Чишш! Рок попынхон унтаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 

 

Урлагийнхан нам жимхэн байх боллоо. Тэр дундаа рок попынхон маань сүүлийн үед нэг л "унтаа" байдалд орж шинэ уран бүтээлийг тэсэн ядан  хүлээдэг  фэнүүд нь байтугай FM-ийн хөтлөгч хүртэл юу ч хийхгүй байгааг нь олонд зарлах болов. Уран бүтээлийн тайлан тоглолт хийхэд мөнгө санхүүгээс эхлээд ар араасаа ундарсан бөөн ажилд дарагдахын оронд урилга, заллагаар "халаас"-ны цөөн дуугаа дуулчихаад хэдэн төгрөг "цохих" нь тэдэнд амар бололтой. Гавьяат жүжигчин Т.Ариунаа  С.Жавхлантай дөрөө харшуулан илтгэх урлагт хүч үзэж явна. Гавьяат жүжигчин Н.Дашдондог кино урлагт "урвасан". Хятадын уран бүтээлчидтэй хамтран 21 ангит "Тэнгэрийн салхи" кино, Өвөрмонголын алдарт уртын дуучин Лхажавын тухай "Өвгөн шувуу" киноны гол дүрийг бүтээсэн. Түүний сүүлд тоглосон "Хүний хүүхэд" уран сайхны кино өдгөө кино театруудад гарч буй. Эдгээр киноны дүрээс илүү түүний тайзнаа дуулсан тэр л агшнууд хөгжимд хайртай хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүү хоногшсон байлтай. Цаашилбал, "Камертон"-ы Эба газар тариалан эрхлээд, дуучин Сэрчмаа төрхөмдөө буцаж ирээд  сургууль байгуулахаар завгүй гээд дурдвал багагүй жагсаалт хөвөрнө. Тоглолтын тайз эзэгнэж, нэгэндээ уран бүтээл хийх цагаан атаа төрүүлж хурцалдаг асан өрсөлдөөнтэй цаг үе тэдний хувьд хэдийнэ ард хоцорч зөвхөн "билээ" хэмээн ярих болсныг нуух юун. Шинээр уран бүтээл хийхгүй үзэгчдийн сэтгэлд бус, өөрсдийн халаасыг дүүргэх бизнес болгоод байвал  удахгүй мартагдана гэдгийг эрх биш мэдэж л баймаар юм даа.


   Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top