УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж "унтаа" байсан улс төрийг сэрээсэн долоо хоног шувтарч байна. Энэ ч үүднээс өнгөрч буй долоо хоногт улс төрийн үйл явдал өрнүүн байлаа. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн ОНЦЛОХ ДОЛООН үйл явдлыг нэхэн сануулж байна.
1.УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцсон. Харин 70 гишүүн хүрэлцэн ирсэн юм. Учир нь, гурван гишүүн гадаадад томилолттой явсан тул чуулганы нээлтэдээ оролцож чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Саранчимэг, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар томилолтоор явж таарчээ. УИХ-ын гишүүн Л.Болд чөлөө авсан бол Б.Баттөмөр эмнэлгийн чөлөөтэй байжээ. Харин бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын оронд хэнтийчүүдийг төлөөлөх парламентын дараагийн гишүүнийг сонгох нөхөн сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГ ЖИЛ
Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас Ерөнхий сайдын суудалд дэвшсэн У.Хүрэлсүх ажлаа хүлээж авснаас хойш бүтэн жил өнгөрчээ. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 4-нд Засгийн газрын тэргүүнээр томилогдож, танхимаа бүрдүүлж эхэлсэн байдаг. У.Хүрэлсүхийн удирдсан өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Н.Цэрэнбат, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Н.Энхболд, Х.Баделхан, Ц.Цогзолмаа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Б.Батзориг, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нар багтсан нь өнгөрсөн жилийн хугацаанд сайн, муу шүүмжлэл аль, алийг нь дагуулжээ.
3. Ж.БАТ-ЭРДЭНЭ САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг гишүүдийн 90.8 хувийн саналаар үүрэгт албан тушаалаас нь чөлөөллөө. Тэрбээр Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгт холбогдуулан улс төрийн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Маш харамсалтай хэрэг гарчихаад байхад сайдын үүрэгт ажлаа хийсээр байна гэдэг ёс зүйгүй хэрэг л дээ. Хүн талаасаа ямар ч ажиллах бололцоо байгаагүй. Ажлаа өгсөн явдалдаа бодож санаад байх зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
4. ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР Я.СОДБААТАРЫГ ТОМИЛЛОО
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 90.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Тэрбээр сайдаар томилогдсоныхоо дараахан хэвлэлд "Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан асуудалтай холбогдуулж Засгийн газар, УИХ-аас тодорхой шийдвэр гаргалаа. Энэ дагуу яамны зарим газрын дарга нарт хариуцлага тооцсон. Улмаар зарим орон тоонд үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж байна. Энэ бүх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ гэж бодож байна. Халаа, сэлгээ хийхээс илүү мэргэжлийн хүмүүсийг байх ёстой газар нь байлгаж, ажиллуулна. Хариуцлага, сахилга бат эзэнтэй байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
5. ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ЦЭЦИЙН ДҮГНЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ. Ингэснээр Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. УИХ-аас нөхөн сонгуулийг энэ сарын 7-нд зохион байгуулахаар товлосон ч Үндсэн хуулийн Цэц хуралдаж, УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Тэгвэл энэ долоо хоногт улс төрийн нам, эвсэл болон холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан юм.
6. АН-ЫН БҮЛЭГ ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Гэсэн ч дээрх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
7. С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амиа алдсан өдөр энэ долоо хоногт тохиолоо. Уламжлал ёсоор АН-ын дарга нар талийгаач С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )