“Саарал жагсаалт”-ын гадаа үлдээх ТАЙЛАН ирэх оны нэгдүгээр сард бэлэн болно

2018 оны 10 сарын 08

Манай улсын эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй хэд хэдэн хүчин зүйлийг Дэлхийн банк тооцсоны  дотор ФАТФ  буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын  “саарал жагсаалт”-тай холбоотой сэдэв багтаж буй. Тэгвэл манай улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэлдээ ямаршуухан ахиц дэвшил гаргаад байна вэ гэдэг тайлангаа эхний байдлаар 2019 оны  нэгдүгээр сарын 30-ны дотор Ази, Номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-д хүргүүлэх үүргийг хүлээгээд буй юм байна.

Сануулахад, 2017 оны  долдугаар сард Шри-Ланка Улсын Коломбо хотноо хуралдсан АНДББ-ын жилийн чуулганы үеэр Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж “эрчимтэй хяналтад” оруулах шийдвэр гаргаж, 2018 оны аравдугаар сар хүртэл хугацаат үүрэг өгсөн. Тэр үүргийг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Монгол Улсыг эрчимтэй хяналтаас ФАТФ-ын “саарал жагсаалт”-д шилжүүлж болзошгүйг анхааруулаад байсан билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль болон дагалдах хуулиудын нэмэлт, өөрчлөлтүүдийг баталсан. Энэ нь  Монгол Улсын МУТСТ тогтолцоог ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг эрсдэлд суурилан гүйцэтгэх, хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг олон улсын стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгахад чухал алхам болсон гэж Төв банк үзэж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top