Сүүлийн үед Монголчууд газраа харийнханд худалдсан тухай сэтгэл сэрдхийм мэдээллүүд цацагдах боллоо. Үүнийг сонссон эх орончдын цөс хөөрч сүйд болох нь ээ. Дорнод аймгийн Халх голын ай саваас манай дарга нар 30 мянган га газар Солонгост зарсан нь үнэн бололтой. Дэлхий нийтийн зарим хэвлэлүүд 170 мянган га газраа Монголчууд зарсан тухай ч мэдээллээ. Энэ нь батлагдаагүй. Харин манай эрхмүүд 30 мянган га газрын арилжаандаа няцаалт өгсөнгүй. Үүнээс үзвэл зарсан нь тодорхой болов уу. Өмнөд Солонгос, Хойд Солонгос хоёр хоёулаа одоо хүнсний хомсдолд орчихоод байгаа гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бак албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “Манай улс болон дэлхий нийт цаг агаарын өөрчлөлтөөс болоод хүнсний дутагдалд орж байна. Тиймээс хоол хүнсний өөр эх сурвалж олж авах бодлого чухал байна” гэжээ. Түүний энэхүү мэдэгдлийн дараагаар Солонгос-Монголын Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн Санаачлага байгууллагын тэргүүн Ким Хак Су “Хоол хүнс олох нь үндэсний аюулгүй байдлын асуудал боллоо” гэв. Хойд Солонгосчууд хоол хүнс дутагдаж байгаагаа тэр болгон зарладаггүй. Гэхдээ тэнд хэдэн жилийн өмнөөс хүмүүс нь тураалтай аж төрж байгааг дэлхий нийтээрээ мэднэ. Хоёр Солонгост одоо 80 гаруй сая хүн амьдарч байгаа. Энэ хоёр оронд улаан буудай, шош, эрдэнэ шишийн үнэ өссөөр байна. Өмнөд Солонгосчуудын худалдан авсан гэх тэрхүү газар нь Халх гол сумаас ердөө 10 км зайтай. Тэнд газар тариалан, мал аж ахуй эрхлэх юм байна. “KOICA” хэмээх олон улсын байгууллагаас энд мастер төлөвлөгөө боловсруулан монголчуудтай хамтран ажиллахаар болжээ. Мэргэжлийн өндөр түвшинд загвар аж ахуй байгуулна гэж байгаа нь бидэнд ашигтай л байх. Дэлхийд тэргүүлэх чиглэлийн шинэ технологийг монголчууд гартаа хийгээд авна. Үйлдвэрлэлийн үр шимийг нь хүртэнэ. Солонгосчууд харин илүү гарсан бүтээгдэхүүнээ Зүүн Хойд Азийн зах зээлд гаргахаар ярьж байгаа гэнэ. Солонгосынхоо хүн амыг ч хүнсээр хангахад тус нэмэр оруулах нь дамжиггүй. Эхний ээлжинд 200 га газарт нь загвар аж ахуйнуудаа байгуулан ирэх оноос бүтээгдэхүүнээ авч эхлэхээр шахуу ажиллах ажээ. Харин ганц л зүйл одоогоор ойлгомжгүй үлдэж байна. Юув гэвэл Монголчууд тэгээд энэ газраа хэдэн төгрөгөөөр үнэлж байгаа хэрэг вэ. Түрээсийнх үү, бүрмөсөн өмчлүүлсэн газар уу. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол гадаадын иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлнэ гэсэн л заалттай. Хэрвээ өмчлүүлсэн бол яана аа. Мөнгөнд дуртай дарга нар ингэж мунагтаж байж мэднэ шүү дээ. Тэгвэл Оюу толгойн алданги ихтэй гэрээнээс долоон дор юм болох байх даа.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Арай зараагүй байлгүй дээ.Өөрийгөө боддоггүй юм аа гэхэд үр хүүхдүүдээ бодох хэрэгтэй биз дээ дарга нараа