Ч.Хүрэлбаатар: 2019 оны төсвийн орлого 9 их наяд 676.5 тэрбум төгрөг байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Ингээд ирэх оны төсвийн талаар Сангийн сайдаас зарим зүйлсийг тодруулсан юм.


-2019 оны төсвийн онцлог юу вэ?

-Засгийн газар 2019 оны төсвийг боловсруулан УИХ-д өргөн барилаа. Хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2019 онд аймаг болгонд 8-10 тэрбум төгрөгийг нэмж олгохоор төсөвт суулгасан. 2019 онд нэлээн олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг аймгуудад нээгдэнэ. Тэр бүхэнд тоног төхөөрөмж худалдаж авах асуудал тулгарна. Аймгийн төвүүдийн дэд бүтэц, халуун, хүйтэн ус, дулааны хангамжаа сайжруулах, зам засвар, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлыг энэ хөрөнгөөр шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн 2019 оны төсөвт МСҮТ-үүдэд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөг олгохоор болж, төсөвд 41 тэрбум төгрөг суулгасан. Эдийн засаг өсөхийн хэрээр мэргэжилтэй ажилчдын зах зээлийн эрэлт нэмэгдэж байна. Гэтэл ажил олгогчийн шаардлага хангасан ажилтан алга. Иймд МСҮТ-үүдэд суралцаж байгаа сурагчдад сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Эдийн засгийн өсөлт цаашаагаа нэмэгдээд явахад боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлага байгаа.

-2019 онд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх вэ?

-2019 онд улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд 366 тэрбум төгрөг байгаа. Энэ бол 2018 онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. 2019 онд нийт 117 сургууль баригдана. Үүнээс шинээр 49 сургууль баригдана. Нийт 143 цэцэрлэг барихаас 60 нь шинээр баригдана. Нийт 34 дотуур байр барихаас 22 дотуур байр шинээр баригдана. Нийт 62 эмнэлэг баригдахаас шинээр 32 нь баригдана. Нийтдээ 41 спорт заал барихаас 27 нь шинээр барихаар төлөвлөөд байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ?

-Гадаадын зээл  тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд нэмэгдэх чигтэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг эргэлтэд оруулах, саарал усыг ашиглах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс гадна Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барихаар болсон. Энэ бүгд нийлээд 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт болно. Мөн төсөв дээр нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Дарханы зам, Налайхын чиглэлийн 21 км зам, нэлээн олон эмнэлгийн барилгын ажил гадаадын зээл тусламжаар хэрэгжинэ.

-2019 оны төсвийн орлогын биелэлт бодитой байх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Олон улсын валютын сан дэлхийн эдийн засаг 3,2 хувиар өснө гэж үзэж байснаа сүүлийн үеийн эдийн засгийн өөрчлөлтийг харгалзан үзээд 3,7 хувь байна гэж үзсэн. Мөн Америкийн зүгээс Хятадтай хийж байгаа худалдааны дайн, бусад орнуудтай хийж байгаа худалдааны маргаан нь тодорхой хэмжээний эрсдэл үүсгэх магадлалтай. Энэ хүрээнд бид төсвийн орлогыг тооцсон. Зэсийн үнийн тухайд нэлээд өөдрөг 7200 ам.доллараар тооцож төсвийн хүрээний мэдэгдэлдээ оруулж байсан бол 6250 ам.доллараар оруулж өгсөн. 2019 оны тооцож байгаа төсвийн орлого нэлээд чанга. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг Засгийн газар бүрдүүлж чадна гэдэгт итгэж байна.

-Төсвийн алдагдал хэр үндэслэлтэй вэ?

-2019 онд 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцсон. Үүнээс 1,3 их наяд төгрөг нь гадаадын зээл тусламж. Энэ нь Дархан руу баригдах зам, цэвэрлэх байгууламж барьж байгаа хөрөнгө мөнгө, нефьт боловсруулах үйлдвэр дээр хийгдэх хөрөнгө оруулалтууд, дээр нь аймгийн төвүүдэд хийгдэх авто зам, Налайхын дөрвөн урсгалтай замын санхүүжилт орж байгаа. Цаана нь үлдэж байгаа 500 орчим тэрбум төгрөгийг Засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийн урсгалыг оновчтой байдлаар шийдэж, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авахгүйгээр зохицуулж чадна гэж үзэж байна.

-Хүүхдийн мөнгөнд өөрчлөлт орох уу?

-Хүүхдийн мөнгийг бид 80 хувиар тооцоод явсан. ХНХЯ-наас хүүхдийн мөнгө авахыг хүссэн тоогоор санхүүжилтыг гаргана.

-Ирэх онд цалин, тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн тусгасан бэ?

-720 тэрбумын төгрөгийг цалин, тэтгэвэртэй холбоотой зардалд тавьсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд цалин нэмэгдэнэ. Ирэх онд бид цалингийн нэгдсэн системийг бий болгоно. Тэгвэл эрүүл мэнд, боловсролын салбарт хэчнээн хүн ажиллаж байгаа болон хэн цалингийн аль шатлалд хамаарч хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхой болно.

-Утааг бууруулах ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-200 орчим тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 45 тэрбум төгрөгийг гэр хороолол руу цахилгаан, дулааны шугам тавих ажилд зориулна. 147 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын утааг бууруулах зориулалтаар тавьж байгаа. 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан түлш нийлүүлэх, нам даралтын зуухнуудын утааг бууруулах шүүлтүүр тавих ажилд энэ хөрөнгийг зориулна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(110.18.69.70) 2018 оны 09 сарын 28

Хүрлээ сайд монголын сангийн хөрөнгийг маш зөв менежмент хийж байгаа аргагүй л мэргэжлийн ,чадвартай,сэтгэлтэй сайн боловсон хүчин дээ.Банкуудаас өндөр хүүтэй зээл авахгүй байх нь маш чухал шүү.Портунаа,хурд Чойжилсүрэн 2 ч хажууд нь ичмээр дамшигууд даа.

0  |  0
Top