МАН-ын Удирдах зөвлөлөөс ШИНЭ САЙДЫН нэр тодорно

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Энэ хэрэгт салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ улс төрийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлтээ өгөөд байгаа юм.

Түүний хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, Г.Занданшатар сайд өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан билээ. 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Ж.Бат-Эрдэнийн орыг залгах шинэ сайдад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдгийг ярилцаагүй гэдгийг бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлсэн.

Учир нь, дээрх асуудлыг эхлээд эрх баригч намынхан Удирдах зөвлөлийнхөө хурлаар хэлэлцэх ёстой. Улмаар тэрхүү хурлаараа хэнийг Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээ тодорхой болгоно.

Дараа нь намын бүлгийн хурлаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуультай. Хамгийн сүүлд УИХ-д оруулж ирж, шинэ сайдыг томилох юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдахаар болжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top