Н.Даваадорж: Ангийн захирагчдаа хоч өгөөд сахилгын хариуцлага тооцуулсан

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Хилийн цэргийн бэлтгэл ахмад Н.Даваадоржтой ярилцлаа.

-Та хилийн цэрэгт хэдэн жил зүтгэв?

-1970-аад оноос  хилийн цэрэгтэй амьдралаа холбосон. Цэрэгт нэг  жил алба хаагаад тухайн үеийн ЗХУ-ын Москва хотод хилийн цэргийн академид сонсогч болсон. Ховд аймгийн Булганы отрядад тэндээсээ Говь-Алтай аймгийн Элгэн усны заставт, Дорноговь аймгийн Улаан уулын отряд гээд дандаа говийн  аймгуудад ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-25 жил дархан хилээ манасан гэхээр багагүй адал явдал учирсан байх?

-Миний аав хилчин Хонгиогийн барьж байсан бууг надад өгсөн. Бас аавын минь хэрэглэж байсан машиныг өгсөн нь сонин тохиолдол..

-Сонирхож асуухад цэргүүд цагаан зээр  их агнадаг байсан гэдэг. Хятад цэргүүд мөн адилхан уу?

-Ялгаатай. Монгол цэргүүд 9-10 дугаар сард цагаан зээр агнана. Голчлон хүнсний зориулалтаар. Хятад цэргүүд 12 дугаар сард цагаан зээр агнана.

-Таныг чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-1972 онд Улаанбаатар хотын аварга болсон, чөлөөт бөхөөр. Хаашдаа улсын аварга болно гэсэн  тооцоо төлөвлөгөөтэй ирээд өрсөлдөгчийнхөө гольцоо мэхэнд ороод  аварга болох маань өнгөрлөө. Унаган ганц мэхтэй бөх байсан юм билээ. Тэр мэхэнд нь ороод дөрөвдүгээр байрт шалгарлаа.

-Дараа нь Москва хотын аварга болсон гэлүү?

-1973 онд Москва хотод Олон улсын байлдааны самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн. Ингээд 10 хоногийн чөлөөгөөр шагнуулж,онгоцоор эх орондоо ирж байлаа.

-Москва хотын аваргад хандах сонсогчдийн хандлага өөр биз?

-Арай л өөр. Аварга гээд. Эхний жилд сонсогч оюутнууд “ах нар”-аа дагаж гарна. Хариуцлага өндөртэй.

-Та хилийн цэргийн байгууллагаас ямар шагнал хүртэв байв?

-Цагаан морь л авсан даа.

-Цагаан морь гэдэг чинь?

-Цэргийн хүндэт медаль дээр цагаан  морины зураг байдаг учраас манай цэргийнхэн ингэж нэрлэдэг юм.

-Таныг цэргүүдэд дарга нартаа хүртэл хоч их өгдөг гэж сонсож байсан?

-Тийм тохиолдол бий. Улаан уулын отрядод ажиллаж байхад отрядын дарга  хурандаа намайг дуудаж “Чи хүнд хоч их өгдөг гэсэн бил үү. Надад ямар хоч өгсөн гэж асуухаар нь “Цагаан гахай” гээд шууд хэлчихлээ.Ингээд даргадаа хоч өгсөн гэж сахилгын шийтгэл хүлээж байсан. Сахилгын шийтгэл гэхээр цалингийн хувиар торгуулах, донгодуулах зэрэг багтана.

ухайн үед намын гишүүнээр элсэнэ гэдэг хатуу даваа байсан бололтой. Та намд гишүүнээр элссэн үү?

-Өө намын гишүүн болох амаргүй. Нэг жил батлан даалтад байна. Намайг батлан даасан  хүнтэй   үзэл бодол нийлээгүй. Би хүний алдаа дутагдлыг шууд хэлчихдэг. Тэгээд батлан даасан, даалгасан хоёр үзэл бодол  нийлэхгүй учраас больсон доо. Гэхдээ би Орос уруу сургуульд явахын тулд 8-9 жил ёстой л зүтгэсэн. Гэвч болоогүй.

-Та яагаад  шагнал авч бас албан тушаал дэвшсэнгүй вэ?

-Аан нөгөө л сахилгагүй гэдэгтэй холбоотой. Даргадаа хүртэл хоч өгнө. Энэ бүхэн нөлөөлсөн байх.

-Тухайн үеийн ЗХУ-д суралцаж байсан оюутнууд тарваганы арьс борлуулах зэргээр орлого олдог байсан гэдэг. Таны тухайд?

-Сонсогч цэргүүдэд Дарханы нэхий дээл оногдоно. Түүнийгээ хилээр давуулаад борлуулахад хэсэгтээ л мөнгөтэй явна. Харин 2-3-ыг  гаргана гэвэл хураалгах эрсдэлтэй.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top