нэрт эрдэмтэн, Макалейстрийн их сургуулийн профессор, хүн судлаач Жак Уэтерфорд Монголд ирж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Профессор Уэтерфорд нь овог аймгийн судалгаагаар мэргэшсэн нэгэн бөгөөд сүүлийн 30 орчим жилийн турш Монголын түүх, байлдан дагууллын талаар нарийвчилсан судалгаа хийж, 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан”, 2010 онд “Монголын их хатдын нууц товчоо” зэрэг номоо хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүх соёл, зан заншил, уламжлалын талаар шинжлэх ухааны өргөн цар хүрээтэй бүтээлүүдээрээ Монголын өнгө төрхийг дэлхий дахинд таниулсан түүний ном 2011 оны шилдэг бүтээлээр шалгарсанд нь баяр хүргэв. "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном дэлхийн хорь гаруй хэлээр хэвлэгдэн гарч олон улсад худалдаалагдсан тоогоороо тэргүүлж байсан билээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж профессор Уэтерфордын цаашдын судалгааны ажилд амжилт хүсч, дурсгалын зүйл гардууллаа.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )