Өдгөөгөөс 93 жилийн өмнө буюу 1925 онд Богдын сангаас нэг гэр, хоёр авдар таслан өгч байгуулж байсан нийслэлийн МАН-ын байгууллага өнгөрөгч амралтын өдрүүдэд удирдах бүрэлдэхүүнээ сонголоо.
Удаан хүлээлгэсний эцэст чуулсан Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг даргаараа сонгож, дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм. Нийслэлийн МАН-ын орон тооны дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, орон тооны бус дэд даргаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарыг сонгосон бол мөнхүү Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, нарын нэрийг дэвшүүлж, орон тооны бус дэд даргаар батласнаар орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай ажиллахаар болжээ.
Нийслэлийн МАН-ын даргаар томилогдсон Д.Сумъяабазар нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон бөгөөд орон тооны бус дэд даргаар сонгогдсон Х.Нямбаатар, Н.Учрал нар ч тус дүүргээс сонгогдсон билээ. Ингэхээр дээрх эрхмүүд сонгинохайрханчуудыг УИХ-д төлөөлөөд зогсохгүй, Нийслэлийн МАН-ын удирдах бүрэлдэхүүнд ч "сонгино"-чуудыг төлөөлөхөөр болж байгаа нь түүхэндээ анхдагч юм байна. Үүнээс өмнө нийслэлийн МАН-ын удирдах бүрэлдэхүүнд нэг дүүргээс сонгогдсон гурвын гурван гишүүн байгаагүй аж.
Үе үеийн нийслэлийн МАН-ын үйл ажиллагаа, тухайн цагийн удирдлагууд хэрхэн яаж ажилласнаас шалтгаалан нийслэлд МАН ялах эсэхийг тодорхойлж байсан түүхтэйг энэ үеэр дурдсан. Ямартай ч “ирэх 2020 оны сонгуулиар МАН Сонгинохайрхан дүүрэгт ялагдах учиргүй бөгөөд Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэлийн МАН-ын гурван удирдлага нийслэлд ялагдах эрхгүй болж байна” хэмээн намын гишүүд дүгнэж байна. Эндээс харвал эрхэм гурвын хувьд улс төрийн карьер хувийн амбицаас илүү намын эрх ашгийг өндөрт тавьж ажиллах үүрэг өөрийн эрхгүй оногдож байгааг харууллаа. Нөгөө талаар орон тооны дэд дарга нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч байгаа гэхээр Сонгинохайрхан дүүргээс удирдах баг бүрджээ гэж болохоор.
Нийслэлийн МАН-ын удирдах багийг харахад улстөрд өсч өндийж яваа залуучууд хэдий ч туршлагагүй нөхөд биш. Гэхдээ юу юуны өмнө түүхэнд анхдагчаар бичигдэж буй Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал гурвын хувьд яах аргагүй ачааны хүндийг үүрч таарах нь. Намын гишүүдийн зүгээс ч “ялагдах эрхгүй гурав” гэсэн нэр хүртээж, тэдэнд өндөр итгэл хүлээгээд байгаа юм. Тиймээс Нийслэлийн МАН-ыг удирдаж ажиллах баг бүрэлдэхүүний талаархи мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар
Д.Сумъяабазар нь 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгсөн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй болжээ. Тэрбээр 2003-2006 онд “Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн төлөөлөгч, 2012, 2016 онуудад Сонгинохайрхан дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа гэхээр туршлага нимгэн харагдахгүй байх. Энд түүний үндэсний бөхийн начин, заан, улсын аварга гэсэн цол гуншин хэрэггүй биз ээ. Хашиж буй албанд нь тэгтлээ хэрэг болох ч үгүй.
Орон тооны дэд дарга Н.Алтаншагай
Н.Алтаншагай нь Улстөр судлаач, нийгмийн ажилтан мэргэжилтэй, 2008-2012 онд Нийслэлд Зохион байгуулалтын хэлтсийн дарга, 2012-2018 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан, Ахлах ажилтан, 2013-2015 онд Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар үүрийн дарга, дүүргийн МАН-ын дэд даргааар ажиллаж байсан. Өдгөө Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа гэхээр намын шат шатанд ажил эрхэлж туршлагжсан гэдэг нь харагдана.
Орон тооны бус дэд дарга Х.Нямбаатар
Х.Нямбаатар нь 1996-2002 онд “Орхон” Их сургууль, 2006-2008 онд Цагдаагийн академи /Хууль сахиулахын Их сургууль/, 2008-2012 онд Удирдлагын Академийг тус тус суралцан төгсчээ. Тэрбээр 2000 оноос Орхон Их сургуульд Төр эрхзүйн онолын багшаар ажлын гараагаа эхлүүлсэн бол Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2012 оноос тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж, төрийн албыг шат дараатай хашсан төдийгүй дүүргийн Улаан загалмайн тэргүүн, НАМЗХ-ны дарга, МАН-ын дэд дарга тэргүүлэгч гэх мэт улстөр, нийгмийн салбарт хүчин зүтгэж, 2016 онд УИХ-д орж ирсэн гэхээр бас л туршлага дутахгүй.
Орон тооны бус дэд дарга Н.Учрал
Н.Учрал нь 2006 онд Их засаг олон улсын их сургуулийн хууль зүйн магистр, 2008 онд Лимкоквинг" их сургуулийн магистрантур, 2010 онд "Глоустершер" их сургуулийн бизнесийн удирдлагын магистрыг тус тус дүүргэжээ. Тэрбээр Монголын Франчайзинг хөгжлийн ассациацийн ерөнхийлөгчөөр ажлынхаа гарааг эхлүүлж, 2012 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож, улмаар 2016 онд УИХ-д орж ирсэн гэхээр бусаддаа төдийлөн чирэгдээд байх зүйлгүй. Үүнээс гадна “Рояаль” олон улсын сургуулийн захирал, Залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сангийн тэргүүн гэх мэт нийгмийн чиглэлийн салбарт ажил хийж үзсэн, өдгөө ч энэ албаа залгуулж яваа залуу юм.
Орон тооны бус дэд дарга О.Одбаяр
О.Одбаяр нь 1988 онд ЗХУ-ын (одоогоор Украйн улс) Киев хотын Багшийн их сургууль, 1997 онд Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн Техникийн Их Сургуулийн Эдийн засгийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгсөн Багш, Олон улсын эдийн засагч, Эрхзүйч мэргэжилтэй болжээ. Тэрбээр “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, “UB Cinema” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласнаас харвал бизнесийн салбарт олон жил ажилласан нэгэн. Мөнхүү 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын албыг хашиж байна.
Орон тооны бус дэд дарга Г.Төмөрбаатар
Г.Төмөрбаатар нь ОХУ-ын Симьферополь хотын цэргийн их сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Удирдлагын академи, БНСУ-ын логоди академийг тус тус дүүргэж, Автын инженер, Эдийн засагч, Удирдахуйн ухааны магистр мэргэжил эзэмшсэн. 1991-1996 онд "Ширэвгэр" ХХК-ны захирал, 2009-2011 он Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2012-2013 он “Автобус-1” ОНӨҮГ-ын захирал, 2016 оноос Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байна. Сонгуульт ажлын хувьд 1997-2005 он НАМЗХ-ын Сүхбаатар дүүрэг хариуцсан тэргүүлэгч, 2000, 2004, 2008, он Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, 2012-2016 НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, 2013 оноос ННХ-ын бага хурлын гишүүн, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр, 2000, 2004, 2008, 2012, 2016 он Сүхбаатар дүүргийн Бага хурлын гишүүн, 2004, 2008, 2012, 2016 онд МАН-ын Бага хурлын гишүүн болсон юм.
Орон тооны бус дэд дарга Ж.Батбаясгалан
Ж.Батбаясгалан нь 1990–1991 Москва хотын 779-р дунд сургууль, 1991-1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, 2000–2004 “Түшээ” дээд сургууль, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль тус тус дүүргэж Эрх зүйч, Хууль зүйн магистрант болжээ. Тэрбээр 2004-2006 онд УИХ-ын Тамгын газар, 2006-2008 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2008-2012 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2009–2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, 2008–2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, 2012–2016 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2016 оноос Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна.
Орон тооны бус дэд дарга Б.Мөнхбаатар
Б.Мөнхбаатар нь Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийг Химийн технологич мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан юм. Тэрбээр МУИС-д сурч байхдаа “Залуус” бүлгэм байгуулан улс төрийн карьераа эхлүүлж, сургуулиа төгсөөд нийслэлийн МАН-ын хороонд ажилласан учраас тус байгууллагын уугуул нэгэн гэхэд болно. Удалгүй БСШУЯ-нд Гадаад харилцааны хэлстийн даргаар ажиллаж, МАН-ын хорооны дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор дамжин ажилласан бол өдгөө “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )