Төсвийн орлогыг бүрдүүлэгч сувгуудаа өргөжүүлэхийн тулд үндэсний онцлогтой салбаруудаа урагшлуулах ёстой. Тэрдундаа ноос ноолуурын салбарыг хөгжүүлье гэвэл түүхий эдийнхээ 90 хувийг Хятад руу урсгадаг байдлаа зогсоох хэрэгтэй байгаа юм. Уг нь манайд Хөдөө аж ахуйн бирж гэж бий. Гэхдээ энэ бирж түүхий ноос ноолуурын дотоод дахь нийлүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж чадахгүй байна. Бид гадны улс орнуудын туршлагад анхаарал хандуулах дуртай. Тэгвэл Австралийн ноосны биржийн тухай цухас дурдая.
Австрали Улс зөвхөн нүүрсээрээ дэлхийд тэргүүлээд байдаг юм биш. Дэлхийн 1 тэрбум хонины 120 сая нь тэнд бий. Энэ бол Хятадын дараа бичигдэх тоо. Тэгвэл манай улс 20 сая хоньтой.
Нөөц боломжоо зөв удирдаж буй туршлагыг Австралиас бид бэлхнээ харж болж байна. Австралийн ноосны бирж /AWEX/ нь 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Австралийн ноос үйлдвэрлэлийн салбар нь уг биржээрээ дамжуулан Засгийн газраас ангид өөрийн зохицуулалттай маркетингийн орчинд үйл ажиллагаа явуулдаг аж. Тус улсын нийт ноосны арилжааны 95 хувь нь тус биржийн гишүүнчлэлтэй брокер, экспортлогч, гэрээт худалдан авагч, боловсруулах үйлдвэрүүд болон бусад холбоо, аж ахуй нэгжээр дамжин арилжаалагддаг.
Австралийн ноосны бирж нь Төлөөлөн удирдах хоёр хороотой, олон улсын хэрэглэгчийн стандартыг хангасан стандарттай бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн ноосны 85 хувь нь нээлттэй дуудлага худалдаагаар дамжуулан арилжаалагддаг аж.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )