Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан бланс, тулгамдаж байгаа асуудлын талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.02/ хуралдааны үеэр мэдээлэл хийв. Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд, 2018 оны цаг агаар тав, зургадугаар сард гандуу, долдугаар сараас хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг дурдав.
Түүнчлэн Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан нь тариаланчдыг дэмжсэн томоохон ажил болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70 хувь хангах зорилт тавьсан. Энэ жил 497,2 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан блансаар 425.8 мянган га-д үр тариа, 158 мянган га-д төмс, 95 мянган га-д хүнсний ногоо, 86,3 мянган га-д малын тэжээл тариалсан. Аравдугаар сарын 1-ний байдлаар ургац хураалт үр тариа 21.1, төмс, хүнсний ногоо 81 хувьтай байна гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрвэл импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого, ургацаа нөөцлөх зоорийн асуудлыг шийдсэн эсэх, тариалангийн салбарын техникийн шинэчлэлд явуулсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариултдаа, Польш Улсын Засгийн газраас авахаар болсон 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 10 сая ам.долларыг хүнсний ногооны зоорь барихад зарцуулахаар болсон. Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гурван зоорь барьж, монголчуудаа жилийн дөрвөн улирлын турш хүнс, гурилаар хангахыг зорьж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх эсэх асуудал хязгаарлагдмал байдаг. Гэвч салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр, энэ жил гэхэд ОХУ-ын 10 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийсэн. Цаашид техник технологийн шинэчлэл хийхийн зэрэгцээ тэдгээр техникийг засах засварын төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүнс, хөдөө ахуйн салбар төрийн дэмжлэггүй бол хөгждөггүй салбар гэдгийг онцолмоор байна гэв.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
tonuulchin gazariin hulgaich tonil