Монголд элэгтэй франц зурагчны түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Фредерик Лагранж. АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг франц гаралтай зурагчин. Чөлөөт гэж тодотгосон тэрбээр өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монгол Улсад 13 удаа иржээ. Тэр ирэх болгондоо Монголыг шинээр нээж, монгол түмний тухай, монгол хүний сайхан сэтгэлийн тухай, уудам талдаа тааваараа амьдрах малч түмний тухай шинийг нээдэг гэж дурссан байна. Хатуу, ширүүн уур амьсгалтай Монгол Улсын жилийн дөрвөн улирлыг хүн ардтай нь буулгаж үлдээх нь түүний гол зорилго. Ингэхдээ тэрээр элдэв төрлийн программ ашиглахгүй бодит байдлыг харуулахыг зорьдог аж.

Фредерик Лагранж хүүхэд байхдаа анхлан өвөөгөөсөө Монгол Улсын тухай сонсчээ. Түүний өвөг эцэг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Францын армид алба хааж, Германд хоригдож байж. Дайны сүүлчээр 1944 онд ЗХУ-ын арми Германы шоронг чөлөөлөхөд алба хааж байсан монгол цэрэг өвөөг нь хорих камераас нь гаргаж байсан гэдэг. Чухамдаа түүний өвөө л монгол хүний найрсаг зан, сайхан сэтгэлийг ач хүүдээ ярьсан нь бяцхан хүүгийн зүрхэнд төсөөллийн ертөнцийг бий болгожээ.

2001 оны наймдугаар сар. Түүнд Монголд ирэх боломж тохиож, тэр дороо л Монголыг зорихоор болов. Тэрээр Business Insider сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагчийн хувиар анх Монголд хөл тавьжээ.

“Анх онгоцноос буухад бүгчим халуун байсан. Анхны сэтгэгдэл миний төсөөлснөөс өөр байсан. Гэхдээ сайн талаараа. Хэдийгээр хэлний бэрхшээл байсан ч надад дунд эргэм насны хэлмэрч хамтран ажиллах санал тавьсан. Тэр хүнтэй би одоо хүртэл найз. Монголд ирэх болгондоо би тэднийхээр зочилдог” гэж Фредерик Лагранж ярьжээ.

Фредерик Лагранж хамгийн сүүлд 2017 оны намар иржээ. Гэхдээ тэр Монгол орны хаврын улиралд дуртай. Яг л хүүхэд байхдаа сонсч байсан үлгэр адил тийм мэдрэмжийг Монголын уудам талаас авдаг гэж хэлж байна. Одоогоос яг жилийн өмнө. Тэрээр Монгол орны өвөл, хавар, зун, намар жилийн дөрвөн улиралд ард түмэн нь хэрхэн аж төрдгийг зураглах мөрөөдлөө чухамдаа жилийн өмнө биелүүлжээ. Лагранжийг Монголд ирэх болгонд түүнд цэргийн алба хаагчид тусалдаг аж. Зам, даваа хэцүү газарт цэргүүд мориор тусалж, эзгүй хээр талд хоноглоход хамт явж, мөн тухайн нутаг орныхоо байгалийн үзэмжит газруудыг ч танилцуулдаг гэх.

Түүнд 2006 он мартагдашгүй дурсамж үлдээжээ. Лагранж “Хоршоолол” нийгэмлэгийнхэнтэй хамт наадмын бэлтгэлд гарч, бөхчүүдийн бэлтгэлтэй танилцсан байна. Мэдээж, наадмын нээлт үзэж сонирхсон нь түүнд маш том сэтгэгдэл төрүүлжээ. Үүнээс хойш тэр бөх гэх спортод татагдан, үндэсний бөхийг сонирхох болсон байна.

“Ертөнцийн хаа нэгтэй ийм том соёл, уламжлал байна гэдэг гайхалтай хэрэг. Монголчууд наадамдаа үнэхээр хүндэтгэлтэй ханддаг. Орчин цагийн олимпийн гол үзэл санаа нь ч давхцаж байгаа нь бүр ч гайхалтай” гэж Ф.Лагранж ярьжээ.

Монгол хүн бүрийн зүрхэн тольтноо цэлэлзэн байдаг Хөвсгөл нууртай анх танилцсан нь бас л 2006 он. Өвлийн хахир цагт, фургон машинаар нутгийн гурван эрийн хамт зорчсон нь хамгийн дурсамжтай аяллын нэг байсан гэнэ. “Хэзээ цөмөрчих бол гэж бодохоос л дотор хачин болж байлаа” гэж Ф.Лагранж өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээжээ.

Монголд анх ирснээсээ хойш 14 жилийн дараа Лагранж Монгол орны баруун хэсэгт анхлан хөл тавьжээ. Баян-Өлгий аймагт зочилсон тэрээр байгалийн үзэсгэлэн, казах түмний амьдрал ахуй гээд Монгол Улсын тухай шинэ хуудсыг нээж өгсөн гэх. Тэрээр Өлгий нутгийн бүргэдийн анч Куантханы Өлөгбантай танилцсан байна. Хамгийн сүүлд ирэхдээ тэр Монгол эр хүн бүрийн хүслэнт оргил Шилийн богдод авирчээ.

Фредерик Лагранж сүүлийн 17 жил Монгол Улсаар аялсан зурган тэмдэглэлээ ирэх арваннэгдүгээр сард хэвлүүлэхээр төлөвлөж байна. Интернет орчинд аялдаг завгүй уншигчдад зориулж Kickstarter цахим хуудаст цахим хэлбэрээр худалдаж авахаар байршуулсан байна.  

Гэрэл зургийг Фредерик Лагранжийн хувийн цахим хуудаснаас

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gadniihanaas dytah y(148.60.92.227) 2018 оны 09 сарын 27

bidnii yhaan haichbaa?geheer zyragnyyd baina!bid delhii deer ylas gedeg byteziig bii bolgoson yum bol yag 13 zyyniihaa hyreend ergen ormoor baina!iim yhaanaa gereltyylen ergen sanazgaaya?....

0  |  0
Иргэн(202.126.89.41) 2018 оны 09 сарын 27

Яг байгаагаар нь сайхан фото авчээ. Дашрамд хэлэхэд: манай сурвалжлагч нар гадаадынхнаас ярилцлага авахдаа Монгол гоё сайхан гэж хэлүүлэх гээд тулгаад, өөр зүйлийг сэтгэхээ байчихсан юм шиг санагдаад байдаг шүү!

0  |  0
Top