ЗТХЯ-ны газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан.

Мөрдөн байцаалтын явцад тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон байдаг. Одоогоор сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

Засгийн газраас энэхүү хэрэгтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яаманд дахин томилгоо хийжээ. Тодруулбал, тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Мөнхнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Мягмарсүрэнг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Мөн гурван газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байсан бол Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт нэмж зарлажээ.

Харин өнгөрсөн долоо хоногт талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар, сэжигтэн Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилсон.

Түүнчлэн тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top