С.Зоригийн араас нэхсэн зориггүй 20 жил

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хар өдрөөс хойш яг 20 жил өнгөрчээ. 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр монгол хүнд уйтай санагддаг. Монголчууд ардчиллын алтан хараацайн амь насыг хөнөөсөн энэ хэргийн учиг тайлагдахыг удтал хүлээж байгаа. Багагүй ахиц гарсан л байх. Гэхдээ үүнийг улстөржүүлж тайлбарлах хэсэг, хэргийн илрүүлэлтэд бүрэн итгэхгүй нөгөө хэсэг байгаа нь нууц биш. 20 жилийн хугацаанд юу болов? Сүүлийн 3-4 жилийн хугацаанд үйл явдал эрчимтэй өрнөх нь өрнөсөн. Хуулийнхан тайлбар өгч, зарим нэр бүхий улстөрч байр сууриа илэрхийлдэг дүр зураг ерөнхийдөө ижилхэн. С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр нь түүнийг хүндэтгэн дурсаж, хөшөөнд нь цэцэг өргөх төдийхнөөр хязгаарлагдана. Өнөөдөр дахиад л тэр танил үйл явдлыг бид харах байх. Гэхдээ мартаж болохгүй, С.Зоригийн хэргийн эцсийн зангилаа тайлагдтал түүнийг дурсаж байх нь хэвлэлийн бидний үүрэг хэвээр байгаа.

Эл хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчилж, тэднийг хэрэгт буруутган ялласан явдал өнгөрсөн жилийн дуулиант сэдэв байсан нь үнэн. Үүнийг хэргийн илрүүлэлтэд гарсан ахиц гэх үү, барьц гэх үү ямар нэгэн байдлаар урагшилсан гэж дүгнэж болох юм. Гэхдээ асуулт, бас дахин асуулт энэ хэргийг ээрсэн хэвээр байгаа. Эргэн сануулахад, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхэд 2017 оны наймдугаар сарын 4-нд болж,  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт өмнөх шатны шүүхээс буруутгагдан, ял сонссон гурван хүнд оноосон ялын хэмжээг бууруулж, Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноосон. Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байсан юм. Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүний амь нас хөнөөсөн хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноох заалтыг үндэслэн ийнхүү эцсийн шийдвэрийг гаргасан гэж тайлбарладаг. 

 Б.БУЛГАН ИНГЭХЭД ХЭН БОЛЖ ТААРАВ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хугацаанд олон ч үйл явдал өрнөлөө. Хамгийн их сэжиглэгдсэн цор ганц амьд гэрч нь түүний хамтран амьдрагч Б.Булган байсаар ирсэн, байсаар ч байна. Б.Булган ингэхэд одоо чухам ХЭН БЭ?

С.Зориг агсны гэргий Б.Булган 20-иод жилийн хугацаанд нууцлаг, нам гүм амьдарч ирсэн. Түүнийг сэхээтэн гаралтай гэдэг. Аав Банзрагч нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн байсан гэдэг. Одоогийн ОХУ-ын Эрхүүд эдийн засгийн мэргэжил эзэмшсэн. Б.Булган ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийг дүүргэж, Анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсөн, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд мэргэжлээрээ 4-5 жил ажил­ласан. Энэ хугацаандаа С.Зоригтой танилцаж, гэр бүл болсноор зургаан жил хамт амьдарсан гэх түүхийг эргээд санахад илүүдэхгүй.

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн зургадугаар сард төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганыг сэжигтнээр татан байцаалт, мэдүүлэг авсныг санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг С.Зориг агсны үхэлд буруутгаж, өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа байцаалт, мэдүүлэг авсан. Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаараа ч мэдээлсэн билээ.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатаас тодруулахад "Тухайн үед С.Зориг агсныг хөнөөсөн эрүүгийн хэргийн Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан. Шалгагдаж байх хугацаанд эрүүгийн хэргээс захиалагчтай холбоотой хэргийг тусгаарлаж, дахин Ажлын хэсэг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийг би ахалдаггүй. Тиймээс би гүйцэтгэгч нартай холбоотой хэргийг мэднэ. Энэ хэргийг гүйцэтгэгч нар нь бусад баримтаар тогтоогдчихоод байхад Б.Булган хэргийг үйлдсэн нөхдүүдийг биш гэж мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ гэмт этгээд ямар хүн болохыг мэдэхгүй, үл мэдээлж байгаа нь энэ хэрэгт буруутай гэж яллагдагчаар татан шалгасан. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тиймээс Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг" гэх тайлбарыг өглөө.

Харин Тагнуулын ерөнхий газраас Б.Булганыг дахин яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Түүнийг С.Зориг агсны үхэлд буруутгаж, хамжигчаар оролцсон байх магадлалтай хэмээн үзэж, хэрэг бүртгэл нээжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Б.Булганыг гадуур байцааж байгаа гэх мэдээлэл байна. 

Хэргийн талаар өнгөрсөн хугацаанд ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ

Г.Бясман: Б.Булганд яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан

(Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор)

-ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг шалгах ажиллагааны явцад С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан. Одоогоор энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Б.Батжаргал: Мөрдөн байцаалтын явцад Б.Булган хэн ч болж болно

(Нийслэлийн прокурорын газрын Хэрэг  бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор)

-Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно.  Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт "Хэрэг гарсан өдөр; аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон.Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад: Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй, будаатай аяга олдсон".

Г.Эрдэнэбат: Б.Булганыг хамжигчаар шалгаад, хөөн хэлэлцэх хугацаа дуусч байсан 

(Улсын ерөнхий прокурорын орлогч С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын  хэсгийн ахлагч)

-С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганыг одоо  яллагдагчаар татсан. Анх гэрч, хамжигчаар тооцон шалгаад, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа  2015 онд дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тодорхой хэсгийг эцэслэн шалгаж дуусахаар юу болох нь вэ гэдэг нь чухал. Зарим хүн энэ хэрэгт ямар оролцоотой байсан бэ гэдэг нь хэргийг шалгах ажиллагаа дуусахаар эцэслэн шийдэгдэх байх.

Ц.Марууш: Б.Булган миний охиныг энэ хэрэгт хамаагүй гээсэй

(Ялтан Т.Чимгээгийн ээж)

-Булган алуурчдыг харсан цор ганц гэрч. Тэр хүн энэ хэргийг миний охиныг хийгээгүй, биш ээ гээд хэлээд өгөөсэй. Б.Булганаас эгч нь ингэж л хүсч байна. Би охинтойгоо уулзахаас үнэхээр халширч байгаа. Ээжээ, би энэ хэргийг хийгээгүй шүү дээ гээд уйлаад байдаг юм.

Л.Жавзмаа: Б.Булган миний хүүг алуурчин биш гэсэн байсан 

(Б.Содномдаржаагийн ээж)

-Би Б.Булганыг танихгүй, мэдэхгүй. Түүнтэй уулзаж байгаагүй. Ямар ч гэсэн тэр миний хүүг алуурчин биш л гэж хэлсэн юм билээ. Би ингэж сонссон. 

Малыш Б.Энхтүвшин: Хэрэг удаан ажиллагаа шаарддаг

-С.Зоригтой 23 дугаар сургуулийг хамт төгссөн, хамт ОХУ-д суралцсан. Хамт ажиллаж байсан. Хүний ойр дотны хүнээс л хэргийг хайдаг гаргалгаа байдаг. Тэр хавьцаа л хайна. Хэрэг илэрсэн гэж би олон жилийн өмнө хэлсэн. Намайг гүйцэтгэх ажиллагаан дээр суугаач гэж гуйсан. Надад шууд харагдсан. Эхнэртэй нь хэн ойрхон байв, тэндээс л эхэлнэ.

ХЭРГИЙН ТАЛААРХ ЗАРИМ ТООН МЭДЭЭЛЭЛ 

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө хөнөөлөө.

Хэргийг 18 жилийн дараа илрүүлснийг зарласан. Гэхдээ захиалагч илрээгүй.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял сонслоо.

Хохирогчоор тооцсон хүний тоо - 2

Хэргийн газарт орж, гарсан хүний тоо нийт - 74

Үүнээс цагдаа, прокурор, шинжээч - 17 хүн

УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз, нөхөд, намынх нь - 57 хүн 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбатыг хүлээж авахад 27 хавтаст хэрэг иржээ.

Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58  болсон.

Шүүх эцсийн шийдвэрээ гаргахад хавтаст хэргийн тоо 66 болсон.

Хэргийг шалгах явцад дөрвөн ажлын хэсгийн 32 ажилтан солигдсон.

Засгийн газар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргасан.

Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 71 хуудас бүхий материал нууцын зэрэглэлтэй үлдсэн.

С.Зоригийн  гэрт малгайгаа мартсан  Э.Бат-Үүлийг хоёр удаа сэжигтнээр татаж, байцаасан.

Хэрэгт татагдаж, яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ам зургийг таниулсан хүний тоо - 5

Үүнээс нь гурав нь шууд таньсан, нэг нь татгалзсан, нөгөө нь эргэлзсэн.

"Хэргийн тухай мэднэ, би үйлдсэн"  гэх зэрэг мэдээлэл өгсөн 41 хүнийг шалгасан байдаг.

Хэргийг "Би үйлдсэн" гэж 7-8 хүн хэлж байсан. Шалгалтын явцад нотлогдоогүй.

 

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top