ХАНШ тойрсон ЗУРГААН байр суурь БҮТЭЦ нэхэв

2018 оны 10 сарын 05

Валютын ханшийн өсөлтийн шалтгаан, цаашид хязгаарлах ямар боломжууд байна вэ? гэдэг асуудлаар эдийн засгийн салбарын төлөөллүүд хэлэлцлээ. Ам.долларын өсөлт төгрөгийн үнэ цэнийг унагаж, улмаар эдийн засагт дарамт үзүүлэхийн эсрэг урт хугацаанд шийдвэрлэх хамгийн гол асуудал бол ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ гэдэгтэй хэлэлцүүлэгт ирсэн төлөөллүүд санал нэгдэж байсныг тодотгоё.

Мэргэшсэн судлаачид болоод эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан:
Ханшийг өдөөх, хэт өндөр зардалтай ТӨСӨВ орж ирсэн



-Ханш өсөхөөр валютын нөөцийг удирдаж байгаа гэдэг утгаар нь Монголбанктай шууд холбож хараад байдаг. Би хувьдаа валютын ханшийн хариуцлагыг Монголбанк, Засгийн газар хамтдаа хүлээх ёстой гэж  ойлгодог. Валютын ханшийн өсөлт нь  макро эдийн засгийн суурь шалтгаантай холбоотой.  Магадгүй, энэ хэлэлцүүлэгт Засгийн газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газраас хүн байсан бол илүү олон хариултыг бид авна. Учир нь бидний өнөөдрийн валютын ханшийн нөхцөл байдал экспортыг дэмжсэн, импортыг орлосон, эдийн засгийн солонгорсон бүтэцтэй болох хэрэгтэй гэх бидний олон жил ярьсан сэдэвтэй холбоотой. Экспортыг дэмжиж, олон салбаруудаа хөгжүүлж чадсан бол орж ирэх байсан олон зуун сая ам.доллар нь УИХ, Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой. Ханш өсч байгаа нь буруу ч, хоёр субьектийг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд ханш өсч байгаа өөр нэг суурь шалтгаан  байна. Тогтолцооны хувьд бид гажуудалтай байгаа юм байна. Бүтэц сайжраагүй байна. 2012 оноос хойш бид маш их өртэй болсон. Төсөв рүү орж ирж байгаа ихэнх мөнгө дотоод болон гадаад өрийг дарахад чиглэж байна. Засгийн газар энэ жил 5 их наяд гаруй төгрөгийн өр төлсөн гэж мэдэгдэж байна. Тэгэхээр энэ бас нөлөөлж байна. Нөгөө талаасаа эдийн засаг идэвхжиж байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдийн засаг 6 улирал дарааллаад өсчихсөн байгаа учраас эдийн засгийн бага зэргийн халалт явагдаж байна. Ам.долларын эрэлт нэмэгдэж байна. Үүнийг гүйцэх тогтолцоо байхгүй байдаг. Ам.долларын орох гарах урсгалын тэнцвэртэй системийг бий болгож чадаагүй. Урт хугацаандаа эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах нь л валютын ханшийн дарамтад орохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Миний хувьд Монголбанкны Мөнгөний бодлогын хороог  Бодлогын хүүг өсгөх болов уу гэж таамаглаж байсан. Гэтэл өсгөсөнгүй. Ханшийн өсөлтийг Бодлогын хүүг өсгөх замаар шийдэж болно. Хоёрдугаарт, Монголбанкны зүгээс бол валютын интервенцээр шийдэж болно. Харамсалтай нь, валютын нөөц 3 тэрбум гэдэг нь өнөөдрийн бидний байгаа байдал ирээдүйд гарч болзошгүй эрсдэлтэй харьцуулахад хангалттай түвшин биш. Тэгэхээр интервенцийн аргаар удаан барих  боломжгүй. Нөгөө талаас Засгийн газрын үйл хөдлөлийг бид ажиглах ёстой. Тодорхой арга хэмжээнүүдийг авах ёстой. Гэтэл хүлээгдэж байгаа төсөв долларын ханшийг барих тал руугаа биш,  ханшийг өдөөх хэт өндөр зардалтай орж ирсэн. Энэ нь цаашид ам.долларын ханшид сөргөөр нөлөөлж болзошгүй.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ:
Манай улс долларын колони болсон


-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 29 дэх жилдээ явж байна. Энэ 29 жил төр засгаас долларын ханшийг тогтвортой байлгах тал дээр дорвитой бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй явсаар  өдийг хүрсэн. Манай улс бүх л бараа бүтээгдэхүүнээ  импортоор авдаг.  Дотооддоо өөрсдөө хийж чаддаг ч юм бага. Гадагшаагаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг нь ч бага. Тиймээс манай улс  ам.долларын хараат колони болсон улс ч гэж болно. Нэг ам.долларын эсрэг төгрөг хэд байх вэ гэдгийг төр засаг, төв банк анхааралдаа авч, хяналт тавьж, зохицуулалт хийж чаддаг байх ёстой. Социализмын үед 1 ам.доллар 2 төгрөг 99 мөнгө л байсан. Чөлөөт зах зээлд ороод л өнөөдөр 2576 хүрчихсэн байна. Импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнээ дотооддоо хийдэг болох хэрэгтэй. Хүнд аж үйлдвэр, бусад аж үйлдвэрийн салбараа 29 жилд хөгжүүлж чадсангүй. Аль ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын үед үүнийг цэгцтэй бодлого болгоод, амьдралд буулгаагүй. Үндсэндээ  6 хүнд аж үйлдвэрийг барьчих юм бол Монгол Улс ам.долларын тэнцвэрийг барина, хянаж чадна. Валютын нөөцөө хангалттай барьж чадна. Цахилгаан станцаа барьж, эрчим хүчний хараат байдлаасаа салах хэрэгтэй. Эрчим хүч авч байгаа мөнгөө дотооддоо шингээх хэрэгтэй. Бензин түлшээ өөрсдөө хийх хэрэгтэй. Тэгвэл арай гэж цуглуулсан валютын нөөцийн 30-40 хувийг тухайн жилийн түүхий эдийн олборлолтоосоо болоод бензин масло тос худалдаж авахад зарцуулж байна.

Мөн түүхий эд нь байгаа учраас шил шилэн бүтээгдэхүүний үйлдвэр, зэсийн үйлдвэр, төмрийн үйлдвэр, экспортын төмөр замыг байгуулах хэрэгтэй. Нэн тэргүүнд энэ зургаан аж үйлдвэрийг аль ч намын засаг төр төрийн эрх барьж байхдаа шат дараатай хэрэгжүүлчих юм бол  бид валютын нөөцөө тэнцвэржүүлж чадна. Ингэсэн цагт манайх шиг эдийн засгийн багтаамж нь бага, потенциал ихтэй  улс  ам.долларын ханшийн эрсдэлд өртөхгүй ээ.

Хаан банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Т.Ууганбаяр:
Сүүлийн хоёр сарын хугацаанд валютын эрэлт эрс нэмэгдсэн

-Сүүлийн үед гарч буй валютын ханшийн өсөлт  гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс хамаарч байна. Төгрөгийн ханш манайд унаад зогсохгүй, дэлхийн зах зээл дээр бусад валютуудын ханш ам.долларын эсрэг унаж байгаа. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч, юанийн эсрэг тогтвортой байна. Рублийн ханштай харьцуулбал манай төгрөгийн ханш ойролцоогоор 6 хувиар өссөн байна. Улс болгон валютын өөрсдийнхөө бодлогыг боловсруулаад, гадаад худалдаа, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж, валютын ханш тогтдог. Сүүлийн үед ам.долларын ханшийн өсөлтийн гол шалтгаан бол АНУ-ын эдийн засгийн өсөлт сайн байгаатай холбоотой. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсад  ажилгүйдлийн түвшин түүхэн доод хэмжээ буюу 3.8 хувьд байна. Инфляци нь өсч байгаа учраас бодлогын хүүгээ шат дарааллаж өсгөж байна. АНУ-ын эдийн засаг сайн байгаа учраас хөрөнгийн урсгал АНУ- руу шилжээд ам.долларын эрэлтийг нэмэгдүүлж байгаа хандлага байна. Тийм учраас  ам.доллар юаны эсрэг 5 хувиар, рублийн эсрэг 13 хувиар өсчээ. Энэ бол гадаад хүчин зүйл.


Дотоодын нөхцөл байдалд  өдөр тутмын арилжаагаар харах юм бол сүүлийн 2 сарын хугацаанд валютын эрэлт эрс нэмэгдсэн. Хэд хэдэн шалтгаантай гэж харж байна. Энэ оны эхний хагас жилд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж,  зээлийн хэмжээ 15-20 хувиар өссөн. Зээлийн өсөлттэй холбоотой гадаадаас бараа импортлох хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол экспорт 500 сая доллараар нэмэгдсэн. Гадаад худалдаан дээр экспортлосноосоо өндөр дүнгээр импортолж байгаа. Энэ нь эргээд банкин дээр ямар зүйлээр ажиглагдаж байгаа вэ гэхээр импортын бараа бүтээгдэхүүн авдаг аж ахуй нэгжүүдийн ам.долларын эрэлт өсч байгаа юм. Нефтийн импортын өсөлттэй холбоотойгоор ам.долларын худалдан авалт нэмэгдэж байна. Бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт ч бас нэмэгдэж байгаа. Валютын ханш нийлүүлэлтээсээ илүү эрэлттэй байгаа учраас ханш өсч байна. ХААН  банкны хувьд валютын төлбөрийн чадвар өндөр байгаа. Валютын зээлээ харилцагч нартаа олгоод явж байгаа.

Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжин:
Монголбанкинд ханш тогтворжуулахад шаардлагатай нөөц бий


-Төгрөгийн ханш он гарснаас хойш 5 гаруй хувиар, есдүгээр сар гарснаас хойш 3 гаруй хувиар ам.долларын эсрэг суларчихаад байгаа. Суурь хүчин зүйлүүд нөлөөлж байна. Урт хугацаандаа шийдвэрлэх шаардлагатай, эдийн засгийн бүтэц төрөлжүүлэх гэхчлэн асуудлууд байна. Гадаад орчны нөлөөллийг энд ирсэн хүмүүс бас ярьж байна. Ам.долларын хүү өсөх, үүнээс болоод ханш чангарах үзэгдэл дэлхий даяар явагдаж байна. Дэлхийн 170 гаруй орны 142 орны орны мөнгөн тэмдэгт он гарсаар ам.долларын эсрэг суларчихаад байна.

Төгрөг ам.долларын эсрэг 5 гаруй хувиар суларсан гэдэг нь манай эдийн засгийн нөхцөл байдалд үзэхэд тийм муу үзүүлэлт бас биш. Гэхдээ Монголбанкны зүгээс есдүгээр  сар гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан явдал нь эдийн засгийн суурь нөхцөлтэй  нийцэхгүй, хэт савлагаа үүссэн  хөдөлгөөн боллоо гэж үзэж байгаа. Монголбанкны хувьд энэхүү хөдөлгөөнийг цаашид тогтворжуулах, цаашид ийм явдал гаргахгүй байхад шаардлагатай валютын нөөц бий. Монголбанкинд есдүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын нөөц байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн шатны үнэлгээ аравдугаар сарын 30-ны өдөр ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн  хурлаар хэлэлцэгдэж батлагдах хүлээлттэй байгаа. Энэ үнэлгээ батлагдсанаар хөтөлбөрийн хүрээнд тохирсон санхүүжилтүүд хийгдэж эхэлнэ. Монголбанкнаас тооцож байгаагаар 750 орчим сая ам.долларын санхүүжилтүүд хийгдээд эхэлнэ. Сая Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалтай холбоотойгоор МСС-ийн хоёр дахь шатны компакт гэрээ зурагдсан. Энэ хүрээнд 350 сая ам.доллар орж ирнэ. Тэгэхээр Засгийн газрын түвшинд гаднаас орж ирэх зээл тусламжийн  санхүүжилтийн хэмжээ зөвхөн сая хэлсэн 2 хөтөлбөрийн хүрээнд 1 тэрбум ам.доллар орж ирэхээр хүлээгдэж байна. Манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй таатай хэвээр байгаа. Сүүлийн өдрүүдэд зэсийн ханш эргэж сэргэх хандлага ажиглагдаж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун:
Ханшийн савлагаанаас хамгаалах аргуудыг хэрэглээч ээ


-Манай эдийн засаг улирлын шинж чанартай. Үүнийг дагаад валютын ханшид өөрчлөлт ордог. Сүүлийн 10 жилд хийгдсэн судалгаанаас үзэхэд валютын ханш арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард өсдөг. Хоёрдугаар сард хамгийн өндөр цэгтээ өсч байсан. Валютын ханшийн өөрчлөлт эдийн засгаа дагаад мөчлөгтэй байдаг  нь судалгаагаар гарч ирсэн. Бидний судалгаагаар бол ес, аравдугаар сард валютын ханш огцом савлагаагүй явдаг байсан. Энэ удаа яагаад ингэж өөрчлөгдөв өө гэдэг асуудал гарч байна. Валютын ханш хэлбэлзэлтэй байж амьд байдаг. Эдийн засгийн индикатор болдог. Валютын ханшийн эрэлт их байх юм бол ханш нь өсдөг гэх  онолыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр энэ удаа валютын ханшийн өөрчлөлт юунаас болов гэхээр олон шалтгаантай гэж энд хүмүүс ярьж байна. Миний зүгээс нэмж ярих нэг зүйл бол манайх хүлээлтийн инфляци гэдэг зүйлд ордог орон. Эрэлт бодитой  өсөөд нийлүүлэлт  бага байхад биш. Эрэлт өсөх нь ээ гэдэг хүлээлтийн  утгаар манайд валютын ханшийн эрэлт өсөөд ханшиндаа нөлөөлчихдөг. Ийм үзэгдэл  түгээмэл гардаг. Энэ өсөлтийг хүлээлтийн инфляци талдаа гэж ойлгож байгаа. Ер нь Монголчуудын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалдаг нэг арга нь  төгрөгөө ам.доллар руу шилжүүлээд,  ам.долларын  зохиомол эрэлтийг бий болгоод, ханш нь өсчихдөг.

Ам.долларын ханш ийм савлагаатай байдгийг мэдэх юм чинь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээнүүдийг авч байх хэрэгтэй. Монголбанк ханшийг яах бол гээд хараад суухаасаа илүү хамгаалах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Жишээлбэл, олон улсын худалдааны харилцаан дээр эрсдэл бууруулдаг Арбитрын хэлцлүүдийг аж ахуйн нэгжүүд ашигладаг баймаар байна. Арилжааны банкууд ам.долларын эрсдэлээс хамгаалсан хэлцлүүд сайн хийж байгаач ээ. Тэрийг нь манай аж ахуй нэгжүүд авч байгаач ээ гэсэн зөвлөмж өгмөөр санагдаж байна.

Голомт банкны Эдийн засгийн ахлах шинжээч Г.Ганзориг:
Ам.долларын хиймэл эрэлтийг үүсгэдэг


-Манай эдийн засаг ам.долларын гарах урсгалтай болчихсон.  Дээрээс нь улирлын нөлөөлөл байна. Мөн ханшид нөлөөлдөг зүйл бол хүлээлт. Энэ яалт ч үгүй нөлөөлдөг. Хүмүүс валютын ханш өснө гээд бодчихоор аваад дарчих юмсан, долларын хадгаламж хийчих юмсан гэх хандлагатай болчихдог. Ам.долларын ханш өсдөг юм чинь гэсэн үүднээс ам.долларын хиймэл эрэлтийг үүсгэдэг хандлага гарч ирж байгаа. Бас нэг хүчин зүйлийг түрүүн ХААН банкны зүгээс хэлж байна лээ.  Яах аргагүй олон улсын нөлөө гарч ирж байна. Д.Трамп гэж Ерөнхийлөгч нь гарч ирээд АНУ-ын эдийн засаг 2014 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлчихлээ гэж ярьж байна. Энэ байдал нь эргээд ам.долларын эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Ингээд ярьвал 4-5 шалтгаан хэлж болж байна. Шалтгаан хэлэх нэг асуудал. Шийдэл байна уу гэдэг чухал асуудал. Миний харж байгаагаар богино хугацааны шийдэл үнэндээ байхгүй болов уу гэж бодож байна. Валют нэг тийшээ хөдөлдөг. Байж байгаад л нэг ийм хэлэлцүүлэг болно, ам.доллар ярина. Манай бүтэц өөрөө асуудалтай. Дандаа худалдаан дээр суурилчихсан.

Төв банкин дээр ам.доллар хэвтээд байгаа юм шиг, тэрийг нь гаргахгүй байгаа юм шиг харж, ярих нь зөв биш байх. Төв банк валютын нөөцөө  2.9 тэрбум гэж тайлбарлаж байна. Хэрвээ Хятадын төв банкны своп хэлцлийг  хасаад тооцвол, хөтөлбөрийн хүрээнд орж ирээд гарч байгаа мөнгийг хасаад тооцвол цэвэр нөөц нь зохистой түвшнээс бага болно.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suih(64.119.27.129) 2018 оны 10 сарын 05

SUUT UGNUUD ZOHION BUTEEGCHDED NOLOOLNO

0  |  0
Тожоо(66.181.190.128) 2018 оны 10 сарын 05

Доллорын ханшийг буулгах хүсвэл амархан байнаа.доллорын хадгаламжийн хүүг ердөө л 1 % болго! Интервенц ч тус болохгүй .хүмүүс төгрөг хадгалах ашигтай болонгуут доллороо зарж эхлэнэ..бас болоогүй түүний дараа жаахан нэмнэ гэх маягаар шүү.Надаас доор банкирууд байх уу ккк

0  |  0
Top