УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.01/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр УИХ-д хүргүүллээ. Дараагийн сайдын нэр яригдсан уу?
-Ж.Бат-Эрдэнэ сайд улс төрийн хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ тохиолдолд бид хүсэлтийг нь ёсоор болгох ёстой. Цэвэр улс төрийн хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Харин МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Хэнийг томилох эсэхээ шийднэ гэсэн үг.
-Дотроосоо томилох уу, гаднаас томилох уу?
-Эндээс тэднээс гэдэг зүйлийг яриагүй. Мэдээж МАН-ын Удирдах зөвлөл шийднэ.
-Таныг сайд болно гэх яриа байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Би сайд болохгүй.
-Улсын Дээд шүүх саяхан "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авсан үйл явцыг хууль зөрчсөн гэж үзсэн. Үүнд УИХ дахь МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Шүүхийн шийдвэрт бүлэг ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Монгол Улс хараат бус шүүхийн тогтолцоотой. Шүүх ямар шийдвэр гарна бүх нийтээрээ дагаж биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг судалж, хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ анхаарч ажиллах ёстой байх гэж бодож байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )